Тавдугаар сарын 8-наас үсчин, гоо сайхны газраар коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд үйлчлүүлж болохыг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэллээ.
Тэрбээр "Вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэдэд зарим салбаруудыг нээлттэй байлгахаар болсон. Тухайлбал, тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн үсчин, гоо сайхны газраар зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд үйлчлүүлэхэд нээлттэй байх юм.
Мэргэжлийнхний дүгнэж байгаагаар үсчин, гоо сайхны газарт 15 минутаас доошгүй хугацаанд зай барих боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, үсчин, гоо сайхны газрыг бүрэн дархлаа тогтоогүй хүн халдвар авах эрсдэлтэй орчин гэж үздэг. Тиймээс давтан тунд хамрагдсан хүмүүс орж болохоор зохицуулсан. Үйлчилгээний салбарын ажилтнуудыг хамгийн түрүүнд вакцинжуулсан. Тиймээс тухайн үйлчилгээний газруудын халдвар хамгааллын дэглэмийг бариулах үүднээс ингэж шийдвэрлэсэн” гэлээ.