ТАНИЛЦ: Эрх баригчдын эрчим хүчээр ард түмнээ ХУУРЧ, МЭХЭЛСЭН 34 жил

Ангилал
Улс төр
Огноо
Унших
25 минут 58 секунд

Эрчим хүчний салбарт ердөө сүүлийн 7 сарын хугацаанд дөрвөн ч том асуудал үүсэж, нийслэлчүүд шалгалтын хариугаа харж буй мэт цахилгааны хязгаарлалтын хуваариас гэрийн хаягаа хайдаг болов. Өнгөрсөн 2025 оны 6-р сарын 1-2-нд шилжих шөнө “ДЦС-3”-д аваарь гарсаны улмаас нэг инженер амиа алдаж, нийслэлд цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийсэн. 2026 оны 1-р сарын 20-ны өглөө “ДЦС-4”-ийн халах гадаргууд гэмтэл гарч нийслэлчүүд дахин цахилгаанаа хязгаарлуулав. Үүнтэй зэрэгцэн хэт хүйтрэлийн улмаас Бөөрөлжүүтийн ЦС-д ашигладаг нүүрс хөлдөж, бункерт бөглөрсний улмаас тус станцын хүчин чадал буурсан. Мөн үүнээс хэдхэн хоногийн дараа “ДЦС-4”-ийн дахин нэг зууханд гурван гэмтэл илэрч цахилгааны хязгаарлалт үргэлжлэв.

Өнгөрсөн хугацаанд хийрхсэн улстөржилт, улстөрчдийн талцал хуваагдал, монгол төрийн тогтворгүй байдал, хөрөнгө оруулалт, зарим гадаад хүчин зүйлээс болж эрчим хүчний салбарт хийгдэх байсан 10 гаруй төсөл “гацсан” байдаг. Үр дүнд нь иргэд л хохирч лаагаа барьж, лифтэнд гацаж, утгаараа л “Чойжилтраума”-тай болоод буй.

Тэгвэл UBN сайт өнгөрсөн 34 жилийн хугацаанд сонгуульд ялалт байгуулж эрх барьсан МАН, АН-ынхан мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний салбарт юу хийхээр ам гарч, иргэдийн саналыг авсан тухай сэргээн сануулж, хүрсэн үр дүн дээр нь анализ хийж үзлээ.

Эхний ээлжид бид өнгөрсөн удаагийн 9 сонгуульд ямар нам ялалт байгуулсан бэ гэдгийг эргээд нэг дүгнэх ёстой. Үүний 7 удаагийн сонгуульд нь одоогийн МАН буюу хуучнаар МАХН ялалт байгуулжээ. Харин АН нэг удаа олонх болж, нэг удаа олуулаа болов. Эдгээр 9 удаагийн сонгууль бүрт цахилгаан эрчим хүчний тусгаар тогтнол, бие даасан байдал болон хангамжийн чиглэлд бодлого тусгаж иржээ. Бүр станц барих заалтуудыг ч мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Гэвч нэг нь ч хийж чадсангүй.

1992 /МАХН/: III, IV цахилгаан станцыг хэсэгчлэн шинэчилнэ

Эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах. Улаанбаатар III, IV болон Дарханы цахилгаан станцыг хэсэгчлэн шинэчилж, сэлбэг хэрэгсэл, гадаад материалаар тасрахгүй байх арга хэмжээ авна.

-Багануурын дулааны, Эгийн голын усан цахилгаан станц барих бэлтгэлийг хангаж эхлүүлэн, орон нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрийг өргөн ашиглах бодлого баримтална.

-Нүүрсний томоохон уурхайнуудын техникийн шинэчлэлийг эхэлж, эрчим хүчний үйлдвэрүүдийн болон хөдөлмөрчдийн түлшний хэрэгцээг найдвартай хангах арга хэмжээ авна.

-1996 /АН/: Эрчим хүчний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангаж, хөрш орнуудтай экспорт, импортын төслүүд хэрэгжүүлнэ

1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам дангаар бус "Ардчилсан холбооны эвсэл" нэртэйгээр бусад намуудтай хамтран оролцож ялалт байгуулж байжээ.

Тэд мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний салбарыг дараах чиглэлээр хөгжүүлэхээр амласан байна. Үүнд:

  1. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

    • Үндэсний хэмжээний нэгдсэн цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах

    • Эрчим хүчний өндөр хүчин чадалтай шинэ станц барих (усан болон бусад эх үүсвэрээр)

  2. Дотоод хэрэгцээг хангах

    • Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг 100 хувь дотооддоо хангах

    • Дотоодын станц, эх үүсвэрүүдийг өргөжүүлж, гадны цахилгаанд хэт хамааралгүй болгох

  3. Импортын цахилгааныг зохистой ашиглах

    • Хэрэв шаардлагатай бол ойр орчмын улс орноос цахилгаан импортлох,

    • Тариф, үнэ болон зохицуулалтыг хянах

  4. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх

    • Усан цахилгаан станц, салхин болон бусад сэргээгдэх эх үүсвэр барих

    • Байгаль орчинд ээлтэй технологи ашиглах

  5. Олон улсын төслүүдтэй хамтран ажиллах

    • Орос, Хятад зэрэг хөрш орнуудтай эрчим хүчний дамжуулах, экспорт/импортын төслүүдийг хэрэгжүүлэх

2000 /МАХН/: Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглүүлэн дулааны цахилгаан станц барина

2000 оны УИХ-ын сонгуульд “Төрөө хямралаас гаргая, Түмнээ ядуурлаас аваръя” мөрийн хөтөлбөртэй оролцсон тухайн үеийн МАХН ялалт байгуулсан байдаг. Тус мөрийн хөтөлбөрт “Эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй аймаг, сум суурин газрыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангана. Хоёр аймаг, 40 гаруй сумыг эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбож 80 гаруй сумын дизель станцыг шинэчилнэ” гэжээ. Бүсээр нь авч үзвэл,

Баруун бүс

-Дөргөн, Улаанбоом, Үенчийн усан цахилгаан станцыг барьж, баруун бүсийн эрчим хүчний системийг бие даасан эх үүсвэртэй болгоно.

Хангайн бүс

-Чайргайтын усан цахилгаан станцыг барьж, Баянхонгорыг эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбоно. Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах эх үүсвэрийг идэвхтэй эрэлхийлнэ. Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглүүлэн дулааны цахилгаан станц барина.

Төвийн бүс

-Даланзадгадын дулаан цахилгаан станцыг ашиглалтад оруулна.

Зүүн бүс

-Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг дуусган, бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр ханган, хамрах хүрээг нь өргөтгөнө.

Нийслэл

-Улаанбаатар хотын цахилгаан, дулаан, усан хангамжийн системд шинэ техник технологи нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг найдвартай хангана гэжээ.

2004 /МАХН/: Төвлөрсөн цахилгаан хангамжийн эх үүсвэрт 40-өөс доошгүй сумын төвийг холбож, хөдөөгийн сумдын цахилгаан хангамжийг сайжруулна

МАХН 2004 онд “Таны төлөө тантай хамт” мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцож ялалт байгуулж байжээ. Мөрийн хөтөлбөрийн 2.2.1-т:

-Төвлөрсөн цахилгаан хангамжийн эх үүсвэрт 40-өөс доошгүй сумын төвийг холбож, хөдөөгийн сумдын цахилгаан хангамжийг сайжруулна.

-Ойрын ирээдүйд төвлөрсөн эрчим хүчний системд холбогдох эдийн засгийн болон техникийн боломжгүй 10-аас доошгүй сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

-Хөдөөгийн малчин өрхийг нар, салхины цахилгаан эх үүсгүүрээр хангах "Буман нарны гэрэл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгана гэжээ.

Мөн эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтуудыг бүсээр нь авч үзвэл:

Баруун бүс

-Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудыг барьж, Алтай-Тайшир- Улиастай, Дөргөн-Мянгадын 110 киловольтын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамуудыг байгуулан баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглээг дотоодын эх үүсвэрээс хангах нөхцлийг бүрдүүлнэ.

-Баян-Өлгийн Булган, Ховдын Мөст, Увс аймгийн Баруунтуруун сумдад жижиг оврын усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлж, Завханы Тосонцэнгэл сумын усан цахилгаан станцыг барьж дуусгана.

-Өлгий, Улаангом, Ховд зэрэг хотуудын төвлөрсөн халаалтын зуух, дулааны шугам сүлжээг үе шаттайгаар шинэчлэнэ.

Хангайн бүс

-Булган-Мөрөн, Арвайхээр-Баянхонгорын 110 киловольтын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамуудыг барьж тухайн орон нутгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулна.

-Хөвсгөлийн Эрдэнэбулган сумын усан цахилгаан станцыг барьж дуусгана.

Төвийн бүс

-Төвийн эрчим хүчний найдвартай ажиллагааг баталгаажуулах үүднээс Орхон, эсвэл Эгийн гол дээр 100 мвт-аас доошгүй хүчин чадалтай усан цахилгаан станц барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, барих ажлыг эхлүүлнэ.

-Улаанбаатар-Дашинчилэн-Булган, Дашинчилэн-Арвайхээр чиглэлийн дамжуулах сүлжээг шилэн кабелиар шинэчилж Налайх-Багануурын дамжуулах сүлжээг өргөтгөнө.

Зүүн бүс

-Зүүн бүсийн эрчим хүчний системийг төвийн эрчим хүчний системд холбон нэгдсэн сүлжээ үүсгэнэ.

-Хэнтийн Батширээт суманд жижиг оврын усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ.

Нийслэл

-Хотын төвийн хэсгийн цахилгаан, дулаан хангамжид техникийн шинэчлэл хийж дамжуулах, түгээх сүлжээний найдвартай ажиллагааг хангана.

-Хотын захын гэр хорооллын цахилгаан хангамжийг бүрэн шийдвэрлэнэ.

Тэгвэл Ардчилсан нам, Эх орон нам хамтарсан "Эх орон-Ардчилал" эвслээс дараах заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Үүнд:

-Эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарна.

-Эрчим хүчний хэрэглээг айл өрх бүрд хүргэх ажлыг түргэвчилнэ.

-Төвийн эрчим хүчний системд шаардлагатай аймаг, сумын төвүүдийг холбох ажлыг үргэлжлүүлнэ.

-Хувийн компаниудын үйлдвэрлэсэн эрчим хүчийг Төвийн эрчим хүчний системийн хүрээнд борлуулах боломжтой болгоно.

-Нар, салхи, усны сэргээгдэх найдвартай эх үүсвэрийг өргөн дэлгэрүүлнэ.

-"Ардчилсан холбоо" эвслийн засаглалын үед "100000 мянган нарны гэр" хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж дуусгана.

-Жижиг, дунд оврын УЦС-ыг барихад дэмжлэг үзүүлнэ.

2008 /МАХН/: Эрчим хүч экспортолдог улс болох зорилтыг дэс дараатай хэрэгжүүлнэ

МАХН парламентад олонх байдлаа үргэлжлүүлэхээр болсон энэ удаагийн сонгуульд “ШУДАРГА ЁС - ХАРИУЦЛАГАТАЙ ТӨР ДЭВШИХ ХӨГЖИЛ - ДЭВЖИХ АМЬДРАЛ” мөрийн хөтөлбөртэй оролцсон. Ингээд С.Баяраар тэргүүлүүлсэн МАХН ялалт байгуулсан ч шинээр томилогдсон Ерөнхий сайд "стандарт" бус гэж нэрлэгдсэн ЗГ-ыг байгуулсан юм. Тэгвэл гурван жил зургаан сар хамтарч, зургаан сар дангаараа засаг барьсан МАХН-ын мөрийн хөтөлбөрт юу тусгагдсан байсан бэ. Хэрэгжилт юу болов гэдгийг харцгаая.

-Эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээг хангаж, цаашид эрчим хүч экспортолдог улс болох зорилтыг дэс дараатай хэрэгжүүлнэ-

-Одоо /2008/ барьж буй усан цахилгаан станцуудыг ашиглалтад оруулах, дулааны шинэ цахилгаан станц байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжих зэргээр эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглан айл өрх бүрийг найдвартай эрчим хүчээр хангана. Атомын цахилгаан станц байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

2012 /АН, МАН хамтарсан/: V цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулж, IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

12 жилийн турш тасралтгүй эрх барьсан МАХН-ыг АН энэ удаад зогсоож олуулаа болов. Ингээд парламентад 31 суудалтай болсон АН-ынхан тухай үед 11 суудал аваад байсан "Шударга ёс" эсвэл болон 2 суудалтай болсон ИЗНН-ыг оруулан "Шинэчлэлийн" хэмээх засгийн газрыг байгуулсан билээ. Ингээд хоёр жил ажилласан Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 онд огцорч "Шийдлийн" гэх нэртэйгээр Ч.Сайханбилэгийн ЗГ шинээр байгуулагдав. Ингээд МАН-ыг урьж хамтарсан ЗГ-ыг байгуулсан ч найман сарын дараа МАН засгаас гарсан түүхтэй.

Тэгвэл ЗГ-ыг тэргүүлж байсан, парлмаментад олуулаа болсон АН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний бодлогын чиглэлээр юу тусгасан байсныг хамтдаа шүүж харцгаая.

АН-ын мөрийн хөтөлбөрт:

-Сайншандын бүтээн байгуулалтад шаардагдах дэд бүтэц, 600-800 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулна.

-Эрчим хүчний нүүрсний уурхайнуудыг түшиглэн аймгуудад дулааны болон эрчим хүчний цахилгаан станц байгуулна.

-Нар, салхи, нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэж Азийн нэгдсэн сүлжээнд холбогдоно.

-СЭХ-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг төрөөс татварын бодлогоор дэмжинэ.

-Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулна.

-Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээг хангах зорилгоор 5-р цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулна.

-Алтай-Улиастай системийг байнгын найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор Могой голын нүүрсний ордыг түшиглэн 60 мВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг барьж ашиглалтад оруулна гэжээ.

Харин ЗГ-т хамтарсан МАН-ын “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” уриатай мөрийн хөтөлбөрт:

-Монголын шинэ цахилгаанжуулалт” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, эрчим хүчний импортын өнөөгийн хараат байдлаас ангижирч экспортлогч орон болгоно.

-Төвийн бүсэд ДЦС-5-ын нэгдүгээр ээлж, Дарханы станцын өргөтгөл, Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц, 50-иас доошгүй мВт хүчин чадалтай усан болон салхин цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна.

-ТЭЦ-4-ийн хүчин чадлыг 100 мВт-аар өсгөж, Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

-Тавантолгой, Оюутолгойд цахилгаан станц барьж, Төвийн эрчим хүчний системтэй холбоно.

-Баруун бүсийн Могойн гол, Хотгор зэрэг нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станцуудыг барьж, төвийн эрчим хүчний системд 110-220 кВ-ын агаарын шугамаар холбоно.

-Зүүн бүсийн Дорнодын станцад өргөтгөл хийхийн зэрэгцээ шинэ эх үүсвэр бий болгон төвийн эрчим хүчний системтэй холбоно.

-Аймгийн төвүүд, томоохон хот, сууринд дулааны станц барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Хөдөө орон нутгийн дулаан хангамж, хэрэгцээний халуун усны системийг сайжруулна.

-Улаанбаатар хотод 220/110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий “Их тойруу” цагираг шугам сүлжээ байгуулна.

-Нар, салхины эрчим хүчний нөөцийн судалгааг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний паркууд байгуулна гэсэн байна.

2016 /МАН/: V цахилгаан станц, Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говийн ДЦС-уудыг барина

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд “Бид хамтдаа чадна” мөрийн хөтөлбөрөөр оролцжээ. Тухайн мөрийн хөтөлбөрт тусгасан эрчим хүчний талаарх амлалтуудаас хүргэвэл:

  1. Эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангаж, цаашид эрчим хүч экспортлогч орон болно.
  2. Улаанбаатарын V дулааны цахилгаан станц, Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говийн дулааны цахилгаан станцуудыг барина.
  3. Шивээ-Овоогийн ордыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төсөл хэрэгжүүлж эхэлнэ.
  4. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж нар, салхин цахилгаан станц, Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барина.
  5. Багануур-Чойр, Улаанбаатар-Мандалговь, Багануур-Улаанбаатар, Багануур-Өндөрхаан-Чойбалсан, Чойр-Сайншанд, Мандалговь-Арвайхээр, Дөргөн-Улиастай-Улаанбаатарын бүс нутгийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг барьж эрчим хүчний нэгдсэн систем байгуулах ажлыг үргэлжлүүлнэ.
  6. Аймгийн төвүүд болон томоохон хот сууринд дулааны станц шинээр барих, өргөтгөх, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр бохир усны шугамд холбох ажлыг концессын гэрээгээр үе шаттай хэрэгжүүлнэ.
  7. Сумдыг төвлөрсөн дэд бүтэц буюу дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээтэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  8. Дулаан, цахилгааны үнийг тогтвортой байлгаж цаашид үе шаттайгаар бууруулах бодлого барина.

Аймгуудаар нь танилцуулбал:

Говь-Алтай

-Тайширын усан цахилгаан станцаас аймгийн төв хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кв болгон өргөтгөж, цахилгаан эрчим хүчний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Завхан

-Улиастай хотын 35МВт-ын нэгдсэн Дулааны станцыг барьж, агаарын бохирдлыг бууруулан, хэрэглээний халуун усаар хангана.

Өвөрхангай

-Арвайхээр хотод дулааны цахилгаан станц шинээр барих асуудлыг судалж, шийдвэрлэнэ.

Сүхбаатар

-Аймгийн төвд дулааны станц байгуулна.

Сэлэнгэ

-Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг хямдруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дахь "Шүрэнгийн голын" усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

Ховд

-Эрдэнэбүрэнгийн Шижигтийн Усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулна.

Дархан

-Дархан хотын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгаан дамжуулах төв шугамыг тойрог схемд шилжүүлнэ.

2020 /МАН/: ДЦС-3, Амгалангийн дулааны станцыг өргөтгөж, төвийн бүсийн хэрэгцээг хангана

Эрх баригч МАН 2020 оны ээлжит сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийнхөө 2.3 дахь хэсэгт:

  • Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ.
  • Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Үүнд:
  • Улаанбаатар хотын ДЦС-3, Амгалангийн дулааны станцыг өргөтгөж, цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр байгуулж, төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангана.
  • Багануурын 400MВт –ын хүчин чадалтай цахилгаан станц болон Улаанбаатар хоттой холбох цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дуусгана.
  • Төвийн эрчим хүчний 100 МВт-ын цэнэг хураагуурын станц барина.
  • Эрдэнэбүрэнгийн 90 МВт усан цахилгаан станц болон цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
  • Чойбалсангийн ДЦС-ын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөж, Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
  • Таван толгойн 300 МВт-ын цахилгаан станц байгуулна.
  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн уурхайн өргөтгөл хийх, өндөр хүчин чадлын цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж эрчим хүч экспортлох төслийг эхлүүлнэ.
  • Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц төслийг эхлүүлнэ.
  • Багануур-Чойрын 220 кВт-ын 2 хэлхээт 184.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцуудыг өргөтгөх төсөл хэрэгжүүлнэ.
  • Багануур–Чингис–Чойбалсан 220кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
  • Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 220кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.
  • Улиастай-Дөргөн-Мянгадын 220 кВт-ын 2 хэлхээт 380 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажлын судалгааг эхлүүлнэ.
  • Баянтээгт 36 МВт-ийн цахилгаан станц барина.
  • Орон нутагт нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлнэ.
  • Хөшигтийн хөндийд баригдах Аэросити, Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ.
  • Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангана.
  • Аймгуудын нүүрсний ордуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж, аймаг, орон нутгийн агаарын бохирдлыг бууруулна.

4.4 Сэргээгдэх эрчим хүч

4.4.1. Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хаягдлыг багасгах ногоон үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.

4.4.2. Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

4.4.3. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ.

4.4.4. Эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгож, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 25 хувьд хүргэнэ.

4.4.5. Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи ашиглан барилгын дулааны алдагдлыг бууруулна.

4.4.6 Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилгад идэвхтэй оролцож, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ.

    1. Хөгжлийн алтан тойрог ба дагуул хот

5.5.6. Дулаан, цахилгаан хангамжийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, шугам сүлжээг өргөтгөж, эрчим хүчний найдвартай байдлыг хангана.

2024 /МАН/: "ДЦС-4"-ийн хүчин чадлыг 70 мВт-аар өргөтгөж, Багануурын цахилгаан станцыг ашиглалтад оруулна

Гурван сонгууль дараалан ялалт байгуулаад буй МАН 2024 оны мөрийн хөтөлбөрийнхөө 2.5-д:

2.5.1. Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.

2.5.2. Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад тархмал эх үүсвэрийг ашиглана.

2.5.3. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх доорх цахилгаан станцыг барьж байгуулна.

2.5.3.1. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц;

2.5.3.2. 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станц;

2.5.3.3. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК- ийн суурилагдсан хүчин чадлыг 70 МВт-аар өргөтгөнө;

2.5.3.4. 400 МВт-ын Багануурын цахилгаан станц;

2.5.3.5. 450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станц;

2.5.3.6. 200 МВт-ын Шивээ Овоогийн цахилгаан станцыг тус тус ашиглалтад оруулна.

2.5.4. Монгол Улсын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ялгаатай эх үүсвэрүүдэд холбож, цахилгаан тасалдах эрсдэлийг эрс бууруулна.

2.5.5. Ердийн ачааллын үеийн цахилгааныг хуримтлуулж, оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх төслүүдийг дэмжинэ.

2.5.6. Байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигласан цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид экспортлох боломжийг бүрдүүлнэ.

2.5.7. Иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчийг жижиг, дунд төхөөрөмжөөр үйлдвэрлэж хэрэглэх, хэрэгцээнээс давсан хэсгийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх, худалдах боломжоор хангана.

2.5.8. Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлнэ.

Хангайн бүс

7.1.7. Улаанбаатар, Шинэ Хархорум, Улиастай чиглэлийн 500 кВ-ын өндөр хүчдэлийн 330 км цахилгаан дамжуулах агаарын шугам, гурван дэд станцыг үе шаттайгаар барих, стандарт, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

7.1.8. Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн төвүүдэд дулааны станц барина.

Баруун бүс

Баруун бүсийн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

7.2.12.1. Алтай орчимд 15 МВт -ын нарны цахилгаан станц;

7.2.12.2. Тосонцэнгэлд 30 МВт-ын дулааны цахилгаан станц;

7.2.12.3. Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын усан цахилгаан станц;

7.2.12.4. Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн чиглэлийн 220 кВ-ын 468.3 км цахилгаан дулаан дамжуулах агаарын шугам;

7.2.12.5. Говь-Алтай, Завхан шинэ дулааны станцыг тус тус барина.

Хойд бүс

7.3.9. Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр болох Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Говийн бүс

7.4.14. Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барина.

7.4.15. Говьсүмбэр, Дундговь аймгийн төвүүдэд шинэ дулааны станц барина.

7.4.16. Тавантолгой-Оюутолгойн 167 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

7.4.17. Чойр-Сайншанд чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

7.4.18. Багануур - Чойр чиглэлийн 188 км 220 кВ- ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

7.4.19. Говийн бүсийн нар, салхины нөөцийг ашиглан, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулна.

Төвийн бүс

7.5.17. Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 87.2 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

7.5.18. Бөөрөлжүүтийн 300 МВт-ын дулааны цахилгаан станцуудыг барина.

7.5.19. Сэлэнгийн аймгийн төвд 50 МВт-ын дулааны цахилгаан станцыг барих хувийн хэвшлийг дэмжинэ.

7.5.20. Төв аймагт шинэ дулааны станц барина.

7.5.21. Нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барина.

Зүүн бүс

-Хэнтий аймагт шинэ дулааны станц барьж, Сүхбаатар аймагт дулааны станцын хүчин чадлыг өргөтгөн, дулаан хангамжийн системийг байгуулна.

Улаанбаатар хот

8.3.1. Бие даасан, тархмал дулааны эх үүсвэрийг есөн байршилд байгуулж, суурилагдсан хүчин чадлыг 595 МВт-аар нэмэгдүүлнэ.

8.3.2. Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина.

8.3.3. “ДЦС 2”, “ДЦС 3” ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

8.3.4. Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.

8.3.5. Багануур-Улаанбаатар чиглэлийн 130 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг эхлүүлнэ.

8.3.6. Багануурын 400 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина.

8.3.7. “ДЦС 4” ТӨХК-ийн уурын хүчин чадлыг 500 тн/ц-аар нэмэгдүүлнэ.

Шүүх хурал 10 минут завсарлалаа
Шүүх хурал 10 минут завсарлалаа
 
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!