УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг гурвууланг хүлээн авч болохгүй. Яагаад авлигатай тэмцэх газрын тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлж болдоггүй юм. Яагаад нэг хүн АТГ-ын томилгоонуудыг бүгдийг нь хийлгэж, харцаараа, ааш аягаараа хөдөлгөж байх ёстой юм. Үнэнийг хэлж болдоггүй нийгэмд амьдарч байхад яаж Монгол улс хөгжих юм, хэзээ шударга ёс тогтох юм бэ?
УИХ дээр томилгооны сонсгол хийе. Хэн нь хэн бэ гэдгийг гаргаад ирнэ. Шаардлагатай бол долоо хоног ч хийж болно. Ерөнхийлөгч сая үг хэлэхдээ оффшор дансны мөнгийг оруулаад ирсэн байхад Ч.Хүрэлбаатар ард түмэнд хэлээгүй юм шиг ярьчихлаа. Монголбанканд байгаа Монгол Улсын төрийн сангийн дансанд оффшорын гэсэн нэг ч төгрөг орж ирээгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа бүгд худал. АТГ-ын хүний өгсөн хоёр жилийн өмнөх яриаг гаргаж байна. Тэр бол худал. Мэдээлэл өгсөн н.Баярхүү АТГ-аас хоёр жилийн өмнө гарсан. Гадаадад мөнгөө байршуулсан байсан бизнесмэнүүд мөнгөө оруулж ирээд одоо тэр мөнгөө хувийн дансандаа аваад хэрэглэж байгаа гэсэн тайлбарыг АТГ-аас надад өгсөн. Нийт ард түмэндээ хандаж хэлэхэд оффшор данснаас Монгол Улсын төрийн сангийн долларын болон төгрөгийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Ерөнхийлөгчийн сонгууль 3,4 сарын дараа боллоо. 17 тэрбум доллар оруулж ирж ард түмнийхээ өрийг дарна гэсэн амлалтандаа хүрэх хэрэгтэй" гэлээ.