БНСУ-д Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусний вакцин хийлгэсний дараа дахин гурван хүн нас барж, нас барсан тохиолдол тав болсон байна.
Тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлж буйгаар, нас барсан хүмүүс бүгд хавсарсан өвчтэй байжээ. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлын хоёр нь 50 гаруй насны эрэгтэй хүмүүс бөгөөд асрамжийн газрын эмнэлгүүдийн өвчтөнүүд байсан байна. Тэдний нэг нь вакцин хийлгэснээс 41 цагийн дараа, нөгөө нь 15 цагийн дараа нас баржээ. Гурав дахь тохиолдол нь хүнд өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газарт эмчлүүлж байсан 20-30 насны эмэгтэй байна. Уг эмэгтэй вакцин хийлгэснээс хойш 15 цагийн дараа нас баржээ. Мэргэжилтнүүд нас барсан тохиолдлууд вакцинтай холбоотой эсэхийг шалгаж байгаа аж.
Нас барсан хоёр тохиолдол Жоллабук-до мужид бүртгэгджээ. Мужийн эмч нарын мэдэгдсэнээр, эдгээр хоёр тохиолдолд вакцины гаж нөлөө илрээгүй байна.
БНСУ-д “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсний дараа 60, 50 орчим настай, хоёр хүн нас барсан тухай лхагва гарагт мэдээлсэн юм. Нас барсан хүмүүс мөн архаг хууч өвчтэй байжээ.
Тус улс хоёрдугаар сарын 26-наас “AstraZeneca”-гийн вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 151 679 хүнд уг вакциныг хийжээ. Вакцины гаж нөлөө илэрсэн 711 тохиолдол бүртгэгдсэнээс долоод нь түргэн явцтай харшлын ноцтой урвал илэрсэн байна.