Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн жил Хотын дарга байхдаа цаснаар улаан сарнай барин алхаж буй зургаараа нийт эмэгтэйчүүдэд Мартын 8-ны мэнд хүргэсэн. Тэгвэл тэрбээр өнөө жил Март-8-ны өдрийн тэмдэглэхгүй байхыг уриалж, өөрийнхөө зурган дээр улаан хэрээс даржээ.
Түүний уриалгад "УРИАЛЖ БАЙНА. ЭРСДЭЛ байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан.
- Настан буурлуудтайгаа цахимаар золгосон.
- Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна.
Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95% хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна. Харин одоо "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг ХАВТГАЙРУУЛАН тэмдэглэж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ уриалж байна. Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ" хэмээжээ. Тиймээс Шадар сайдын өнгөрсөн жилийн үйлдлийг давтаж, хэн нэгэнд мэнд хүргэхгүй байхыг тэрбээр уриалж байгаа юм байна.