Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДҮГНЭЛТ: Төсөв дэх урсгал зардлын “трэнд“ хэвээр үргэлжилбэл 2028 онд төсвийн орлого зөвхөн урсгал зардлаа даах төдий хэмжээнд хүрэхээр байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 46 секунд

УИХ ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төсөлд дүгнэлтээ гаргаж, УИХ-д танилцуулаад байна. Тус зөвлөлөөс 2026 оны төсвийн бодлогын чиглэл нь эдийн засгийн нөхцөл байдалтай нийцтэй байгааг онцолсон байдаг. Харин анхаарах ёстой зарим агуулгыг дараах байдлаар дурджээ.

-Төсвийн урсгал зардлын "тренд" үргэлжилбэл 2028 онд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30-аас хэтэрч, төсвийн орлого зөвхөн урсгал зардлаа даах төдий хэмжээнд хүрэхээр байна-

-Энэ удаагийн төсвийн төсөл Монгол Улсыг хөгжүүлэх 2026-2030 оны 5 жилийн үндсэн чиглэл батлагдаагүй байхад хэлэлцэгдэхээр байгаа нь Үндсэн хууль болон Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг сулруулах нөхцөлийг бий болгож байна.

-Төсвөөр дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжих боломж хязгаарлагдаж байна гэж дүгнэжээ. Тодруулбал, 2020-2024 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2 хувь, нэрлэсэн ДНБ-ий өсөлт 17 хувь байсан тренд цааш үргэлжилбэл гурван жилийн дараа буюу 2028 онд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30-аас хэтрэхээр байна. Энэ нь цаашид төсвийн орлого зөвхөн урсгал зардлаа даах төдий хэмжээнд хүрэх, төсвөөр эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжих орон зай хумигдах нөхцөлийг бий болгоно. Иймд төсвийн урсгал зардлыг өсгөж буй хууль эрх зүйн зохицуулалтыг эргэн харах шаардлагатай байна.

-Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн болон мөнгөний бодлогын уялдаа хамаарлыг сайжруулах шаардлагатай хэвээр байна

-ТӨХК-иуд ашигтай ажиллахгүй бол Үндэсний баялгийн сангийн орлого тасалдах эрсдэл учирч болзошгүй-

Төсвийн орлого, тусламжийн хувьд, төсвийн орлого бүрдүүлэлт эрсдэлтэй хэвээр байгааг дүгнэлтэд онцолжээ.

-Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтын орлогоос 240.3 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, 156.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд хуримтлуулахаар төлөвлөжээ. Хэрэв АМНАТ-ын орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй, энэ салбарт ажиллаж буй төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахгүй бол Үндэсний баялгийн сангийн орлого тасалдах эрсдэл учирч болзошгүй.

-Хятадын эдийн засгийн нөхцөл байдал нүүрсний экспортод гол эрсдэлийг дагуулж байна-

-Улсын төсвийн орлого нь уул уурхайн салбараас тэр дундаа экспортод гаргаж байгаа эрдсийн түүхий эдийн биет хэмжээ болон дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай байгаа нь төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлэхэд эрсдэл дагуулсан хэвээр байна. Ирэх онд нүүрсний экспортыг 90 сая тн, зэсийн баяжмалын экспортыг 1.9 тн-д хүргэх зорилт тавьж, нүүрсний зах зээлийн үнийг тн тутамд 70 ам.доллар, зэсийн зах зээлийн үнийг 9,700 ам. доллараар тооцжээ. Олон улсын байгууллага, шинжээчдийн таамаглалаар 2026 онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ ерөнхийдөө тогтвортой байх төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн хэрэглээ, олборлолтын бууралтаас үүдэн үнэ буурах, нийлүүлэлтийн илүүдэл үүсэх хандлага үргэлжилсээр байгаа ч таамаглал нүүрсний төрөл, бүс нутгаас хамаарч харилцан адилгүй байна.

Эрчим хүчний нүүрсний үнэ 2026 онд эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага зэрэг өсөх магадлалтай байгаа бол харин коксжих нүүрсний үнэ бага зэрэг буурах төлөвтэй байна. Ирээдүйн үнэд нөлөөлөх гол хүчин зүйлс нь дэлхийн гангийн эрэлт, Австрали зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн хязгаарлалт, Хятад зэрэг хэрэглэгч орнуудын бодлогын өөрчлөлт зэргээс хамаарч байна.

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрс зөвхөн Хятад улс руу гарч байгаа учраас тус улсын эдийн засгийн нөхцөл байдал нүүрсний экспортод гол эрсдэлийг дагуулж байна.

-Хийсвэр, үндэслэл муутай тооцоолол бүхий ТЕЗ нарын саналыг төсөвт тусгадаг нь жилээс жилд өртөг нь өсөн нэмэгддэг барилга, объектыг нэмж байна-

-Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн ерөнхийлөн захирагчдын 61 тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэх 316 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах дүн нь 2026 оны төсвийн зарлагаас хэт өндөр байна.

-Улсын төсөв ба орон нутгийн төсөв хоорондын одоогийн харилцааг шинэчлэх замаар Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай.

-Төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлж төлөвлөх тогтолцоог зохистой хэрэгжүүлэхгүй байгаа нь үр дүн, үр өгөөжийг бууруулж байна.

Одоогоос 10 жилийн өмнө 2015 онд 1,396.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гаргаж байсан. Харин 2025 онд 8,885.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтын зардал 6 дахин нэмэгджээ.

Үүнээс үзвэл, 2014-2015 онд хөрөнгө мөнгөний дутагдалтай, төсөв хүрэлцээгүй байгаагийн улмаас шийдвэрлэгдээгүй хөрөнгө оруулалтын асуудлуудыг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэх боломжтой байжээ. Ийнхүү ихээр өсөн нэмэгдсэн хөрөнгө оруулалтын зардал дотор нэг салбарыг орхигдуулж, нөгөө салбарт хэт түлхүү хуваарилсан төслүүд, оновчтой бус, хэт өндөр өртөг зардалтай барилга объект олон тусгагдаж ирсэн.

Ингэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үнэлэх, эрэмбэлэх тогтолцоо, дүрэм журамд алдаа дутагдал, сул тал олон байгааг энд дурджээ.

Тодруулбал, эдийн засгийн шинжилгээ, тооцоолол хийгээгүй төслийг Сангийн яам хүлээн аваад 30 гаруй хоногийн дотор бүхий л төслүүдийг зөв оновчтой үнэлэх, эрэмбэлэх боломжгүй юм.

Ийм ч учраас жилээс жилд ач холбогдол багатай, оновчгүй хөрөнгө оруулалтын төсөл төсөвт тусгагдах, төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөв, зардал, гүйцэтгэлийн явцад ихээхэн хэмжээгээр өсөн нэмэгдэх тохиолдол дахин дахин гарсаар байна. Анх төслийг төлөвлөж, хүлээн авахдаа эдийн засгийн үр ашгийн тооцоолол үнэлгээг хийгээгүй, хийсвэр, үндэслэл муутай тооцоолол бүхий төсвийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсний төлөө тухайн ТЕЗ нар ямар ч хариуцлага хүлээхгүй явж ирсний улмаас энэ байдал жилээс жилд даамжирч өртөг нь өсөн нэмэгддэг барилга, объект, нэмэгдсэн төсөвт зардлын дүн ихээхэн өсөн нэмэгдэж байна.

-Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамрах хүрээ хэт өргөн байгааг хязгаарлах шаардлагатай.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.1 заалтыг цаашид илүү тодорхой болгох, 0-18 насны хүүхэд, багачууд, өндөр настанд хуулийн энэ заалт бүрэн үйлчлэх, харин 18-60 хүртэлх насны иргэдэд тодорхой нөхцөлтэй, хязгаартайгаар зардлыг нь хариуцдаг байхаар нэмэлт зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 18-60 хүртэлх насны иргэний эмчилгээний зардлыг даатгалын сангаас гаргадаг байх, харин эмнэлгийн ор хоног ашигласан, хоол цайны мөнгийг эмчлүүлж буй иргэн өөрөө хариуцдаг байхаар өөрчилж болохоор байна. Ийм зохицуулалтыг хийснээр зайлшгүй шаардлагатай бус нөхцөлд хэвтэн эмчлүүлэх сонирхолтой иргэдийн тоо цөөрөх, улмаар өдрийн эмчилгээг илүү түлхүү хөгжүүлэх нөхцөл боломж бүрдэх болно.

-Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Э.Болормаа: Миний бие “Намайг эргүүлэн татвал МАН-ыг самарна“ гэж хэлээгүй. Намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл цацагдаж байна
Э.Болормаа: Миний бие “Намайг эргүүлэн татвал МАН-ыг самарна“ гэж хэлээгүй. Намын эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл цацагдаж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.