УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд суулт хийж байгаатай холбогдуулан мэдээлэл авлаа. АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс суултаа үргэлжлүүлэх хэвээр бөгөөд дараагийн арга хэмжээ буюу өлсгөлөн зарлах талаар ярилцаж байгаагаа илэрхийллээ. Суултад оролцож буй УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй ярилцаж нөхцөл байдлыг тодрууллаа.
-Суултад биеэр оролцож буй эмэгтэй хүний хувьд нөхцөл байдал ямар байна вэ? Урд шөнө даарч хонов уу?
-Маш олон ээжүүд, эмэгтэйчүүд сэтгэл зовон "даарч байна уу" гэж асууж байна. Урд шөнийн хувьд гутлаа авч чадаагүй. Туслахаараа дулаан хувцсаа авахуулах гэтэл туслахыг маань цагдаа нар хөөгөөд оруулаагүй. Өглөө гутал хувцсаа сольсон. Миний энэ байдлын хувьд би ганц шөнө даараад хонохдоо биш. Өчнөөн олон эмэгтэйчүүд, Монголчууд даарч, зовж, өлсөж байгаа. Энэний дэргэд миний энэ асуудлыг би асуудал биш гэж бодож байна. Бид сонгох, сонгогдох эрхийн зөрчил үүсэж байна гэж бодож мэдэгдэл хийж байсан. Гэтэл нэг өглөө босоод ирэхэд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хүртэл халдаж эхэлж байна. Нэг намын дарангуйлал, олонхын түрэмгийлэл үнэхээр Монгол оронд нүүрлэсэн байгаа нь ил тод харагдаж байна. Гурав, дөрвөн давхар цагдаагийн хамгаалалт УИХ-ын гишүүдийг хүртэл нааш нь оруулахгүй байна. Өчигдөр орой халуун ус авъя гээд гуйтал оруулаагүй. Зарим нэгэн өвчтэй хүмүүс маань эм авах гээд асуутал хэнд нь ч ямар ч эм тан оруулаагүй. Балга ус ч оруулаагүй. Өглөө УИХ-ын гишүүд ирж байж ус оруулж ирсэн.
-Хууль зүйн сайд ирж уулзана гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар мэдээлэл ирсэн үү?
-Манай гишүүд хэлж байна лээ. Хууль зүйн сайд ирж уулзана гэсэн.
-Эмэгтэй гишүүдийн бүлгээс тантай холбогдсон уу?
-Одоогийн байдлаар холбогдоогүй байна. Манай С.Одонтуяа гишүүн бидэнтэй нэгдээд байж байгаа.
Б.Амарбаясгалан