
Хэдхэн жилийн өмнөөс сайд дарга нараасаа авхуулаад нэг сая тэр байтугай хоёр сая жуулчин хүлээж авна гэх үгийг эмээхгүйгээр хэлдэг болов. Хэдий энэ тоо биелэхэд чанга хэдий ч жил ирэх тусам манай улсыг зорин ирэх жуулчдын урсгал нэмэгдэж байгаа нь үнэн. Энэ нь уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулахад бага ч атугай тус болох учиртай. Нөгөө талдаа гадаад руу аялах дотоодын жуулчдын тоо ч эрс нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэдий бид гадаадын жуулчдаас тодорхой хэмжээний орлого олж буй боловч гадагш "алдаж буй" валютын урсгал ч өндөр байна.
-2025 онд 420 мянган иргэн зөвхөн АЯЛАХ зорилготойгоор гадагш зорчжээ-
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар манай улсын 2.2 сая иргэн хилээр гарч, оржээ. Эдгээр иргэд гадагш боловсрол, эрүүл мэнд, албан томилолт зэрэг олон шалгаанаар зорчсон байх бөгөөд үүнд аялах зорилгоор зорчсон иргэд ч багтаж байна. Харин үүнээс зөвхөн аялах зорилготойгоор гадагш зорчсон нь 420 мянга байна. Дээрх графикаас харахад, гадаад улс руу аялахаар зорчсон иргэний тоо 2023 оноос хойш 190 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм.
-Манай улсад аялахаар ирсэн жуулчдын тоо 2023 онтой харьцуулахад 97 мянгаар нэмэгджээ-
Харин манай улсын зорин ирэх гадаадын жуулчдын хөл хөдөлгөөний тухайд,
Өнгөрөгч 2025 оны эхний 11 сард Монгол Улс 847 мянган гадаадын жуулчин хилээрээ нэвтрүүлжээ. Эдгээрээс 417 мянга нь зөвхөн монголын ёс заншил, байгаль, өв уламжлалыг үзэж харж сонирхохоор буюу АЯЛАХ зорилго тээн ирсэн жуулчид байгаа юм. Дээрх графикаас харахад, зөвхөн аялах зорилгоор хил нэвтэрсэн гадаадын жуулчдын тоо 2023 оны мөн үеэс 97 мянгаар, 2024 оны мөн үеэс 28 мянгаар нэмэгдсэн дүр зурагтай байна.
-Гадаадын жуулчдаас 1.8 их наяд төгрөгийн орлого олжээ-
Жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй байх нь тухайн салбарыг дагаж орлого төвлөрөлт нэмэгдэнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбараас хэр их хэмжээний орлогыг дотооддоо төвлөрүүлж чадав гэх асуулт энд урган гарч байна.
Дээрх графикаас харахад, жуулчдаас олох орлого сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Тухайлбал, 2025 оны эхний 11 сарын байдлаар 527.2 сая ам.долларыг олжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 100 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 2025 онд л гэхэд гадаадын жуулчдаас 1.8 их наяд төгрөгийн орлого олжээ.
-Монгол иргэд 2025 онд 845 сая ам.долларыг гадаадад аялахад зарцуулжээ-
Тэгвэл бид хэр их валютыг гадагш аялахдаа зарцуулсан бэ. Дараах графикт,
Өмнөх графикт харуулсанчлан жил ирэх тусам манай улсын иргэдийн гадаад улс орныг зорьж, аялж амрах нь нэмэгдсэн. Тэгвэл дотоодын аялагчид маань гадаад улс руу аялахдаа өнгөрөгч онд нийт 845 сая ам.долларыг зарцуулжээ. Аялалд 2023 онд 466 сая ам.долларыг зарцуулж байсан бол энэ дүн 2024 онд 683 сая ам.доллар, 2025 онд 845 сая ам.доллар болтлоо өсчээ.
-Нэг иргэн гадаадад аялахдаа дунджаар 7-8 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ гаргаж байна-
Бид гадаад болон дотоодын жуулчдаас олсон орлого, зарлагын дүнг мэдэж авлаа. Тэгвэл аяллын дундаж өртөг хэр байгааг бид сонирхлоо. Тодруулбал, ханшны зөрүү болон бусад хүчин зүйлээс шалтгаалан манай улсын иргэдийн гадаадад аялахдаа зарцуулж буй дундаж зардал бусад улсын иргэдийн монголд ирэхдээ гаргаж буй зардлаас өндөр байгаа нь дараах графикаас харагдана.
Тодруулбал, манай улсын иргэд гадаадад аялахдаа дунджаар 2000 орчим ам.доллар буюу 7-8 орчим сая төгрөгийг зарцуулж байна.
-Олсноосоо ихийг гадагш "алдсан"-аар аяллын үйлчилгээний тэнцэл АЛДАГДАЛТАЙ гарлаа-

Дээрх үзүүлэлтүүдээс харахад, манай улсын аяллын үйлчилгээний ТЭНЦЭЛ хасахтай буюу АЛДАГДАЛТАЙ гарчээ. Өөрөөр хэлбэл, манай улсын иргэдийн гадагш аялалд зарцуулсан валютын дүн монголд ирэх гадаадын жуулчдаас олсон орлогоос давсан гэсэн үг юм. Өнгөрөгч 2025 онд аяллын үйлчилгээний тэнцэл -318.4 сая ам.доллар гэж гарсан бөгөөд энэ нь гадагш бид орлогоосоо давсан буюу 318 сая ам.долларыг гадагш "алдсан" гэж ойлгож болох юм.
-Зуны саруудад жуулчид хамгийн их ирж байгаа ч өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дутагдаж байна-

Дээрх графикаас харахад, манай улсыг зорин ирж буй гадаадын жуулчид ихэнхдээ зуны улиралд ирж байна. Тэдний сонголт 6-8 дугаар саруудад байгаа юм. Хамгийн их нь үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 7 дугаар сард ирдэг болохыг ч анзаарч болно. Энэ тоон мэдээ бидэнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгтэй байгааг ч мөн адил сануулж байна. Учир нь бид зуны хэдхэн саруудад найдаж суух нь утгагүй юм.
-Монголчууд өвлийн саруудад гадаад руу буюу халуун орон руу аялахыг илүүд үзэх болжээ-

Аялж зугаалж буй иргэд ихэнхдээ зуны улирлыг сонгон аялах нь их. Гэхдээ сүүлийн жилүүдэд өвлийн саруудад халуун орныг зорих иргэд ч нэмэгдсэн. Үүнийг дээрх нэг жилийн график ч нотолно. Тодруулбал, 2025 оны 12, 1 дүгээр саруудад бусад саруудаас ч илүү их хүн гадагш аялахаар зорчсон байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!