УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр УИХ-д Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.
Энэхүү хуулийн төсөлд хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад хуулийг сахин биелүүлэх авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төрийг хүндэтгэх, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хорооны гишүүнийг сонгон шалгаруулах механизмыг тодорхой болгох, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдлыг хэрхэн шийдвэрлэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагааны санхүүгийн нөөц, эх үүсвэр нээлттэй байх зэрэг асуудлыг тусгажээ. Тус хуультай хамт Гэрч, хохирогчийг хамгаалах болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
“Манай улс хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тусгай хуулиар зохицуулах нь хамгийн чухал. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг хамгаалах талаар шинэчлэл хийх шаардлагатай. Иргэн Т.Чимгээгийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг шийдвэрлэх нь чухал байна” гэв.