Б.Энхболд: Хүний эрх гэдэг зөвхөн эрх нь зөрчигдсөн хүмүүсийн тухай асуудал биш. Монгол Улсад монгол хүн хэр амьдарч байна вэ гэдгээс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
24 минут 54 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарын зочноор ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-----------------------

-Ажил их байна уу. Яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Ажил их байна. 2025 оны ажлаа дүгнэж, дүн шинжилгээнүүд хийгээд удахгүй үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд хүргэх гэж байна. Мөн 2026 оны ажлуудаа төлөвлөөд, хажуугаар нь өдөр тутам шалгагддаг гомдол мэдээлэл, цаг үеийн ажлуудаа амжуулсан их л завгүй өдрүүд өнгөрч байна.

-Гол асуудал руугаа шууд орьё гэж бодож байна. Хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна гэдэг асуудлыг иргэд ярьдаг боллоо. Бодит нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?

-Хүний эрх гэдэг ойлголтыг энгийнээр ярьбал хүний өдөр тутмын амьдралыг салшгүй нэг хэсэг. Тэгэхээр заавал зөрчигдөхөөр хүний эрх яригддаг юм биш. Эсвэл заавал хүний эрхийг сайжруулна гээд тусдаа горим үүсгээд түүн рүүгээ чиглээд, энгийн үед хүнд хамаагүй юм шиг байж болохгүй гэж хардаг. Тиймээс өнөөдөр Монгол Улсад монгол хүн хэр зэрэг амьдарч байна вэ. Амьдралын чанар нь ямар байна вэ гэдгээс хүний эрхийн асуудал эхэлнэ гэж бид бүхэн харж байгаа. Эдийн засгийн болон бусад үзүүлэлтүүдээс аваад үзэхэд монгол хүн ажилтай орлоготой, хүрэлцэхүйц амьжиргаатай амьдарч чадаж байна уу гэдэг асуудал. Авч байгаа цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, Монгол Улсын үндсэн хуульд заасан 18 эрх хангагдаж чадаж байна уу гэдэг агуулгуудыг аваад үзвэл өнөөдөр хэн бүхний сэтгэлд тийм таатай мэдрэмж төрөхгүй байгаа болов уу гэж үзэж байна. Үүнтэй ХЭҮК санал нийлж байгаа. Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Ингэснээр эрх, эрх чөлөө нь хангагдаж, хүмүүс аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ гэж хардаг. Статистик үзүүлэлтүүд ч ийм байгаа. Яг дотоодын нөхцөл байдлыг аваад үзвэл. Олон улсын хэмжээнд хүний эрхийн нөхцөл байдлыг дүгнэдэг олон байгууллага байна. Гэхдээ яг нийлүүлээд дүгнэчихдэг байгууллага бол одоогоор алга. Тодорхой эрх чөлөөний чиглэлүүдээр нь дүгнэчихэж байгаа юм. Ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөө, хүүхдийн эрх гэх мэтчилэн. Энэ үзүүлэлтүүдээс аваад үзэхээр Монгол Улс зарим үзүүлэлтээрээ дундаж, дунджаас жаахан дээгүүр явж байгаа. Нэлээн хойгуур явж байгаа үзүүлэлтүүд ч бий. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаас аваад үзвэл хүний эрхийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа нь тодорхой харагдана. Цаашид бид улам илүү сайжруулж, хүний амьдралын баталгаа чанарыг дээшлүүлэх асуудал байна. Өнгөрсөн хугацаанд бид хүний эрх гэж ярихаар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, үг хэлэх, эсвэл бүр хүчирхийлэлд өртсөн хүмүүсээр ойлгож төсөөлж ирсэн. Тэгэхээр Монгол Улсын нэгдэн орсон конвенцуудад эдийн засаг, нийгэм соёлын эрх, иргэний болон улс төрийн эрхийн тухай баталгаажуулсан эрхийн конвенцууд байгаа. Бид өнгөрсөн хугацаанд бол иргэний болон улс төрийн эрх чөлөөний асуудал дээр нэлээн түлхүү анхаарч, үүнийг тойрон ярьж, энэ бол хүний эрх юм аа гэдэг асуудал руу нэлээн анхаарал хандуулсан байна. Гэтэл эдийн засаг, нийгэм соёлын эрх буюу тэр хүн ажилтай байх, орлоготой байх, хүний дайтай амьдрах гэх мэт асуудлууд руу хүний эрх гэдэг өнцгөөс нь харж, анхаарч байсан тохиолдол дутмаг юм байна гэж харагдаж байгаа.

-Өнгөрсөн 2025 өөрсдөө индексээ гаргаж, тодорхойлдог больё гээд ажлуудыг өрнүүлсэн. Тэр ажлууд ямар түвшинд явж байна. Тэр үзүүлэлтүүдийг гаргаад ирвэл бид байгаа нөхцөл байдлаа илүү бодитоор үнэлж харах боломжтой гэж хараад байгаа юм?

-Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дах хүний эрх, эрх чөлөөний индексийг боловсруулья гэж зориод нэг гишүүн хариуцаад явж байна. Энэ үзүүлэлтүүдийг гаргаж ирж чадснаараа хүний амьдралд, хүний эрх чөлөөний нөхцөл байдалд ямар өөрчлөлтүүд гарч байна вэ гэдгийг жил болгон харьцуулан үзэж, дүгнэлт хийж, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх чиг баримжааг бий болгох зорилгоор энэ индексийг боловсруулж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ ажил хийгдээд явж байна. Амжвал 2026 ондоо багтаад эхний байдлаар олон нийтэд танилцуулна гэсэн зорилттой явж байна. Энэ индексийг боловсруулсан дэлхийн улс орнууд цөөхөн байдаг юм байна. Ганцхан жишээ дурдахад, өнөөдөр монголд ядуурлын түвшин 27 хувьтай байна. Ядууралд өртөх эрсдэлтэй 10 орчим хувь байна гээд үзэхээр нийт 40 орчим хувь нь эдийн засгийн эрх чөлөөний хувьд ийм байдалтай дор хаяж 6 жил ингээд явчхаж байгаа. Яагаад энд ахиц өөрчлөлтүүд гарахгүй байна. Үүнийг сайжруулснаараа бид хүний эрхийг суурь асуудлуудыг гаргаж ирж, анхаарлын төвд оруулж шийдэх ёстой. Тэгэхээр ийм үзүүлэлтүүдийг хэмжиж, урагшаа явахад энэ индекс чухал ач холбогдолтой.

-Энэ асуудлыг яриад илтгэлүүд дээрээ онцлоод, эрх бүхий хүмүүст танилцуулаад маш олон жил ярьж явлаа. Гэтэл яагаад ахиц гарахгүй байна вэ. Хаана нь ямар алдаа байна. Бид юуг, яаж засахаар байна вэ?

-Эдийн засгийн эрх чөлөөний асуудал. Амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэл улс орны эдийн засагтай шууд холбогдчихдог. Төсөв, хөрөнгийг хувиарлаж байгаа шударга байдал. Нийгмийн баялгийг тэгш хүртээх асуудлууд үүнтэй шууд холбогддог. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд хөрөнгө, орлогын тэгш бус байдлууд бий болчихсон байна. Энэ нь нийгмийн дундаж давхрагаа бодитоор тэтгээд явах, жилд хэдэн мянган хүнийг эдийн засгийн чадавхтай болгож, ядуурлаас гаргаж чадаж байна вэ гэх мэтчилэн олон асуудлыг авч үзэх ёстой. Гэтэл үүнд нөлөөлдөг олон хүчин зүйлүүд байна гэж харж байгаа. Төр засгийн оновчтой бодлого, шийдвэр гарч чадахгүй байна. Орлого хангалттай түвшинд байгаа ч хөрөнгийн хувиарлалтыг зөв зохистой хувиарлаж чадахгүй байна. Энэ асуудлууд даамжрахаараа авилга, нийгмийн шударга бус байдал гэдэг зүйлүүд рүү халтирч ордог. Тэгэхээр хүний эрхийн үндсэн суурь шалтгаанууд авлигатай холбоотой байна гэдгийг үндэсний болон олон улсын экспертүүд хаа, хаанаа хүлээн зөвшөөрөөд үүнийг ил тод болгож, бууруулах, зөв бодлогоор шийдэж чадах юм бол эдийн засаг нийгэм соёлын эрхэд бодитой өөрчлөлт гарна гэж харж байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлд анхаарч байгаа нь хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах гол үндсэн механизм болно гэж харж байгаа.

-Түрүүн таны хэлсэнчлэн нэг эрх зөрчигдөж, нийгэм даяараа шуугихаар төрийн байгууллагууд, ХЭҮК гэнэт ухаарсан юм шиг гарч ирээд асуудлыг ярьж эхэлдэг. Хэсэг хугацааны дараа бүгд чимээгүй болчихдог. Хэсэг хугацааны дараа дахиад асуудал үүсэхээр дахиад бүгдээрээ гарч ирдэг. Энэ засаж, үалруулах асуудал дээр хаана нь ямар алдаа гарчхаад байгаа юм. Жишээлбэл цэргийн асуудал. Ил гараагүй судалгаа тайланг нь олоод үзэхээр ноцтой кэйсүүд олон гарсан байдаг юм байна лээ. Үүн дээр ХЭҮК ямар байдлаар анхаарч ажилладаг юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан байгаа юм. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсад төрийн алба хааж байгаа алба хаагч бүр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, дээдлэх үндсэн үүрэгтэй. Монгол Улсын ХЭҮК-ийн тухай хуульд Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо гэж тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр энэ тогтолцоонд хэн хамаардаг юм бэ гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн бүх шатны байгууллагууд хамаардаг. Эдгээр байгууллагууд, эрх бүхий хүмүүс яах гэж оршин тогтнож байгаа юм бэ гэхээр хүндээ үйлчлэх гэж, хүний эрхийг хамгаалах гэж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр хүний эрхийн асуудал гэнэт үүсээд гараад ирэхээр "ХЭҮК хаана байна. Ажлаа яагаад хийсэнгүй вэ. Анхаарал хандуулаач ээ" гэдэг зүйлийг ярьдаг. Бидний ажилладаг зарчим бол хүний эрхийг хангах ёстой төрийн байгууллагууд үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг дээр цомхон мэргэшсэн бүрэлдэхүүнээр хяналт тавих л үүрэгтэй. Ингэж хяналт тавиад тухайн салбарт байгаа асуудлыг нээлттэйгээр ил тод, дүгнэлт хэлбэрээр гаргаж ирж олон нийт болон УИХ, бусад холбогдох албан тушаалтнуудад мэдээлэх үүргийг гүйцэтгэж байгаа.

-Мэдээж та бүхэн бүх байгууллага дээр очоод хаана хүний эрх яаж зөрчигдөж байна вэ гээд хараад суух боломж байхгүй. Гэхдээ хүний эрхийн зөрчил гэдэг чинь энэ юм. Та ийм үндсэн эрхтэй гэдгийг ойлгуулах, соён гэгээрүүлэх чиглэлд та бүхэн яг ямар ажлуудыг хийж байна вэ?

-ХЭҮК-ын нэг чиг чухал чиг үүрэг нь таны хэлсэнчлэн хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх. Үүнийг бид 3 үндсэн арга замаар олон нийтэд хүргэхийг үндсэн чиглэлээ болгодог. Нэгдүгээрт хүний эрхийн боловсрол олгох албан ёсны тогтолцоог чадавхжуулах. Хүний эрхийн боловсрол олгох тогтолцоо гэдэг нь боловсролын байгууллагууд. Сургалтын тогтолцоонд хүний эрхийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн сургалтын хөтөлбөрийн агуулгуудыг суулгах замаар нөлөөлж, ойлгуулах ажлуудыг хийдэг. Хоёрудугаарт, олон нийт иргэд рүү ХЭҮК өөрсдөө цахим болон биечилсэн сургалтуудыг хййдэг. Гуравдугаарт тодорхой төрийн байгууллагуудад сургалт хийж, хүний эрх гэдэг чинь ийм агуулгатай шүү гэдгийг ойлгуулж, хүний эрхийн мэдрэмжтэй байгууллагуудыг бий болгоход анхаардаг.

-Та бүхэн шалгалт хийгээд шаардлага хүргүүлдэг. Тэр зөрчил арилсан эсэхэд эргээд хяналт тавьж чаддаг юм уу?

-ХЭҮК-ын гишүүний бүрэн эрх байдаг. Хүний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шаардлага хүргүүлдэг. Хүний эрх зөрчигдөх боломж нөхцөл нь бүрджээ гэж үзвэл урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлдэг. Өнгөрсөн 2025 онд нийт 83 зөвлөмж шаардлагыг төрийн байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн байна. Нэг шаардлага дотор хамгийн багадаа 3 хүний эрхийн асуудал байна гээд үзэхэд 250 орчим хүний эрхийн зөрчлийг засаж залруул гэж төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Төрийн байгууллага, албан тушаалтнууд манайхаас өгсөн шаардлагуудыг зохих түвшинд биелүүлээд хариуг нь ирүүлдэг. Зарим тохиолдолд биелэгдээгүй байх тохиолдлууд байна.

-Хэдэн хувь нь?

-Суурь шинжтэй асуудлууд бол биелэгдэхгүй. Шуудхан хэлэхэд 40 орчим хувь нь биелэгдэхгүй байна. Яагаад гэхээр төсөв хөрөнгөтэй холбогдчихдог. Цаашлаад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал болоод хувирчихдаг. Зарим тохиолдолд шаардлага, зөвлөмжийг хэлбэрийн төдий биелүүлж, хариу өгсөн болоод дуусгадаг газрууд ч байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн онд 8 төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцсон. Зарим тохиолдолд арга хэмжээ ав гэснийг биелүүлэхгүй байх тохиолдлууд ч байдаг.

-Олон байгаа байх. Жишээлбэл ямар газрууд, хэн, яагаад хүний эрхийн зөрчлийг арилгахгүй байна вэ?

-Сүүлийн үед гарч байгаа гомдол саналуудын дийлэнх хувийг хөдөлмөрлөх эрхтэй холбоотой, урлаг соёлын байгууллагуудтай холбоотой, төрийн үйлчилгээний байгууллагуудтай холбоотой гомдол саналууд эзэлж байна. Боловсрол, эрүүл мэнд гэх мэтчилэн. Тогтолцоондоо байдаг юм уу хариуцлага тооцож чадахгүй байна. Ний нуугүй ярихад дээшлэх тусмаа л хүндрэлтэй болдог. Засгийн газрын сайдад бид нар зөвлөмж шаардлагуудыг өгч байна. Ерөнхий сайдад өгсөн тохиолдол ч байгаа. Нэг үеэ бодоход Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хүний эрхийн ойлголт харьцангуй сайжирч, хариу өгдөг болсон байна. Нөгөө талдаа Засаг дарга нар болон дунд шатны удирдлагууд их хойрго байна. Ний нуугүй хэлэхэд анх удаа сонгогдсон эдгээр хүмүүст хүний эрхийн мэдлэг хандлага нь төдийлөн төлөвшөөгүй байгаад байна. Хүний эрхийн байгууллага гэдэг агуулгыг ойлгохгүй байна. Ойлгохыг хүсэхгүй байна. Өөрсдийгөө бид засаглаж байна гэж ярьж байна. Засаглан гэдгийг хүн болгонд хүчийг үзүүлж, эрх мэдэл хэмжээ хязгааргүй юм шиг ойлгож байгаа асуудлууд ч бас байна. Гэхдээ өөрчлөлтүүд гарч байгаа ч сонгуулийн дараагийн жилд ч гэдэг юм уу гомдол саналууд нэмэгддэг.

-Нэг албан тушаалтны асуудал яригдаж байгаа мэт боловч ард нь хүний эрхийн зөрчил яригдаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар эрх нь хамгаалагдсан хүн хохироод байна гэсэн үг шүү дээ. Гэтэл хариуцлага тооцож чадахгүй өнгөрч байна гэдэг чинь нэг талдаа та бүхний ажил үнэгүйдэж, нөгөө талдаа иргэд хохироод байна шүү дээ. Ингээд байгаад байх нь зөв юм уу?

-Шийдэж л байгаа л даа. Өнгөрсөн хугацааанд энэ асуудлыг танайх шийдээгүй. Энэ хүн ингээд хохирчихлоо шүү дээ гэж байгаа кэйс гараагүй. Гэтэл танайх шийддэггүй шүү дээ гээд байдаг. Бид өөрт оногдсон эрх үүргийнхээ хүрээнд аль болох бүгдийг нь шийдвэрлэхийг зорьж байгаа. Шийдэж байгаа. Зөвлөмж, шаардлага хүргүүлсэн болгонд хариуцлага тооцно гэсэн үг утга санаа бас биш. Зөвлөмж шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авна гэж байгаа юм. Тэгэхээр санаатайгаар биелүүлэхгүй байгаа тохиолдол бол 20-30 хувьтай байна. Үүн дээр бид арга хэмжээ авч байна. Гэхдээ ХЭҮК-ын гишүүн тушаал, шийдвэр гаргаад арга хэмжээ авчихдаг юм биш. Тэр албан тушаалтныг томилсон албан тушаалтан руу санал хүргүүлдэг. Тэгэхээр нөгөө нөхдүүд нь манайх судлаад цалинг нь тэдэн хувиар хасаад, сануулах арга хэмжээ авчихлаа гэдэг. Ер нь бол албан тушаал бууруулж, чөлөөлдөг юм бол их цөөхөн. Өнгөрсөн хавар эрүүл мэндийн нэг байгууллагад албан тушаалаас нь чөлөөлөх тухай бичиг явуулсан. Чөлөөлж чадахгүй л байна.

-Асуудал гаргасан хүн нь ямар албан тушаалтай хүн бэ?

-Эмнэлгийн дарга. Тэр даргыг томилсон даргад нь бид зөвлөмж, шаардлагаа хүргүүлсэн. Гэтэл 6 сарын дотор тэр дарга нь 6 сарын 4 солигдчихож байгаа юм. Тэр дарга ирээд хариуцлага тооцно л гэдэг. Тэгээд удалгүй солигдчихдог.

-Чөлөөлөх хэмжээнд шаардлага хүргүүлж байна гэдэг чинь их ноцтой зөрчил байна гэсэн үг. Яг ямар зөрчил гаргасан юм бол?

-Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ялгаварлан гадуурхалт явагдаж байна. Төрийн албыг өөрийнхөө хувийн компани шиг болгож, ажлын байрны дарамтыг үүсгэж байна. Хөдөлмөрийн хууль зөрчиж, илүү цагаар ажиллуулж байна. Хууль ёсны шаардлага тавьсан хүмүүст дарамт шахалт үзүүлж байна. Удирдлагын баг гэж бүлэг үүсгэчихээд алба хаагчиддаа зүй бус шаардлага тавьдаг гэх мэтчилэн асуудлууд бол түгээмэл байна. Төрийн албаны энэ хандлага, асуудлуудыг засаж, залруулах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлуудыг тасралтгүй хийж байгаа.

-Улс төрийн нөлөө танайд хэр их орж ирж байна. Таны ярианаас сонсоход ХЭҮК улс төрийн нөлөөллөөс болоод шийдвэр гаргахад жаахан төвөгтэй байдаг юм биш үү. Албан тушаалтнуудад хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг өөрөө маш том асуудал л даа?

-Улс төрийн нөлөө бол байхгүй.

-Хараат бус байж чадаж байгаа юу?

-Чадна. Чадаж байгаа.

-Нийт ирж байгаа гомдлуудын тодорхой хувь нь шийдэгдэхгүй байна. Хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудыг тушаал бууруулж, чөлөөлж чадахгүй байна гэдэг чинь хараат бус байж чадаж байгаа гэдэгтээ тань зөрчилдөөд байна л даа?

-Тэгж үзэхгүй л дээ. Жишээлбэл, 1460 гомдол ирж байна. Үүнээс шууд ХЭҮК шалгах гомдлууд гэж байна. Шалгахгүйгээр шууд харьяалан шийдэх газар руу нь шилжүүлж байгаа гомдлууд ч байдаг. Биелэхгүй байгаа асуудлын тухайд аваад үзэхээр хууль өөрөө хүний эрх зөрччихсөн хуультай кэйсүүд байгаа. Дээр хэлсэнчлэн төсөв санхүүтэй холбоотой хүндрэл учирдаг. Тэгэхээр хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай асуудал 30-60 хоногийн дотор шийдэгдэх боломжгүй болчхоод байдаг. Зөрчлийг арилгахад шаардлагатай байгаа тэр төсөв 30-60 хоногт шийдэгдчихдэггүй. Үүнээс үүдэлтэйгээр шийдэгдэж чадахгүй байгаа асуудлууд бол бий.

-УИХ-ын гишүүн Э.Болормааг Ховд аймгийн засаг дарга байхад нь танайхаас нэг шаардлага хүргүүлсэн байдаг. Тэр шаардлага хангагдсан үгүй нь тодорхойгүй чимээгүй болчихсон санагдаж байна?

-Яг Э.Болормаа гишүүнтэй холбоотой ямар асуудал гэдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Э.Болормаа гишүүнд Засаг дарга байхад нь шаардлага хүргүүлээд шаардлагыг хүлээж авсан тохиолдол бол бий. Товчхондоо бол уралдаан зохион байгуулсан гэсэн асуудлаар сумдын засаг дарга нартаа хариуцлага тооцоод манайд хариу хүргүүлсэн байдаг. Түүнээс яг Э.Болормаа гишүүнд хариуцлага тооц гэж Ерөнхий сайд руу явсан бичиг бол байхгүй.

-Өвлийн уралдаантай холбоотой хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлууд байнга л яригддаг. Өнгөрсөн хавар гэхэд хориглочихсон байхад уралдаан зохион байгуулсан асуудал Архангай аймагт гарсан. Үүнтэй холбоотойгоор та бүхэн ямар асуудлуудыг яаж шийдэв?

-Хүүхдийн эрхийн асуудлын Ж.Хунан гишүүн хариуцаад явдаг. Янз бүрийн арга хэлбэрээр уралдааныг зохион байгуулж байна гэсэн зөрчил мэдээллүүд иргэдээс ирдэг. Мөн орон нутагт ХЭҮК-ийн нэг ажилтан ажилладаг. Эдгээрээс ирсэн мэдээллийн дагуу бид шалгалтын ажиллагааг хийгээд нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хариуцлагыг дор бүр нь авдаг. Хамгийн их зөвлөмж, шаадлага явдаг салбарын нэг нь унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал байдаг.

-Саяхан 16 настай хүүхэд хохирсон асуудал гарсан. Хохирогчийн ар гэрийнхний хэлж байгаагаар эрх нь зөрчигдсөн олон л асуудалтай тулгарч байх шиг байна. Үүн дээр хохирсон хүмүүсийн эрхийг хамгаалах, нэмж эрх нь зөрчигдөхгүй байх чиглэлд хэрхэн анхаардаг вэ?

-ХЭҮК-ын тухай хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа ажиллагаанд ороолцохыг хориглоно гээд заачихсан байдаг. Тэгэхээр тэр талаар бүрэн мэдээлэл байхгүй байна. Харин бид нар тогтолцооны хувьд нь энэ асуудлыг авч үздэг. Хүүхэд хүчирхийллийн хохирогч болох ёсгүй. Хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ёстой албан тушаалтнууд үүргээ биелүүлж байна уу гэдэг дээр дүгнэлт хийж болж байгаа юм. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийлэл, хүүхдийн амь нас хохирох асуудал буурахгүй байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байгаа. Үүн дээр бодлоготой, ононвчтой, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаж байна уу гэвэл чадахгүй байна гэж үзэж байгаа. Хамгийн сүүлийн кэйс дээр гэхэд өмнө нь хэрэгт холбогдсон хүнийг ямар ч хяналтгүйгээр суллаж гаргаснаас үүдэж, нэг айлын 3 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарлаа. Ер нь хамгийн хүнд шийтгэл бол процесс байдаг. Хэргийг аль болох богино хугацаанд эргэлзээгүй шийдвэрлэж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээдэг чадавхтай тогтолцоог бүрдүүлэх ёстой. Сая таны хэлсэн 16 настай хүүхдийн кэйс дээр гэхэд бараг 2 жил үргэлжилж байна. Хуулийн хугацаа байгаа. Гэхдээ энэ төрлийн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэдэг байх чадавх дутмаг байна гэж дүгнэж байгаа.

-Сая таны хэлсэн процесс дээр нэг асуулт байна. Процесс дээр тэр хүнийг яллачихдаг. Иймэрхүү зүйлүүд алхам тутамд хүний эрхийг зөрчиж байхад яагаад чимээгүй яваад байдаг юм бэ гэдэг асуулт байна?

-Бид нар бол энэ зүйлүүдийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй л гэж харж байгаа. ХЭҮК-ын илтгэлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг хүний эрхэд ээлтэй, шуурхай байх тухай оруулж, холбогдох хүмүүст нь асуудлуудыг тавьдаг. Засаад явж байгаа гэж ойлгож байгаа.

Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай
Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай
 
ФОТО: 16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
ФОТО: 16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!