“Эрчист Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй ярилцлаа
-Таны хувьд "Эрчист Монгол" нэгдлийн удирдлагын ажлыг хүлээж авснаас хойш 7 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд гол төлөв юун дээр төвлөрч ажиллав гэдгээс ярилцлагаа эхэлье. Мэдээж шинээр байгуулагдсан бүтэц гэдэг утгаараа анхаарах, зохион байгуулах ажлууд нэлээдгүй их байсан болов уу гэж бодож байна?
-Ажлаа хүлээж авснаас хойш гол төлөв харъяа компаниудынхаа санхүүгийн дүн шинжилгээг нарийвчилж хийлээ. Олон нийтийн дунд төрийн өмчит компаниуд ашиггүй ажилладаг, данхар бүтэцтэй гэх мэт нийтлэг ойлголт байдаг. Бидний хувьд компани бүрийн санхүүгийн тайланг татан авч, дүн шинжилгээ хийж, орлого, ашгийн маржин, хөрөнгө оруулалтын төлөв зэрэгт дүн шинжилгээ хийж, эхний байдлаар дүгнэлтүүдээ гаргаад байна. Хоёрдугаарт, засаглалаа хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр төвлөрсөн.
Жишээлбэл, эрчим хүчний компаниуд дээр 26 ТУЗ ажиллаж байсныг 14 болгон буурууллаа. Энэ нь эргээд давхардсан чиг үүрэг, зардлыг бууруулахаас гадна илүү цомхон бүтцээр шийдвэр гаргалтыг түргэсгэх уялдааг хангаж буй юм.
Гуравдугаарт, төрийн өмчит компаниудыг IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болгох зорилгыг тавьж буй. Ингэснээр төрийн өмчит компаниудын засаглал сайжрах, ашигтай ажиллах цаашилбал хувьцаа гаргаж босгосон хөрөнгөөрөө компанидаа хөрөнгө оруулалт хийж техник технологийн шинэчлэл хийх боломжууд гарна гэдэг үүднээс холбогдох бэлтгэл ажлуудыг хийж байна. Тухайлбал, МИАТ бол манай харъяанд байгаа компаниуд дундаа хамгийн түрүүнд IPO хийгээд олон нийтэд нээлттэй болох боломжтой компани. Бизнесийн салбар нь яалт ч үгүй өрсөлдөөнтэй салбар. Бизнес нь өргөжиж, нислэгүүд нэмэгдэж байна. Үүний хэрээр хөрөнгө оруулалтуудыг ч нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа.
-Та яриандаа санхүү чиглэлд анхаарсан талаараа дурдлаа. Ер нь ТӨХК-иуд дээр гол яригддаг асуудал нь шаардлагагүй худалдан авалтууд. Энэ утгаараа санхүүгийн сахилга батыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигддаг. Тэгвэл энэ чиглэлд хяналт шалгалт хийсэн зүйл байгаа юу?
-Тийм ээ. ЭХЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулж, эрчим хүчний компаниудын худалдан авалтуудад дүн шинжилгээ хийж ажилласан. Бид долоо хоногийн хугацаанд ажиллахад л зах зухаас нь нэлээн олон зөрчлүүд илэрсэн.
Жишээлбэл, 2 жилээс дээш хугацаатай актласан бараа материал их хэмжээгээр байна. 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37 тэрбум төгрөгийн нийт бараа материалын үлдэгдэлтэй байна. Түүн дээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд 1.8 тэрбум төгрөгийн үнэ цэн бууралтыг бүртгэсэн байгаа юм. Үнэ цэн бууралт гэдэг нь зохимжгүй, буруу худалдан авалт хийсэн л гэсэн үг.
Мөн нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг өөр өөр үнээр худалдаж авсан зөрчил илэрсэн. Иймээс бид цаашид нэг цонхоор нэгдсэн худалдан авалт хийдэг, түүндээ хяналт тавьдаг стандартчилсан процессыг бий болгохоор ажиллаж байна. Тэгэхгүй бол бараа материалын чиглэлд ганцхан хяналт шалгалт хийхэд ийм алдаа дутагдлууд гарч байна шүү дээ. Хэрэгцээгүй, давхардсан, хэт нөөцөлсөн худалдан авалт хийх шаардлагагүй. Энэ чинь бүгд л мөнгө шүү дээ. Цаашид хөрөнгө оруулалтаа оновчтой, өгөөжтэй хийх ёстой гэдэг үүднээс хяналтаа тавьж ажиллана.
-Нөгөөтээгүүр "Эрчист монгол" нэгдэл байгуулсны зорилго нь харьяа ТӨХК-иудын алдагдлыг бууруулж, үр өгөөж ашигт ажиллагааг сайжруулах явдал. Таныг ажлаа хүлээж авах үед нөхцөл байдал ямар байв. Энэ хугацаанд ямар үр дүн гаргав?
-Жишээ татаад ярьвал, ТОСК ТӨХК-ийг бид мэднэ шүү дээ. Тус компанийн санхүү дээр ажиллаад цалингийн фондоос нь 2 тэрбум орчим төгрөг хэмнэж байна. Өөрөөр хэлбэл, орон тооны цомхтголын хүрээнд тухайн бүтэц дээр энэ хэмжээний цалингийн хэмнэлтийг бий болгож байгаа юм. Өмнө хэлсэнчлэн эрчим хүчний компаниудын ТУЗ-ийг 14 буюу 50 хувиар бууруулсан нь жилдээ 2 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломж нээгдэж байгаа гэсэн үг. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хувьд Монгол Улсын шилэн кабелын сүлжээг гол удирдаж явдаг компани. Тус компанийн зардал чиглэлд бид ажилласан. Ингэхдээ инженер техникийн ажилчдын зардал, орон тоо дээр хөндөөгүй. Цаашид ч хөндөхгүй. Харин удирдлагын түвшинд дарга удирдлага, менежерүүдийн давхардсан орон тоо, цалингаас хэмнэлт бий болгож, түүнийгээ инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх ажилд ашиглана гэж бодож байгаа.
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК дээр худалдан авалт дээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарсан. 2026 оноос зөвхөн үйл ажиллагааны зардал дээрээс нь 500 сая төгрөгийн хэмнэлт гарахаар харагдаж байна. Зарим эрчим хүчний компаниуд дээр орон тооны цомхтгол хийгдэж байгаа. Үүний үр дүн ирэх онд илүү харагдана гэж бодож байна.
-Санхүүгээс гадна засаглалын асуудал бий. Нийтлэг ойлголтоор, ТӨХК-иуд дээр байгаа данхар бүтцийг цомхон болгох шаардлага бий. Гэхдээ нөгөө талд чадварлаг боловсон хүчинг ажиллуулж байж үйл ажиллагаа сайжирна. Тэгэхээр энэ тэнцвэрийг хэрхэн барьж байна вэ?
-Засаглалын асуудлыг авч үзэхэд, бид хамгийн түрүүнд Төлөөлөн Удирдах Зөвлөлүүдийг шинэчлэх шаардлагатай. Ер нь бусад орнуудын жишгийг харсан ч цаашид ТӨХК-иудын ТУЗ-д улс төрийн томилгоо хийхээс илүүтэй мэргэжлийн менежерүүд, компани удирдаж байсан туршлагатай хүмүүсээс бүрдүүлдэг болох нь чухал. Энэ бол маш зөв жишиг. Алсдаа ТӨХК-иудаа олон нийтэд нээлттэй компани болгож IPO хийх гэж байгаа бол олон улсын шаардлага нь ч ийм байна. Тэгэхээр энэ чиглэлд анхаарч ажиллах нь зөв. Компаниудын санхүүгийн чадавхыг нь сайжруулаад илүү ашигтай ажилладаг болговол компани өөрөө санхүүгийн хувьд сонирхол татахуйц болж эхэлнэ. Ингэж чадвал тэнд өндөр боловсролтой мэргэжлийн боловсон хүчин, сайн менежерүүдийг татан оруулж, ажиллуулах боломж нь үүснэ гэж харж болно.
-Саяхан Ерөнхий сайд цаасан дээр байгаа ТӨХК-иудыг олон нийтэд нээлттэй компани болгох ажлыг бодит ажил хэрэг болгож эрчимжүүлэх тал дээр ажиллах шаардлага байгааг сануулна лээ. Нэг талдаа нээлттэй компани болгохоор зорьж байгаа нь сайшаалтай. Гэхдээ манай ТӨХК-иуд өөрсдөө олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох шалгуур, шаардлагаа хангаж чадах уу гэдэг асуудал байна?
-Ний нуугүй хэлэхэд, IPO хийх шаардлагад нийцэж байгаа нэг ч компани байхгүй. Гэхдээ үүнийг өөрчилж болно. Жишээлбэл, бид өмнө МИАТ гээд ярьсан шүү дээ. Тус компанийн IPO дээр Г.Занданшатар Ерөнхий сайдын Засгийн газраас маш тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Бидний харж байгаагаар, МИАТ ТӨХК нь өөрөө том компани учраас IPO хийхэд дотоодын төдийгүй олон улсын бирж дээр гаргах нь илүү зохимжтой гэж харж байгаа. Олон улсын тавцан дээр МИАТ гэдэг брендийг гаргаж ирэх боломж үүснэ. Мэдээж гадаадын биржүүдийн тавьж буй шаардлага маш өндөр. Жишээлбэл, сүүлийн гурван жилд IPO хийх гэж байгаа компаниудыг заавал олон улсын санхүүгийн аудит хийлгэсэн байхыг шаардаж байгаа. Яг одоогоор манай харьяанд байгаа нэг ч компани олон улсын аудит хийлгээгүй. Тиймээс 2026 оны төсөвт МИАТ ТӨХК-д олон улсын санхүүгийн аудит оруулах санхүүжилтийг суулгаж өгч, аудит оруулна. Энэ бол бодит ажил. Ер нь олон улсын бирж дээр IPO хийх бэлтгэл ажилд багадаа 2 жилийн хугацаа шаардагдана. Тиймээс бид эртнээс ажлаа урагшлуулах үүднээс урьдчилсан байдлаар стратегийн хөрөнгө оруулагч байх боломжтой олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзсан. Тэд ч нэлээн сонирхож байгаа. Тэдгээр компаниуд нь туршлага арвинтай учраас бидэнд зөвлөх байдлаар ажиллаж байгаа. IPO хийх бэлтгэл ажилд нэлээдгүй хугацаа шаардагдана. Дор хаяад олон улсын байгууллага аудитаа хийхэд 6 сарын ажил шүү дээ. Энэ утгаараа өнгөрсөн гурван жилийн хугацаан дах аудитыг хийхэд цаг хугацаа орно.
-Энэ өвлийг цахилгаан, дулааны дутагдалд орохгүйгээр давна-

-Өнгөрсөн зургаадугаар сард ТЭЦ3-д осол гарахад ЭХЯ болон танайх "Манайд шилжиж ирээгүй" гэдэг зүйлийг ярьж байсан. Харьяа компаниуд дээр шилжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн үү?
-Эрчим хүчний компаниуд дээр эл асуудал бүрэн шийдэгдэж, нэг талдаа гарсан. ЭХЯ болон Эрчист Монгол ХХК дүрэмд өөрчлөлт оруулж, тухайн шилжилт хөдөлгөөнийг хийчихсэн.
-Эрчим хүчний реформыг эхлүүллээ гээд сүржин эхэлсэн. Гэвч үүний дараахан энэ салбар ЭХЯ, Эрчим хүчний реформын үндэсний хороо, Эрчист монгол гээд гурван толгойтой мангас шиг болчихлоо гэдэг шүүмжлэл гарсан?
-Тухайн үед жаахан ташаа мэдээлэл явчихсан л даа. Бид ЭХЯ-тай нягт хамтарч ажиллаж байгаа. ЭХЯ бодлогын яам. Өдөр тутмын үйл ажиллагаанд нь Эрчист Монгол оролцдоггүй. Бид илүү санхүү, төсөв хөрөнгө, засаглал, хөрөнгө оруулалт, ашгийг нэмэгдүүлэх тал дээр нь яаж, хэрхэн сайжруулалт хийх вэ гэдгийг анхаардаг. Ашигтай болж байж гаднын хөрөнгө оруулалтыг татна. Ашиггүй ажиллаж байгаа нөхцөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Мөнгөө ч өгөхгүй шүү дээ. Бид үүн дээр ажиллаж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил тэргүүтэй өдөр тутмын ажил дээр яам түлхүү ажиллана. Мэдээж бид бүх хамтарсан ажлын хэсгүүд дээр оролцоод ажиллаж байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажил, худалдан авахтай холбоотой ажлын хэсэгт манай компанийн төлөөлөл орж ажиллаж байгаа. Энэ мэтчилэн оролцоо байгаа гэсэн үг.
Ингээд харвал эрчим хүчний салбар хоёр, гурван толгойтой болсон зүйл байхгүй.
-Хэдийгээр тусдаа бүтэц боловч үйл ажиллагааны хувьд хоорондоо холбоотой ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ.
-Танай харьяа дулааны болон цахилгаан түгээх станцууд дээр өвөлжилтийн бэлтгэл ажил хэр байгаа вэ. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа юу?
-Нөхцөл байдал хэвийн байгаа. Өнгөрөгч зургаадугаар сарын гарсан ослоос шалтгаалж Улаанбаатар хотын дулаан хангамж дээр тодорхой эрсдэл үүсгэсэн. Гэхдээ эл асуудалд ЭХЯ болон манайх хамтран ажиллаж, асуудал шийдэгдсэн. Энэ өвлийг цахилгаан, дулааны дутагдалд орохгүйгээр давна. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.
-Богино хугацаандаа жижиглэнгийн хэрэглээний эрчим хүчний үнийг хэт савлагаатай байлгаж болохгүй-

-Манайд бүхий л салбарт төрийн оролцоо байгаа нь эргээд тухайн салбарыг "боомилж" байгаа үйлдэл гэж шүүмжлэх хүн олон. Тэр дундаа сүүлийн үед эрчим хүчний реформоо зоригтой хийж, энэ салбарт өрсөлдөөн бий болгох ёстой гэх болсон?
-Эрчим хүчний реформ бол дунд болон урт хугацааны томоохон ажил. Бусад улс орнуудын туршлага, түүхийг харахад нэг өдрийн дотор эрчим хүчний салбарынхаа либералчлалыг хийчихсэн нь үгүй. Шат дараатай хийсэн байдаг. Манай улс одоогоор нэг цонхны худалдан авах системтэй шүү дээ. Диспечрийн үндэсний төв нь бүх нийлүүлэгчдээс эрчим хүчээ аваад хуваарилж зардаг. Дараагийн шат нь тодорхой том хэрэглэгч дээр дуудлага худалдааны систем рүү шилжих ёстой. Өөрөөр хэлбэл, иргэдийн болон жижиг бизнесүүдийн хэрэглээ нь одоо байгаа системээрээ явж, илүү том хэрэглэгч нараа дуудлага худалдааны систем рүү оруулах нь зөв. Ингэж бид эрчим хүчний реформд тест хийж үзэх ёстой. Гаднын зөвлөхүүдтэй уулзаж байхад, үүнийг л хэлдэг. 2026 оноос ийм шилжилт рүүгээ орох байх гэж найдаж байна. Тиймээс богино хугацаандаа ямартай ч жижиглэнгийн хэрэглээний эрчим хүчний үнийг хэт савлагаатай байлгаж болохгүй.
-Ирэх онд "Эрчис монгол" нэгдэл ямар ажил дээр төвлөрөх вэ?
-Оны эцэс дөхөөд ирэхээр 2026 оны зорилтот түвшин, компаниудын төсөв, төлөвлөгөө зэрэг дээр төвлөрөн ажиллаж эхлээд байна. Үүний хүрээнд харьяа компаниудынхаа ашгийг хэрхэн сайжруулах вэ, өгөөжийг яаж дээшлүүлэх үү, ямар зардлуудыг танах боломж байна вэ гэх зэргээр илүү хэрэгжүүлэлт тал руугаа ажиллана гэсэн үг. Яагаад гэвэл манай компани 2025 эхээр байгуулагдахад энэ оны зорилтот түвшин батлагдсан байсан. Компани дөнгөж байгуулагдаад зохион байгуулалтын ажил ихтэй байсан тул 2026 онд илүү үр дүн, өөрчлөлтүүдийг гаргаад явна. Өмнө ярьсанчлан МИАТ ТӨХК-ийн IPO хийх бэлтгэл ажлуудаа эрчимжүүлнэ. Монголын төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилт дээр ажиллана. Шинэ төмөр зам гэдэг утгаараа логистикийн төв болон бусад хөрөнгө оруулалтууд дээр нь зөвлөөд явна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Ярилцлагын төгсгөлд асуухад, таны хувьд "Эрчист монгол" нэгдэл байгуулагдсаны гол үр дүн, ач холбогдол нь юу вэ. Уул уурхайн компаниуд дээр "Эрдэнэс монгол" нэгдэл одоо үргэлжлээд эрчим хүчний ТӨХК-иудыг багтаасан "Эрчист монгол" гээд бүтэц бий боллоо. Цаашид энэ шинэ бүтцийг улам тогтвортой, үр дүнтэй ажиллуулахад юун дээр анхаарах вэ?
-Яамдууд аж ахуйн шинжтэй ажилд оролцох ёсгүй гэх зарчим маш зөв. Яам бодлогоо авч явдаг байх ёстой. ТӨХК бол ашгийн төлөө компани. Өмчлөлийн хэлбэр нь л өөр. Тиймээс энэ компаниудыг ашигтай л ажиллуулах гол шаардлага бий. Олон жил ашгийн бус мэтээр явж ирсэн, том бүтэцтэй явж ирсэн. Одоо үүнийг өөрчлөх цаг нь болсон. Засаглалын сайжруулах цаг нь болсон. Зарим тохиолдолд "Эрчист монгол" ХХК-ийн харьяанд байгаа компаниудыг хувьчлаад, манай харьяанаас гарахыг үгүйсгэхгүй. Бид бүх л ТӨХК-иудыг өөрийнхөө дор хамж аваад байх шаардлага байхгүй.
Жишээлбэл, Сингапурын манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Темасек компани байдаг. 1974 онд байгуулагдаад харьяа компанийнхаа анхны IPO-гоо 10 жилийн дараа буюу 1984 онд хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ процесс өнөө маргаашгүй хийчих зүйл биш. Гол нь бид нар тууштай байж, компаниудынхаа санхүүгийн үзүүлэлтийг нь сайжруулж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц болгох хэрэгтэй. Түүнчлэн зарим компаниудыг хооронд нь нэгтгэнэ. Компани болгон төв оффистой, удирдлага түүний зардалтай. Зарим ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хооронд нь нэгтгэнэ. Бид ямартай ч эхний ээлжинд ТУЗ-ийг нь нэгтгээд тест хийгээд явж байна. Дараагийн удаа эдгээр компаниудыг хэрхэн нийлүүлж, давхардсан зардлуудаа хэмнэх вэ гэдэг ажил өрнөнө.
Саяхан бид Нью-Иоркод төвтэй хөрөнгө оруулалтын сантай уулзсан. Тухайн компани нь ТӨХК-иудад хөрөнгө оруулаад IPO хийх замаар хөрөнгө оруулалтын өгөөжөө гаргаж авдаг компани. Тэдний хэлж буйгаар, танайх шиг жижиг эдийн засагтай улс оронд холдинг компани өөрсдийн IPO хийхэд зохимжтой байдаг. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс монгол" эсхүл "Эрчист монгол" ХХК-иын дор байгаа компаниудыг тус бүрт нь IPO хийхээс гадна толгой компани нь IPO хийдэг жишиг олон улсад бий. Ингэснээр их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, эргээд босгосон санхүүжилтээ харьяа компаниуддаа хөрөнгө оруулалт байдлаар зарцуулах боломж байдаг гэх санаа өгч байна лээ.
Ярилцсанд баярлалаа
ШУУД ҮЗЭХ: