16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр болно. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.
-Хоёр эмэгтэй хүнийг зэрлэгээр хөнөөсөн, тэр дундаа 16 настай охиныг хөнөөгөөд чемоданд нуусан гэх хэрэг олны анхааралд орж өдийг хүртэл шийдэгдээгүйд шүүмжлэлтэй хандаж байна. Хуульч мэргэжилтэй гишүүний хувьд дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хууль тогтоогчийн хувьд шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж болохгүй. Монгол хүний шударга ёс, ёс суртахууны хэм хэмжээнээс давсан байдал нийгэмд гарч ирж олон нийтийн сэтгэлийг өвтгөж байна. Монголчууд маань хаашаа яваад байна вэ гэх асуудал ч гарч ирлээ. Хуульч хүний хувиар харахад, хууль шүүхийн байгууллага хэр шударга ажиллаж байна вэ гэдэгт сүүлийн нэг жил анхаарч ирсэн. Яг үнэндээ, прокурор дээр шинэчлэл хийгдээгүй, уламжлалт байдлаар хяналтгүй явж ирсэн тогтолцоо байна. Ер нь бид прокуророо шүүхийн хяналтад оруулах эсвэл олон нийтийн хяналтад оруулахгүй бол шударга ёс үйлчилж чадаж байгаа эсэх дээр маш том асуултын тэмдэг байсаар байна.
Прокурорын шинэчлэлийг ярих цаг нь болсон гэж үздэг. Өмнө нь ч гэсэн П.Цагааныг Сингапураас баривчлах үед “Баривчлахгүй” шийдвэр гаргаж байсан. Энэ нь яг үнэндээ, прокуророос ирсэн санал бөгөөд үүнийх нь дагуу шүүх шийдвэрээ гаргачихдаг. Гэтэл нийгэм шүүх, шүүх гээд бухимдаж байхад прокурор хэзээ ч тайлбар хийдэггүй. Тэгэхээр энэ мэт асуудлуудыг харвал, прокурор, хууль, шүүхийн байгууллага дээр дүгнэлт хийж, хууль ижил тэгш үйлчилж чадаж байна уу гэдэг дээр дүгнэлт хийх цаг нь болсон гэж үзэж байна.
-2026 оны төсвийг харахад, прокурорын байгууллага баахан л байшин барилга бариулж байна-
-Энэхүү жишээн дээр хэрэг үйлдсэн гэх нэг этгээд нь насанд хүрээгүй утгаараа сул чөлөөтэй явж буйд олон нийт бухимдсан. Мөн бүтэн жилийн хугацаанд шийдэгдээгүй ирсэн нь ял завших боломжийг олгож, шүүхэд итгэх иргэдийн итгэл улам буурч байна гэж харагдаж байгааг юу гэж харж байна вэ?
-Хэргийн үйл, баримттай танилцаагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Хараагүй, үзээгүй зүйлд дүгнэлт хийхээс илүү бодлогын чиглэлд юу анхаарах талаар дүгнэлтээ хийж байгаа.
Миний харж буйгаар, прокурорын байгууллагад анхаарах ёстой. 2026 оны төсвийг харахад, прокурорын байгууллага баахан л байшин барилга бариулж байна. Урсгал зардал нь жил бүр нэмэгддэг. 2020, 2021 онтой харьцуулахад хэд дахин ихэссэн. Үнэхээр ихэслээ гээд үр дүн гарч байгаа юм уу. Прокурорын байгууллага сайн ажиллаж байна гэх үнэлэлт дүгнэлтийг хаана өгөөд байгаа юм.
Засгийн газар, УИХ ажлаа сайн хийхгүй бол ард түмэн үнэлгээгээ өгөөд огцруулдаг. Прокурор дээр тийм зүйл алга. Прокурорын байгууллагад шинэчлэл хийх талаар удаа дараа ярьж байсан ч дорвитой ажил хэрэг болж чаддаггүй. Энэ нь ч эрх мэдэл бөөгнөрч, хаалттай байгаагийн шинж гэж боддог.
Яг үнэнийг хэлэхэд, прокурорын байгууллага нээлттэй, хүртээмжтэй ажиллах асуудлыг хөндөөд шүүмжлэлтэй хандахаар “Прокурорын байгууллагыг битгий шүүмжлээч ээ” гэх асуудал дарга нараас орж ирдэг.
Нийгэмд гарч буй хэргүүд ч прокурорын байгууллага ажлаа хийж чадаж байна уу гэдэгт анхаарах шаардлагатайг дахин дахин анхааруулсаар байна.
-Зэрлэг балмад хэрэг гарах бүрд нийгэм “Цаазын ялыг сэргээнэ, сэргээхгүй” гэж хоёр хуваагддаг. Цаашид цаазын ял байх ёстой юу, үгүй юу?
-Миний хувьд хуулийн хэрэгжилтэд анхаарч, хуулийн асуудалд шударга ёсны институт бэхжиж чадсан эсэхэд илүү анхаараасай гэж бодож байна. Мэдээж, сэтгэл эмзэглүүлсэн асуудалд үр хүүхэдтэй хүн бүр санаа зовж байгаа. Тэглээ гээд цаазын ялыг сэргээх нь шийдэл биш. Монгол Улс цаазын ялаас үүдэлтэй хэлмэгдүүлэлтийг арилгах зорилгоор Ц.Элбэгдоржийн үед НҮБ-ын түвшинд манлайлсан. Үүнээс ухралт хийх ёсгүй. Цаазын ялыг сэргээлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Эрх мэдэл төвлөрсөн, ардчилал, эрх чөлөөний асуудлаа бэхжүүлэх гээд хичээж яваа энэ үед хэлмэгдүүлэлт, янз бүрийн бусармаг байдалд ашиглагдах вий гэсэн болгоомжлол байгаа учраас хуулийн хэрэгжилт шударга байхыг илүү нарийн, хэрсүү байдлаар харж шинэчлэлүүдийг хийх ёстой.
-Мөнгө төгрөгтэй хүмүүсийн хүүхэд өмгөөлүүлээд ялгүй өнгөрч, боломжгүй хүүхдүүд нь ял аваад ирдэг” гэх яриа бий-
-Ер нь хэргийн шийдвэрлэлт дээр мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүсийн хүүхэд хөнгөн ял авах эсвэл цагаатгагдаад өнгөрдөг бол энгийн иргэдийн хэрэг маш хурдан шийдэгддэг байдал ч шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ байдал хэзээ арилах бол?
-Энэ бол маш эмзэглүүлсэн асуудал. Дарга нарын хүүхдүүдийн хэрэг яаж шийдэгдэж байгаа нь ойлгомжгүйгээр алга болчихдог, хохирогч нь хохирлоо хэрхэн төлүүлэхээ мэдэхгүй цөхөрдөг жишээнүүд олон. Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувиар Хүүхдийн хорих ангид очиж ажиллаж байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай ярьж байхад “Яг үнэнийг хэлэхэд мөнгө төгрөгтэй хүмүүсийн хүүхэд өмгөөлүүлээд ял авахгүй өнгөрдөг. Харин боломжгүй хүүхдүүд нь яалт ч үгүй хорих ял аваад ирдэг” гэж ярьж байсан.
Нүд нь гэнэн цагаахнаараа, дээрээс нь эрэгтэй хүүхдүүд хоригдож байхыг хараад маш эмзэглэсэн. Юунаас болж байна вэ гэхээр, тухайн хүүхдээс бус, орчин нөхцөл болон шударга ёсыг хүртэх хүртээмж нь харилцан адилгүй байгаа нь харагдаж байгаа юм. Үүнийг зайлшгүй өөрчлөх ёстой. Өөрчлөлт хийхгүйгээр Монголын нийгэм цаашид өмнөх шигээ ижил тэгш, уужуу байж чадахаа болих вий дээ гэсэн санаа зовнил байгаа.
-Сүүлийн жилүүдэд гарч буй хүүхэд хүчирхийллийн гэмт хэргийн мэдээллийг харахаар, ихэнхдээ төрсөн болон хойд эцэг, хамаатан садандаа хүчирхийлүүлсэн байдаг. Энэ асуудалд ямар гарц шийдэл байгаа бол?
-Энэ бол нэлээн олон талтай асуудал. Ганцхан гарц шийдлээр шийдэгдэхгүй юм билээ. Сүүлийн үед ч гэсэн бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг нэмэгдэж байна. Ихэнх нь танил тал, хамаатан садандаа хүчирхийлүүлсэн жишээнүүд байдаг. Үүний гол шалтгаан нь архидалт, ядуурал мөн соён гэгээрүүлэх ажил хийгдэхгүй байгаатай холбоотой. Бид ядуурал, архидалттай тэмцэх ёстой. Аль аль талдаа соён гэгээрүүлэх ажлаа орхигдуулсан байна. Үнэнийг хэлэхэд, сүүлийн хэдэн жил төсвийн хөрөнгө оруулалтыг харахаар, баахан цементэн байшин цутгаад, тэр нь үр өгөөжтэй эсэх нь мэдэгдэхгүй явдаг. Гэтэл яг хүн рүүгээ чиглэсэн соён гэгээрэл буюу архи, тамхи, хүчирхийлэл, хар тамхины эсрэг ажлууд маш хангалтгүй байна.
Тэгэхээр хүний оюун санаанд нөлөөлөх зөв ажлуудыг хийхгүй бол ядуурал их байгаа нөхцөлд ганц нэг хэрэг дээр ялын бодлого өөрчиллөө гээд дорвитой арга хэмжээ авч чадахгүй.
-Төр боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн соён гэгээрлийн ажлаа алдагдуулсан-
-Та соён гэгээрлийг тамхидалттай холбож ярилаа. Таны санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд үүнийг хэрхэн зохицуулж өгсөн бэ?
-Энэ бол яг төрийн хийх ёстой ажил. Боловсрол, эрүүл мэнд рүү чиглэсэн соён гэгээрлийн ажлаа алдагдуулсан. Яагаад алдагдуулсан бэ гэхээр, төсөв мөнгөний асуудлаа л ярьдаг. “Хийх хүнд арга нь олддог, хийхгүй хүнд шалтаг нь олддог” гэдэг шиг хийе гэвэл олон арга зам бий.
Архидалт, тамхидалттай холбоотой дата судалгааг аваад үзэхээр, маш бага онцгой албан татвартай. Татварын бодлогоор нийгмийн эрүүл мэндээ хамгаалж чаддаггүй. Архи, тамхи буюу хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг “Нүглийн татвар” гэдэг. Энэ нүглийг багасгахын төлөө татвар тавьдаг. Тухайн татвар нь өөрөө архидалт, тамхидалтыг багасгахад зарцуулагдах ёстой.
Харин манайд яаж явж ирсэн бэ гэхээр, жаахан татвараа улсын төсөв рүү татаж аваад архи, тамхины эсрэг зарцуулагддаггүй, хэн нэгний байшин, цемент болж дуусаад байна. Тиймээс “Тамхины хяналтын тухай хууль”-иар тамхинаас авч буй онцгой албан татвараа “Эрүүл мэндийг дэмжих сан”-д төвлөрүүлэхээр тусгасан. Энэ нь хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх үйлсэд зарцуулагдана.
-Татвар нэмэхээр бага насны хүүхдүүд тамхи авах нь багасна гэж байгаа ч нөгөө талаараа тамхидалт нь далд байдалд шилжихгүй юу?
-Үүнийг мэдээж судалгаанд үндэслэн хийж байгаа. Далд байдал руу шилжих үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Монгол Улс дэлхийд байхгүй хямдхан тамхитай болчхоод байна. Хил даваад Эрхүү ороход, яг адилхан тамхи 2-4 дахин үнэтэй худалдаалагддаг. Тиймээс тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, олон улсын жишигтэй тэнцтэл ямар ч далд байдал үүсэхгүй. Өмнө нь 2017 онд тамхины онцгой албан татвар нэмэгдэх үед ч гэсэн “Далд байдалд шилжинэ” гэж эсэргүүцэж байсан. Улмаар хууль хэрэгжиж эхэлснээс хойш хийгдсэн судалгаагаар, ямар нэг хуурамч тамхи орж ирж далд байдал руу шилжсэн зүйл байгаагүй.
Мэдээж огцом биш үе шаттайгаар татварыг нэмэгдүүлснээр тамхидалт буурна. Тамхидалт буурснаар нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн асар их ач холбогдолтой шүү гэдгийг ойлгуулахыг хичээж хуулийн төслөө боловсруулсан.
-Ярилцсанд баярлалаа.