
Өнөөдөр өглөө Бээжин хотноо Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүн нар “Сибирийн хүч-2” болон “Зүүн холбоо” хийн хоолой байгуулах тухай “MOU” (харилцан ойлголцлын санамж бичиг)-т гарын үсэг зуржээ. (Энэ нь ямар нэгэн гэрээ биш).
Дашрамд дурдахад “Сибирийн хүч-1” 2019 онд ашиглалтанд орсон ба 2022 оны байдлаар нийт хүчин чадлынхаа дөнгөж 50%-д хүрч байгаа нь өөрөө чамлалтай үзүүлэлт аж. Улмаар 2022 оноос энэхүү төслийн 2 дах үе шатын яриа хэлэлцээр эхэлсэн.
Хятад эрчим хүчний хэрэглээгээр хамгийн том нь мөн эрчим хүчний тэр дундаа газрын тос, байгалийн хийн гадны хамаарал маш өндөр бөгөөд дан ганц байгалийн хийг аваад үзвэл нийт хэрэглээнийхээ 65%-ийг импортоор авдаг.
“Сибирийн хүч-2” хоолойгоор жил бүр Оросоос Хятад руу 500 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх юм. Энэ нь Хятадын байгалийн хийн хэт хараат байдлыг бууруулах стратегийн өндөр ач холбогдолтой.
“Газпром” компанийн захирал А.Миллерийн хэлснээр, шинэ хоолой Монгол улсын нутгаар дайран өнгөрөх ба нийлүүлэлтийн хугацаа 30 жил байх бөгөөд Хятадруу нийлүүлэх хийн үнэ нь Европын зах зээлээс доогуур тогтоогдох тул урд хөрш тогтвортой эрчим хүчийг илүү хямд үнээр авах боломжтой гэж онцолсон.
Улмаар энэхүү төслөөс хийн хоолойг салаалаад хэрэглээд өгье гэсэн ч зах зээл нь үгүй Монгол улсад үзүүлэх эдийн засгийн нөлөөг авч үзвэл:
Нийт 6 аймаг, 22 сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд бүгдийг нь газар дор суурилуулах юм гэнэ. Ингэснээр барилга угсралтын үе шатанд 12 мянган ажлын байр шинээр бий болж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ.
Мөн түүнчлэн бид жил бүр дамжуулах төлбөр авах ба энэ нь манай ДНБ-ий 2–3%-ийг (200-300 сая доллар) бүрдүүлнэ гэж тооцож байгаа аж.
Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа нь зүгээр нэг худалдаа биш бөгөөд дараах ач холбогдолтойг дурдах нь зүйтэй.
- Орос-Украины дайнаас хойш Европ Оросоос импортлох байгалийн хийн хэмжээгээ огцом бууруулсан. Оросоос Европруу экспортлох хэмжээ 80% буурсан гэж албаныхан мэдээлсэн. Иймд Хятадын зах зээл Оросын хувьд эдийн засгаа аврах гарц мөн.
- Барууны хоригийг тойрон гарах, дэлхийн эрчим хүчний худалдааг доллароос ангид болгоход түлхэц болно.
Эцэст нь бид юуны духанд хүрэлгүй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан мэдээгээр эцэс төгсгөлгүй талцаж хуваагдаад хэрэггүй. Мэргэн уншигч та энэ нь гэрээ биш гэдгийг тунгаан ойлгож хүлээцтэй хандах нь мөнхийн хоёр хөрштэйгээ эв эе түшилцэж орших Монгол улсын эрх ашигт нийцэх буй заа.
Э.Очбаяр