“Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 34 секунд

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг даргалж явуулав.

Хэлэлцүүлгийн эхэнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Агаар, орчны бохирдолд зарцуулсан төсвийн сүүлийн 15 жилийн тойм” сэдвээр илтгэл тавилаа.

Засгийн газраас 2018 оноос эхлэн улсын төсвийн бодлогод агаарын бохирдол гэсэн тусгай арга хэмжээг үүсгэн хөрөнгө төсөвлөх болсныг илтгэгч онцлоод Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр /2018-2025 он/, Монгол Улсын Засгийн газрын “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны 98 дугаар тогтоолын хүрээнд /2018-2024 он/ улсын төсвөөс нийт 336.1 тэрбум төгрөг төсөвлөж, үүнээс 276.3 тэрбум төгрөгийг зарцуулж, гүйцэтгэл нь 82.2 хувьтай байна. Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардал 243.6 төгрөгийн санхүүжилт олгосон байна гэв.

Тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээс өмнө Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Цэвэр агаар санг байгуулсан. Энэ хүрээнд жилдээ 5-30 тэрбум хүртлэх төгрөгийг зарцуулж ирснийг онцоллоо. Энэ хүрээнд агаар, хөрсний бохирдлыг бууруулах, судалгаа шинжилгээ хийх, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа дүгнэлт, агаарын бохирдлыг бууруулах, түүнийг ашиглах мастер төлөвлөгөө боловсруулах, цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэл гэх мэт арга хэмжээ авч хэрэгжүүлж, нийт 119 тэрбум төгрөг зарцуулсныг илтгэлд дурдсан байлаа.

Дараа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ салбарын яамны хууль эрхзүйн орчин, агаарын бохирдлыг бууруулах талаар хийсэн төсөл, арга хэмжээнд зарцуулсан төсөв, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Тухайлбал, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийг 1997 онд баталж, ус, цаг агаар, байгаль орчны төлөв байдалд байнгын хяналт шинжилгээ хийх, бодит болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн болзошгүй гамшгийн эрсдлээс сэрэмжлүүлэх асуудлыг зохицуулсан. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2011 онд баталж, агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож эрчим хүчний үнийг урамшуулал хэлбэрээр хөнгөлөх, гэр хорооллын айл өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх, гэр хорооллын айл өрхийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах барилга, орон сууц барих нөхцөл бүрдүүлэхээр тусгасан.Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2010 онд баталж, хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг тоолох, бүртгэх, аливаа бохирдуулах бодисын хамгийн их агууламж нь агаарын чанарын стандартаас хэтэрсэн тохиолдолд тавих хяналтыг тодорхой болгох асуудлыг зохицуулсан. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 2012 онд анх батлагдаж, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаар бохирдуулах үйл ажиллагаанд төлбөр ногдуулах, төлөх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан гэв.

А.Амартүвшин: Газын холболт хийгдэх айлуудыг давхар дулаална
А.Амартүвшин: Газын холболт хийгдэх айлуудыг давхар дулаална
 
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Улаанбаатарт -14 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!