УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Цар тахлын нөхцөл байдлын асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
“Орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд хамгаалах хэрэгсэл, оношлуурын хүрэлцээ хангамжийг нэмэх шаардлагатай байна. Орон нутагт халдварын голомт үүссэнтэй холбоотой орон нутгийн удирдлагууд төсвөөсөө мөнгө гаргаж, нөөцийг шавхаад дуусаж байна. Нийслэлийн иргэдийг зургаадугаар сарын 4 гэхэд хоёр дахь тунг нь хийгээд дуусгах юм байна. Хөдөө орон нутгийн иргэдийг хэзээ вакцинд хамруулж, дуусгах вэ гэдэг тодорхойгүй байна. Орон нутгийн иргэдийн 14 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн судалгаа бий. Орон нутгийн иргэдийн вакцины нэгдүгээр тунг тавдугаар сард багтаах боломж бий юу” гэв.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
“Эмнэлгийн тусламжийн тэргүүдийг сумдад хуваарилах асуудал судлагдаж байгаа. Олон сумаас хүсэлт ирсэн. Гамшигтай тэмцэх зардал онцгой байдлын газрын төсөвт найман тэрбум төгрөг суусан. Энэ нь өнөөдрийг хүртэлх гамшгийн арга хэмжээнд зарцуулагдах нөөц хомс болсон. Орон нутгийн иргэдийн вакцинжуулалтын ажлыг тав, зургаадугаар сард бүрэн хийж дуусгана. Зургаадугаар сарын 4-нөөс өмнө Улаанбаатар хотын иргэдийн хоёрдугаар тунг хийж дуусгана. Орон нутаг руу тавдугаар сарын эхний долоо хоногт вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөлт хангагдаж байна. Ингээд долоодугаар сарын нэгэн гэхэд орон даяар вакцины нэг, хоёрдугаар тунг хийж дуусгана” хэмээн хариулав.