
Манай сэтгүүлч Б.Дарьсүрэн Люксембург улсаас мэдээлж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүлсэн билээ. Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилэв. Дараа нь парламентын дарга нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер нарын албан ёсны уулзалт эхэлсэн юм.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Люксембург Улсаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр 25 жилийн хугацаанд “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалж байгаад Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Зүрх судасны чиглэлээр олон мянган эмч бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасны үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсон нь хоёр орны олон жилийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлов.
Айлчлалын талаар УИХ-ын дарга С.Бямбацогт "Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар тус улсад хийж буй айлчлал маань амжилттай боллоо.
Люксембургийн Их Гүнт Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жил, хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын даргын хувиар 24 жилийн дараа тус улсад айлчилж байна.
Люксембургийн Их Гүнт Улсын тухайд манай улсад зүрх судасны өвчлөлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлэээр нийтдээ 60 гаруй сая еврогийн тусламж үзүүлсэний үр дүнд зүрх судасны шалтгаант нас баралт 5 дахин буурсан үр дүн гарсан байна.
Мөн ирэх сарын 17-нд тус улсын 22.5 сая еврогийн тусламжаар Зүрх судасны төв байгуулах ажил эхэлнэ.
Европын холбоог үндэслэгч улсын хувьд тус улс Европт ажиллаж амьдарч буй 65 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, монгол иргэдийн Европт зорчих визийг хөнгөвчлөх тал дээр анхаарал хандуулна гэсэнд талархалтай байна.
Элэгсэг дотно хүлээн авсан Люксембургийн анд нөхөддөө БАЯРЛАЛАА" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!