Э.Цэрэнцоодол: Шалгалтын хариу, сэдэв зарна гэх хуурамч мэдээлэлд итгэн санхүүгээрээ хохирохоос болгоомжлоорой

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
11 минут 18 секунд

Их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх элсэлтийн шалгалт (ЭШ) зургаадугаар сарын 25-28-нд явагдана. Элсэлтийн шалгалттай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Цэрэнцоодолтой ярилцлаа.

-Энэ жил элсэлтийн шалгалтад хэдэн шалгуулагч бүртгүүлсэн бэ?

Улсын хэмжээнд 49014 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 87 хувь нь энэ оны буюу 2026 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид бол 13 хувийг өмнөх оны буюу 2026 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчид эзэлж байна.

Эдгээр шалгуулагчид зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд нийтдээ 55 шалгалтын төв дээр шалгалтаа өгнө. Шалгалтын төвүүдийн байршил мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудаст нийтэлсэн. Тэрхүү 55 шалгалтын төвийн 30 нь Улаанбаатарт байгаа бол 25 нь орон нутагт байна. Манай Боловсролын үнэлгээний төв бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Шалгуулагчид маань аль төвд шалгалт өгөх вэ гэдгээ өөрийн бүртгэлийн дугаараа ашиглан шалгуулагчийн булангаараа нэвтэрч ороод хаана, аль суудал, хэдэн цагт, ямар хичээлээр шалгалт өгөх гэх мэт мэдээллүүдээ хэвлэж авчирсан байх шаардлагатай.

-Шалгалтын байранд ямар бичиг баримтуудыг заавал авчрах шаардлагатай байдаг вэ?

Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ үндсэн дөрвөн бичиг баримт авчирсан байх шаардлагатай.

  • Нэгдүгээрт, бүртгэлийн хуудас. Өөрийн шалгуулагчийн булангаараа нэвтэрч ороод хэвлэх гэсэн товч дээр даран хэвлэж аваад сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх шаардлагатай. Өмнөх оны төгсөгчид бол тусгайлан QR кодоор баталгаажсан байдаг тул ямар нэгэн байдлаар гарын үсэг зуруулж, тамга даруулсан байх шаардлагагүй.
  • Хоёрдугаарт, суудлын хуваарь. Энэ нь таны хаана,аль ангид, аль суудалд, хэдэн цагт, аль шалгалтаа өгөх вэ гэх мэдээллүүдийг багтаасан байна. Үүнийг мөн адил хэвлэж авчирсан байх шаардлагатай.
  • Гуравдугаарт, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг. Иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд төрсний гэрчилгээ, "e-mongolia"-ын лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт гэсэн дүйцүүлэх бичиг баримтууд байж болно.
  • Дөрөвдүгээрт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ. Энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэдэг нь та арван хоёрдугаар анги төгсөхдөө авсан улаан хүрэн өнгөтэй гэрчилгээг хэлнэ.

Хүүхдүүд есдүгээр анги төгсөхдөө авсан суурь боловсролын цэнхэр гэрчилгээтэй андуурдаг. Энэ дөрвөн бичиг баримтыг авчрахаас гадна шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд очсон байна, арван минутаас өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай.

-Элсэлтийн шалтгалтын өмнө шалгалтын хариу задарсан, үүнийг зарна гэх мэдээллүүд их явдаг, энэ нь өөрөө шалгалт өгч байгаа сурагчдад сэтгэл зүйн хувьд дарамт болох эрсдэлтэй байдаг байх?

Шалгалт дөхөөд ирэхээр сошиал орчинд шалгалтын хариу, шалгалтын сэдэв даалгавар зарна гэсэн хуурамч мэдээллүүд маш их тархдаг. Элсэлтийн шалгалтын хувьд сэдэв даалгавар, хариулт задрах ямар ч боломжгүй. Тиймээс хуурамч мэдээллүүдэд автаад сэтгэл зүй, санхүүгээрээ хохирох тохиолдол гарах вий, үүнээс манай шалгуулагчид, эцэг эх, асран хамгаалагчид сэргийлж найдвартай эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авч байх хэрэгтэй. Түүнчлэн сошиал орчинд ийм төрлийн хуурамч мэдээ, мэдээлэл тараасан тохиолдолд тухайн этгээдийг бид ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж ажилладаг.

-Сэдэв даалгавар задарсан гэх мэдээлэл тардаг гэлээ. Ер нь Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалыг хэрхэн бэлддэг вэ?

Боловсролын үнэлгээний төв анх 2006 оноос их, дээд сургуульд элсэгчдээс авдаг элсэлтийн шалгалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 20 дахь жилдээ энэхүү шалгалтыг зохион байгуулах гэж байна.

Шалгалтын сэдэв даалгаврыг бэлтгэхдээ тусгайлан бэлтгэсэн гар утас, ухаалаг хэрэглээг хязгаарласан вакум орчинд мэргэжлийн багш нарыг байрлуулж боловсруулдаг. Гэхдээ үүнд боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд оролцдоггүй. Манай төв зөвхөн хяналт, зохион байгуулалтыг хариуцдаг. Тиймээс сэдэв даалгавар боловсруулалтад гадны хүмүүсийн нөлөө байдаггүй. Нууцлалын өндөр түвшинд боловсруулагддаг. Мөн боловсруулагдаж дууссан материалыг эцсийн байдлаар шалгаад тухайн вакум орчинд сэдэв даалгаврын хэвлэх, савлах процесс явагддаг. Бэлэн болсон материалыг лацаар лацдаж мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгдөг. Шалгалтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчийн хяналт дор материалыг хүлээн авч шалгалтын төвд хүргүүлдэг. Эцэст нь сэдэв даалгавар шалгуулагчийн гарт очих үедээ л нээлттэй болдог. Иймд олон нийт шалгалтаас өмнө шалгалтын сэдэв, даалгавар, хариу задарсан гэсэн хуурамч мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй.

-Шалгалтын дүн оноо хэзээ эцэслэн гардаг вэ?

Шалгуулагчид шалгалтын үед шалгалтын дэвтэр, хариултын хуудас, хос баганан код зэрэг бичиг баримттай ажиллах ба шалгалтын хугацаа дууссаны дараа тусгайлан бэлтгэсэн анги танхимд шууд засалтын шилэн технологийг ашиглан анхны оноогоо мэдэх бөгөөд хэмжээст оноог 24 цагийн дотор eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн буланд байршуулдаг. Ингэхдээ шалгуулагчдын дүн оноог “Блокчейн” технологи ашиглан байршуулдаг бөгөөд энэхүү систем нь шалгалтын дүнгийн үнэн зөв байдал, ил тод байдал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах боломжтой технологийн дэвшил юм. Өөрөөр хэлбэл шалгуулагчийн дүн бүр блок хэлбэрээр системд бүртгэгдэж, криптограф аргаар хамгаалагдан сүлжээнд хадгалагдана. Ингэснээр дүн гарсны дараа ямар нэгэн этгээд засварлах, өөрчлөх боломжгүй болно. Мөн их, дээд сургуулиуд болон холбогдох байгууллагууд дүнгийн мэдээллийг шууд баталгаажуулах боломжтой.

-Орон даяар явагдах элсэлтийн шалгалтын бэлтгэл ажилд хичнээн хүн хамрагдаж байгаа вэ?

2026 оны элсэлтийн шалгалтад улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 10000 орчим боловсролын байгууллагын багш, ажилчид ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

-Шалгалтын үеэр ихэвчлэн ямар зөрчлүүд гардаг, түүнээс хэрхэн сэргийлж ямар арга хэмжээнүүдийг авдаг вэ?

Шалгуулагчид шалгалтад ирэхдээ гаргадаг нийтлэг алдаа нь бичиг баримтаа гээж, алга болгох тохиолдол байдаг.

Тиймээс бичиг баримтаа нэг хавтсанд хийгээд тухайн хавтсан дээрээ өөрийн холбогдох утасны дугаар, мэдээллүүдээ биччих хэрэгтэй. Хэрвээ ямар нэг байдлаар хаяж үрэгдүүлбэл бичиг баримтыг нь олсон хүн холбогдож авчирч өгөх бүрэн боломжтой юм.

Дараагийн анхаарах зүйл бол шалгуулагчид хариултын хуудас дээр сандарснаас болж буруу будах тохиолдол гардаг. Шалгалт эхлэхээс өмнө шалгуулагчийн булангаар орж “зөвлөгөө, мэдээлэл” хэсэг дээрх хариултын хуудсыг хэвлэж аваад будаад үзэх хэрэгтэй шүү.

Мөн шалгалтын цаг зарим хичээл 80 минут, зарим нь 100 минут байдаг. Хэдэн минутад шалгалтын дэвтэр дээр ажиллах, хэдэн минутад хариултын хуудсаа бөглөх вэ гэдэг баримжаатай байх хэрэгтэй. Учир нь цагаа буруу тооцсоноос үүдэн хариугаа будаж амжихгүй байх тохиолдол гарах нь бий.

Нэмээд нойроо сайн авах, хооллолтдоо анхаарахыг зөвлөж байна. Өөрийн цагийн менежментээ сайн төлөвлөөрэй.

Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ хичээлээ хийх, шалгалтад бэлтгэх, амрах хугацааг нь тусгайлан гаргаж, ярилцвал хүүхдүүдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлнө. Зарим багш, эцэг эхчүүд маань заавал 800 оноо ав гэж хүүхдээ шахдаг. 800 оноо бол дээд оноо, 600 оноо ч бас сайн оноо тиймээс таны хүүхэд босго оноогоо л давж байвал сайн оноо авч байна гэсэн үг юм шүү. “Өндөр оноо авах ёстой” гэсэн үгс хүүхдэд дарамт болж очдог. Тиймээс эцэг, эхчүүд маань энэ тал дээр анхаарч, хүүхдийнхээ сэтгэл зүйн тайван байдлыг хангаж өгөхөд тус дэмжлэг болж өгөөрэй гэж зөвлөмөөр байна.

-Шалгуулагчдад хандаад ямар зөвлөгөө өгөх вэ?

Хүүхдүүдийг шалгалтын төвд оруулахад нь тусгайлан бэлтгэсэн металл илрүүлэгч, сүлжээ сарниулагч зэрэг төхөөрөмжүүдийг шалгалтын төвүүдэд суурилуулан ажилуулдаг. Хүүхдүүд маань ирэхдээ үндсэн дөрвөн бичиг баримтаа л авчирсан байх шаардлагатай. Шалгалтад материалтай ажиллах харандаа, үзүүрлэгч, баллуур зэргийг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгнө. Тиймээс гаднаас бал, дэвтэр, ном, ноорог цаас, ухаалаг цаг, ухаалаг чихэвч, гар утас, тооны машин авч орох шаардлагагүй.

Шалгуулагчид шалгалтын байрандаа нэвтрээд суудлаа эзэлсний дараа цагийн хуваарийн дагуу хянагч багш нар маань шалгалтын материалаа тарааж өгнө. Хүүхдүүд үндсэн гурван материалтай ажилладаг.

  • Нэгдүгээрт, шалгалтын дэвтэр дээр тоо бодох, ноорог, тэмдэглэл зэргээ хийнэ.
  • Хоёрдугаарт, хариултын хуудастай ажиллахдаа дээр нь байрлах санамжтай сайтар танилцаад тод, зайгүй бөглөсөн байх шаардлагатай. Хариултын хуудсыг нугалж, гэмтээж болохгүй.
  • Гуравдугаарт, хос баганан код. Түүний нэгийг хариултын хуудасны баганан код наах хэсэгт наана. Нөгөө баганан кодоо шалгалтын дэвтэр дээрээ наана. Шалгалтын хугацаа дууссаны дараа шалгалтын материалыг хураан авч битүүмжлээд шууд засалтын танхимд оруулдаг.

-Шалгалтын танхимд ороход нэмж анхаарах зүйлс юу вэ?

Ямар нэгэн байдлаар гар утас нууж авч орсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүх шалгуулах хичээлийг хүчингүйд тооцно. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, тайван байж шалгалтдаа ороорой гэж хүсмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Бусдын гарт амиа алдсан Ч.Шинэсаран охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа
Бусдын гарт амиа алдсан Ч.Шинэсаран охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа
 
О.Баасанхүү: МАН 2024 оны сонгуулийн өмнө улсаа хорлох аймшигтай хуулиуд баталсны нэг нь “Малчны тухай хууль”
О.Баасанхүү: МАН 2024 оны сонгуулийн өмнө улсаа хорлох аймшигтай хуулиуд баталсны нэг нь “Малчны тухай хууль”
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!