УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Дав.Цогтбаатар төрийн өмчит компаниудын захирлын цалингийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад буй. Тодруулбал, хуучнаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Б.Даваадалай 65.8 сая төгрөгийн цалин авдаг гэх мэт мэдээллүүд байсан юм. Тэгвэл хуучнаар "Эрдэнэс Монгол" ХХК буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-иас мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:
“Эрдэнэс Монгол” ХХК болон түүний харьяа хуулийн этгээдүүдийн удирдлагуудын цалингийн талаар олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл тархсантай холбоотойгоор мэдэгдэл гаргаж байна.
Тухайн мэдээлэлд дурдсан цалингийн хэмжээ нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК (хуучнаар “Эрдэнэс Монгол” ХХК) болон түүний харьяа компаниудын өнөөгийн бодит цалингийн мэдээлэлтэй нийцэхгүй байгаа бөгөөд олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь төрийн аудитын байгууллагын тайлангийн агуулга, тооцооллыг илтэд гуйвуулсан байна.
Бодит байдалтай нийцээгүй мэдээлэл түгээх нь байгууллагын нэр хүндэд төдийгүй тухайн байгууллагад ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд уг мэдээлэлд ашигласан тооцоолол, аргачлалын талаар эрх бүхий байгууллага шаардлагатай тайлбар, мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх зарчмыг хатуу баримталж ажилласаар ирсэн.
Иргэд үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхийг хангахын тулд мэдээлэл нь баталгаатай эх сурвалж, бодит баримт, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байх ёстой.
Иймд нийтийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийт аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалж, бодит баримтад тулгуурлан нягтлан баталгаажуулж, хариуцлагатай хандахыг уриалж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!