
Манай сэтгүүлч Б.Дарьсүрэн БЕЛЬГИ улсаас мэдээллийг дамжуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай албан ёсны уулзалт хийлээ.
Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Монгол Улсад 10 жилийн өмнө айлчилж байснаа дурсаад, монголын өргөн уудам нутаг, анир чимээгүй амгалан байдлыг өдгөө ч санан дурсаж явдаг гэлээ.

Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын олон жилийн түүхтэй оронд хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа айлчилж, хоёр улсын парламентын харилцааг шат ахиулах боломж тохиосонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр энэхүү уулзалтынхаа талаар цахим хуудастаа "Бельгийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертэй уулзлаа. Хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа хийж буй энэхүү айлчлалын үеэр:
- Европ руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг Бельгийн парламент дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
- Европт буй 70 мянга гаруй, тэр дундаа Бельгид амьдарч буй 2500 орчим Монголчуудын эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж хамтран ажиллахаар боллоо" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!