
Эх орон, эх дэлхийнхээ өнцөг булан бүрд амьдарч буй Монгол түмэндээ ирж буй 2026 оны мэндийг өргөн дэвшүүлж, Шинэ жилийн баярын мэнд хүргэе...
Өнгөрч буй онд Монгол Улс нийгэм, эдийн засгийн олон сорилт, боломжийг хамтад нь даван туулж, тогтвортой хөгжлийн зорилгоо урагшлуулсан онцлог жил байлаа.
Миний бие Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллахдаа Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж амжилттай батлуулсан.
Ажлын хэсгийг ахлан ажиллахдаа төрийн бүтцийг оновчтой цомхон болгож, төсвийн зардлыг 1 их наяд төгрөгөөр танах бодит шийдвэрийг гаргалаа. Төр бүсээ чангалж төсвийн зардлыг хэмнэсэн хөрөнгөөр багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж, ахмад настны тэтгэвэр, халамжийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлээд байна.
Өнгөрч буй онд Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгаа тэлэх, шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх, бүс нутаг, орон нутгийн хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллалаа.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд аюулгүй байдал, чанар, стандарт, хариуцлагыг эрхэмлэсэн бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг тэнцвэртэй байлгах Бүсчилсэн хөгжлийн бодлогын бодит хэрэгжилтэд онцгой анхаарч байна.
Ирж буй 2026 онд Бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжиж аймаг, сум, баг, өрх бүрийн амьжиргаанд эерэг өөрчлөлт авч ирнэ гэдэгт итгэлтэй байна Хөдөөгийн сэргэлт, орон нутгийн хөгжил, иргэдийн орлого, амьдралын чанар сайжрах олон шинэ боломж нээгдэх болно.
Мөн болзошгүй эрсдэл, гамшиг осолд бэлэн байх тогтолцоог бэхжүүлэн, техник технологийн шинэчлэлийг шийдэл болгож Онцгой байдлын салбарыг шинэ шатанд гарган, Монгол хүн бүрийг эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр хангах бодлогыг тууштай хэрэгжүүлж стандартыг амьдралын хэвшил, аюулгүй байдлын үндэс болгох зорилт тавиад байна.
Шинэ ондоо Монгол түмэн минь урам зориг, эрч хүч, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Сайхан баярлаарай.
Монгол Улсын Шадар сайд
Хассуурийн ГАНХУЯГ...