Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай саналыг нэгдүгээр сарын 16-нд УИХ-ын даргад хандан тавьсан юм. Хуульд зааснаар эл асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрээ гаргаж, чуулганаар хэлэлцүүлэх ёстой байсан ч хоёр гишүүн нь гадаадад томилолтоор ажиллаж байсан тул ирц бүрдсэний дараа хэлэлцэх ёстой хэмээн үзсэн. Тус хороо өчигдөр л энэ асуудлыг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн. Өнөөдөр /2020.01.24/ УИХ-ын гишүүн Ч.Улааныг Германаас ирэхээр үргэлжлүүлэн хуралдаж гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргана.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах болсон асуудлыг гурван үндэслэлтэй холбон тайлбарласан. Үүний нэг нь нууцын зэрэглэлд хамаарч байгаа гэж тайлбарласан.
Гэхдээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-д тавигдахаас өмнө Н.Номтойбаяр гишүүнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хууль зөрчин нэр бүхий компанид зээл олгосон, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан холбогдох хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдээлэл өгсөн зэрэг үндэслэлүүдээр буруутгагдаж байсан билээ.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар багтдаг юм.