Засгийн газраас агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэлийг хангах үүрэг өгсөнтэй холбогдуулан "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглээ байршуулах, сэжигтэй зорчигчийг тусгаарлах өрөө гаргах зэрэг бэлтгэл ажлыг хангажээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад ковидын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан нисэх буудлын болоод хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид, зорчигч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс нисэх буудалд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэсээр байна гэж ИНЕГ-аас мэдээлж байна.
Агаарын хилийг нээснээр ирэх сард 16 нислэг үйлдэхээр төлөвлөжээ.