ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр болон ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Шинжилгээний цаг дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл дүүрсэн байна. Иймд үед шинжилгээ авах цэгийн тоог нэмэгдүүлэх боломж байгаа юу?
Шинжилгээний ачаалал маш их байгаа. Өдөр бүр шинээр илэрч байгаа тохиолдлуудын ойрын болон хоёр дахь хавьтлуудын шинжилгээг хийж буй. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр хөдөө орон нутгаар нэмэлт хүч татан 2-3 дахин өндөр ачаалалтай ажиллаж байсан бөгөөд буцаад хэвийн горимдоо орсон ч ачаалал буурахгүй байгааг ойлгох хэрэгтэй.
Бид энэ ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шинжилгээ өгөх цагийг өгч байгаа. Харин иргэд захиалсан цагтаа очиж шинжилгээ өгөх шаардлагатай. Цэгийн мэдээллийг УОК-оос мэдээлж байгаа.
Орны хүрэлцээ хэр байгаа вэ. Бөхийн өргөө болон Яармагийн спортын ордонд ор дэлгэхээр бэлтгэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Бид 2,100 гаруй ор бэлдсэн байсан. Үүнийг дотор нь өвчтөний биеийн байдлын зэргээр нь ангилж, хуваарисан байсан юм.
Тодруулбал,
- Хөнгөн өвтөнийг эмчлэх 1,600 гаруй ор,
- Хүндэвтэр өвчтөнийг эмчлэх 370 гаруй ор,
- Хүн болон маш хүнд хүмүүсийг эмчлэх буюу эрчимт эмчилгээний 80 гаруй орыг бэлдсэн.
Үүнээс одоогоор 1,600 гаруй орыг ашиглаж байгаа бөгөөд 500 орчим орны нөөц байгаа гэсэн үг. Яармагийн спортын ордонд болон Бөхийн өргөөнд ор дэлгэх асуудал нь 2020 онд сургалт хэлбэрээр явагдаж байсан. УОК-оос зайлшгүй тохиолдолд, бэлэн байдлыг хангах зорилгоор тухайн орнуудыг тэнд байршуулсан. Гэхдээ одоогоор тэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болон тусгаарлах зэрэг асуудал яригдаагүй.
Бөхийн өргөө, Спортын ордонд ор дэлгэх нь шууд тэнд өвчтөн хүлээж авна гэсэн үг биш. Зөвхөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэл хангаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн яам тодорхой төлөвлөлт хийж байна.