
НИТХ-ын Зөвлөлөөс нийслэлийн харьяа агентлаг, газруудад хуралдаанаа зохион байгуулж тухайн газрын үйл ажиллагаатай танилцаж, нөхцөл байдлыг сонсдог билээ.
Энэ удаагийн Зөвлөлийн хуралдааныг ТЦА-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт зохион байгуулж байна. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, баталлаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд, Б.Дөлгөөн, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж, Г.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг зэрэг холбогдох албаныхан оролцож байна.
Хуралдаанаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй мега төслүүдийн явц, “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 24 асуудлыг хэлэлцэнэ.
ТЦА-ын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Одонбаатар үйл ажиллагаагаа танилцуулав. Тус газар өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо, даатгал татварын хяналт шалгалт, торгуулийн биелэлтийг хангах, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цаг хяналт тавих, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж нийслэлийн төсөвт нийт 69 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлжээ.
Тухайлбал, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллан 75285 хүнд торгуулийн арга хэмжээ авч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 243, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 833, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын “ASAP" санд эрэн сурвалжлагдаж байсан 327, нийтлэг үүргийн хүрээнд 305 зөрчлийг тус тус илрүүлж ажилласан байна.
Өнөөдрөөс эхлэн олон нийтийн цагдаатай хамтран Их тойруу, Бага тойруу орчимд 86 байршилд скүүтер, мопедыг дугуйн замаас бусад нөхцөлд явган хүний замаар байх чиглэлээр олон нийтийн цагдаатай хамтран хяналт тавьж ажиллаж байна. Мөн “СУРРОНГҮЙ СУРГУУЛЬ” аяныг хэрэгжүүлэхэд замын хөдөлгөөний хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар онцоллоо.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!