УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхтэй цахимаар холбогдож, ярилцсанаа өөрийн цахим хуудсаараа шууд дамжууллаа. Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх нь Монголын нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны хүү билээ. Одоо гэр бүлээрээ АНУ-ын Вашингтон хотод амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэд олон зүйлийн талаар ярилцсан бөгөөд заримаас нь хүргэж байна.
Б.Ж: Танай Америкаар сонин сайхан юу байна.
С.С: Сонгуулийн дараа хэрүүл шуугиантай л байна. Хөл хориотой холбоотойгоор шуудангаар санал зөөсөн нь л асуудал болоод байх шиг байна.
Б.Ж: Аргагүй шүү дээ. Шуудангаар авч ирсэн нэг саналаа есөн удаа уншуулчихаар чинь... Ер нь, Америкчууд компьютер бүтээчхээд монголчуудаас долоон дор юм аа. Монголд бол хар машин гэж юмаараа саналаа тоолж уншуулчхаад л эксел программ дээр тоог нь өөрчилчихдөг. Тэрийг нь СЕХ дарга уншаад л болоо...
С.С: Тэр нь ч арай юу юм бэ.
Б.Ж: Алиа хошин, урлаг соёл, бөхчүүд улс төрдөө ороод суучхаж байгаа биз дээ.
С.С: Энд өдөртөө 4000, 5000 хүн нас бараад байдал хүнд л байна.
Б.Ж: Манай энд ажил хийж байгаа хүн нь буруутдаг, хийдэггүй хүн нь зүгээр үлддэг сонин тогтолцоотой. Онцгой комиссоо яасан ч их муулдаг юм. Тэгээд улс төрчид нь ч фэйсбүүкээр л ажлаа хийх юм дөө. Төрийн эрхийг гартаа авсан л бол хийх юм аа хийгээд явахгүй. Ингэж байгаад энэ айхтар вирусийг дотооддоо алдчих юм бол гуравхан сая хүн юухан байх вэ дээ. Сүүлдээ эмнэлэг, эм тариа ч олдохоо байна. Одоо өвлийн цагт ямар ажил байх вэ дээ. Америк шиг машин, онгоц хийх биш. Зуны улиралд л цөөхөн хэдэн юм хийдэг юм чинь хөл хориог ингэж замбараагүй тавьж болохгүй байх аа.
Ерөнхий сайдын сүүлд гаргасан шийдвэр зөв зүйтэй алхам боллоо. Зоримог, шийдвэртэй алхмууд хийхгүй бол болохгүй байна.
С.С: Гадаадад байгаа монголчууд Монголын амьдралыг өдөр бүр шагайж, чих тавьж суудаг. Эх орондоо байгаа монголчуудаас илүү их мэдээлэлтэй байдаг
Б.Ж: Та нар олон юм яриад байх юм бэ. Ханцуйгаа шамлаад хийлцэхгүйгээс хойш хэцүү шд.
С.С: Орно, орно. Гадаадад байгаа урлагийнхан ялангуяа бадарчин шиг явж байж л шинэ зүйл олж түүнийгээ импортолно.
Б.Ж: Чамд одон медаль бий билүү?
С.С: Бий бий. Алтангадас, Соёлын тэргүүн бий.
Б.Ж: Гадаадад байгаа хүнд яагаад өгөөд байгаа юм бэ. Аргалын утаа үнэрлэж, эх орондоо бүтээлээ хийж байгаа хүмүүст өгөх ёстой.
С.С: Зөв зөв. Хөгжим бол хилийн тогтоон дотроо, хөмөрсөн тогоон дотроо сонсоно гэсэн үг биш шүү дээ. Тэрийг хийж байгаа хүмүүс байхад би давхцаж дайраад хэрэггүй биз.
Б.Ж: Манайд академик урлаг бараг сөнөх гээд байна.
С.С: Монголд сонгодог урлаг Азидаа нэг номерт хөгжиж явсан. Монголд сонгодог урлагийн суурь маш бат бэх тавигдсан.
Б.Ж: Чи хэзээ Америк руу зугтсан юм бэ?
С.С: Зугтаагүй ээ. 2000 онд “Торгоны зам” гээд Ази Европыг холбосон төсөлд уригдаад анх АНУ-д алхсан даа.
Б.Ж: Алхсан гээд урлагийн хэлээр гоё хэлээд байна аа.
С.С: Тэгээд үсэрлээ гэлтэй биш дээ.
Б.Ж: Чи минийхээр бол оргодол.
С.С: Тэрнээс хойш ирэн очин байсан. Тэр төслийн хүрээнд “Хархорум” гэж зохиолоо бичсэн. АНУ-д концерт холл-д зураг даруулдаггүй нэг муу тал бий... Тэр үед фэйсбүүк гэж байсан биш.
Б.Ж: Манайхан бол утсан дээрээ бичлэг хийчхээд л ам бариад байдаг.
С.С: Ам барих, гар барихыг би анзаараад л байдаг. Уран бүтээлч хүн олонд танигдахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгж байж л жинхэнэ тоглолтыг хийнэ. Сүүлийн үед хөдөлмөрлөхгүйгээр өөрийнхөө авьяасыг таниулах гээд байдаг.
Б.Ж: Манай урлагийнхан чинь маш хурдан од болдог. Дээшээ гараад тэнгэр хараад зогсчихно. Бууж ирэхгүй.
С.С: Гайгүй байх аа. Би бол сонгодог урлагийнхантайгаа их ойр байдаг. Тантай би ярилцах дуртай байдаг нь монголын бизнесменүүд дундаас урлагт илүү элэгтэй, санаа тавьж, хөрөнгө оруулалт хийгээд явж байгааг эртнээс мэднэ л дээ.
Б.Ж: Монголд маш олон кино хийгдээд л байх юм. 10 тэнэг кино хийж байснаас ганц Хүний хувь заяа шиг хүний сэтгэл зүрхийг зүссэн кино хийж болохгүй байгаа юм бэ?
С.С: Надад найман жил хөгжмийн зохиомжийн ухаан заасан манай багш хэлдэг байсан юм. Урлаг ус ихтэй, чимэг ихтэй болчихоороо л заваарчихдаг юм даа гээд. Давид гээд 5 метр өндөр баримал байдаг даа. Тэрийг анх харсан хүмүүс “Та яаж ийм гайхалтай зүйлийг хийв ээ” гэж асуухад Микеланжело “Би хийгээгүй юм аа. Үүнийг чулуун дотор байхад нь цэвэрлээд гаргаад ирсэн юм аа” гэж хэлсэн байдаг. Манай багш “Урлаг байгаль дээр байж байдаг. Түүнийг цэвэрлэж гаргаж ирэх нь л таны мэдлэг, авьяас чадвар юм даа” гэж хэлдэг байсан. Их даруухан, гоё үг л дээ.
Б.Ж: Манай бүх салбарын оргиналь хувилбарууд нь 1990 оноос хойш гараад зугтчихсан юм байна даа гэж боддог. Сансараа минь энд тэнэгийн дотор уужуу гэдэг шиг бүх зүйл амар болсон шд. Чи хэр зэрэг юм уншаагүй байх тусмаа л алдартай болно оо гэж ойлгож болно. Хэрэв хүнээс жаахан илүү юм мэдээд эхлэх юм бол амьтны ад болно.
С.С: Яахав. Тийм цаг үе байдаг байх. Түүхэнд ч гэсэн маш олон хөгжмийн зохиолчид амьдарч байсан цаг үедээ ад болоод явж байсан. Оросын өнөөгийн алдарт хөгжмийн зохиолчид тухайн цаг үедээ нам, улсаа магтсан юм хийж л байсан. Тэгж олсон мөнгөөрөө нөгөө жинхэнэ урлагийг бүтээж байсан байдаг. Ихэнх нийгэмд тийм завсрын нугалаа байдаг юм байна л даа. Бүр гуйлгачин амьдралаар амьдарч байгаад үхсэн алдартнууд байдаг.
Б.Ж: Таныг тэгвэл үхсэн хойно чинь л ойлгоно гэж бодож байгаа юм уу?
С.С: Ойлговол сайхан л байна. Би Монголын өсвөрийн хөгжимчдөд зориулж 33 ардын дууг гаргасан. Монгол хүүхдүүд Моцарт, Бетховеноор сурах биш монгол хөгжмөөрөө эхлэх ёстой гэж бодсон. Аав маань амьд ахуйдаа хийж байсныг дуусгасан. 33 ардын дууг хүүхдүүд тоглох дуртай байдаг. Энд ч тоглож байна.
Б.Ж: Та ингэхэд уран бүтээл гэж юм хийж байна уу?
С.С: Уран бүтээлгүй өдөр гэж байхгүй.
Б.Ж: Шинээр гаргасан юм байна уу?
С.С: Хийж л байна. Нэг шинэ бүтээл гаргах гээд энэ ондоо арай л амжихгүй байж магадгүй болчихлоо. Энд уран бүтээлч гээд зогсоо зайгүй уран бүтээлээ хийгээд байгаа юм алга. Хажуугаар нь амьдрахын тулд багшилж байна. Шөнө дөлөөр л уран бүтээл дээрээ сууж байна даа.
Б.Ж: Манай энд бол уран бүтээлчид завгүй. Шөнөдөө хэдэн баар, цэнгүүн хэсээд л дуулаад явчихна. Концерт зарлаад амаа хөдөлгөдөг байсан бол сүүлийн үед бүр хөгжимчид нь гараа барьдаг болсон. Хөгжимдөж байгаа юм шиг хөдөлгөөд л...
С.С: Тэр ёстой харамсалтай. Олон зүйл дээр харж байна. Хуучин ам барьдаг байсан бол одоо гар барьдаг болсон нь анзаарагдаад байна л даа. Хөгжмийн зохиолч болохын тулд найман жил сурахдаа хөгжмийг судалдаг. Тэрэн дотор чинь маш их дугаралтыг сонсоно. Бичлэг, жинхэнэ тоглолтыг ялгадаг.
Б.Ж: Та нэг хоолны газар ороод бууз захиалсан чинь гуриланд цаас боогоод өгвөл таалагдах уу. Шинэ жил, арга хэмжээн дээр дуучдыг урихаар ирээд гар утсаа өгдөг. Гар утсан дээрээсээ бичлэг явуулчхаад дуулахгүй, амаа хөдөлгөөд байдаг. Тэгээд юу дуулахаа хэлэхгүй мөртлөө хэдийг өгөх юм бээ л гээд байгаа юм. Би дуучин Нарантай Эрдэнэтэд тоглолтоор явсан чинь гар утсан дээрх бичлэг нь явахгүй. Тэгсэн чинь бичлэгээ Америкад хийлгүүлсэн гээд уурлаад байгаа юм. Ер нь, та тэр бичлэгийг хийгээгүй биз дээ.
С.С: Монголынхыг хэлж мэдэхгүй байна. Энд хэрэв ам барьж дуулах юм бол ичиж, цайтал нь биччихдэг. Энд амжилттай явж байгаа урлагийнхан 100 хувь өөрөө юмаа шийдэж чаддаггүй. Менежер бүх зүйлийг нь зааж явдаг. Бичлэг явах уу, амьдаараа явах уу гэдгийг нь хүртэл хэлдэг. Хэрэв ам баривал медианууд нь бичээд л тавьчихдаг.
Б.Ж: Хятадад бол шууд бууддаг гэсэн. Урлаг ойлгодоггүй бол жаргадаггүй гэж Вашингтоноос нэг хүн хэлсэн гэсэн. Хулхийг нь ч хамаагүй сонсоод л байж байхаас.
Наана чинь байдал ямар байна. Маскаа зүүж байна уу?
С.С: Маскгүй хүн байхгүй л байна.
Б.Ж: Монголчуудыг маск зүүгээд явахаар л муухай хараад байсан. Одоо л мэдэж дээ.
С.С: Өнөөдрөөс энд нийтээрээ вакцинд хамрагдана.
Б.Ж: Та нарыг харж байж л хийлгэхээс. Эхлээд та нар дээр туршина. Чи очоод вакцинаа хийлгээдэх.
С.С: Надад бол хүртэхгүй. Эхлээд өндөр настан, зорилтот бүлгийнхэнд хийнэ гэсэн. Хийлгэчихвэл танд хэлье. Хоёр, гуравдугаар сар гэхэд нийтээрээ хамрагдсан байх төлөвлөгөөтэй байгаа юм билээ.