МАН байгуулагдсан 100 жилийн ой болж өнгөрсөн. МАН төдийгүй МАХН-ынхан энэхүү түүхэн ойтой золгосондоо баярлаж, хөл хөөр болсон. Тэгвэл намынхаа түүхэн ойг марттал үзэн ядалтад умбаж буй эрхэм бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Тэрбээр Ерөнхийлөгч асан "Н.Энхбаяртай" намын баярт оролцохгүй хэмээн түүхэн ойдоо ч ирээгүй юм байх...
МАХН арав гаруй жилийн тэртээ хоёр хуваагдаж, МАН, МАХН болсон. Тэгвэл одоо эргээд МАН, МАХН хоёр нэгдэж, МАН болох дээрээ тулаад буйг 100 жилийн ойн баярын арга хэмжээний үеэрх хоёр намын дарга нарын дотносол харуулсан. Гуравхан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэд МАН болж нэгдэх нь нэгэнт тодорхой болов. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар ч сэтгэл хангалуун тохиролцоо хийжээ гэдэг нь ойн баярыг чимсэн инээднээс нь харагдаж байсан.
Үе үеийн Ерөнхийлөгч нар нэг нэгэндээ дургүй. Эрх ашгийн зөрчлөөс үүдэлтэй энэхүү дургүйцэл даймжирч, анх МАХН-ыг цуу татаж, хоёр хуваасан нь Н.Багабанди, Н.Энхбаярын өс хонзон, өрсөлдөөнөөс үүдэлтэй гэдгийг намын нөхөд хэлдэг. Тиймдээ ч нэг тэнгэрт хоёр нар байдаггүйтэй адил, нэг баяр дээр энэ хоёр хүн багтахаа больсон бололтой юм...
Тэдний тэмцэл 1997 оноос эхлэлтэй ч гэдэг. Нам нь УИХ-ын сонгуульд ялагдсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан МАХН-ын дарга Н.Багабанди өөрийгөө С.Баяраар орлуулах гэсэн боловч намын хурлаас Н.Энхбаяр гэгч цөөнхийн толгойлогч олонхийн санал аваад гараад ирсэн нь ах даргын зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн хэрэг. Ингээд ахынхаа шийрийг хатааж, 2000 онд намаа үнэмлэхүй ялалтад хүргэсэн гээд Н.Энхбаярын нэр хүнд өсөхийн хэрээр Ерөнхийлөгчийн суудал бэлэг тэмдэг болж байсан хэрэг...
2005 онд Н.Энхбаяр анх намынхаа нэрийг солих санал гаргахад Н.Багабанди эсэргүүцэж, "Урт шар дээлтэй хүний учруулж болох хор хөнөөлөөс сэргийл" гэх алдарт үгээ хэлжээ.
2011 онд буюу нам хоёр хуваагдах дээрээ тулсан үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эцсийн эцэст хувь хүмүүсийн хоорондын өс хонзон МАН-ыг ийм байдалд хүргэж байна. Н.Багабанди, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний арав, 20 жилийн түүхтэй өрсөлдөөн, тэмцэл МАН-ыг ийм байдалтай болголоо. Тэд болиосой гэж бодож байна. Энэ бол миний хувийн байр суурь. 1990-ээд оны МАХН-ын дотоод амьдралд байсан тэмцэл, зөрчлийг хөөгөөд үзвэл Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын зөрчил байж таардаг. 1997 оны намын ээлжит бус их хурал, түүний өмнөх хурал, 1992-1996 оны процесс гээд үзвэл энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын аль, аль нь өөрсдийн бүлэгтэй байсан байх. Тэдний өрсөлдөөн явсаар эцэстээ намыг ийм байдалд оруулж байна. Тэгэхээр үүнийг эхлүүлсэн хүмүүс нь үүнийгээ зогсоогоосой. Намаа хагалахгүй, эв нэгдэлтэй байлгахын тулд хувийн эрх ашгийг гуравдугаарт тавиач. Сонгууль ч дөхөж байна. Жижиг амбицаа байдаг газарт нь тавиасай гэж хүсэж байна" хэмээн ярьж байжээ.
Ямартаа ч МАН-тай нэгдэх саналыг МАХН анх тавьсан гэх. Н.Энхбаяр "үнэгүй" түрүүлж алхам хийх учиргүй... Гэвч Н.Багабанди гэртээ үзэн ядаад, хараад суухгүй л болов уу...