Одоогоос сар гаруйн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэх шийдвэр гарч, энэ дагуу журмыг өөрчлөн баталсан. Энэ өөрчлөлтөөр зөвхөн “том”-чуудын хүүхдүүдэд олддог гэх шүүмжлэл дагуулдаг тус зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн агуулга нь хамгийн том давуу тал байв.
Жишээ нь, БЗС-гийн зээлээр гадаадад сурах оюутнуудад тавигдах шаардлагад дэлхийн топ 50 сургууль гэж заасан байсан бол 100 болж нэмэгдүүлснээр өмнөхөөс 2 дахин олон хүүхэд энэ зээлээр гадаадын сургуульд сурах боломж нээгдсэн гэсэн үг. Өмнө нь нэг айлаас зөвхөн 1 хүүхэд л төрийн дэмжлэг авах боломжтой байсан бол шинэчилсэн журмаар шалгуурт тэнцэж л байвал нэг айлын хэдэн ч хүүхэд ч зээлд хамрагдах боломжтой болсон нь бас л давуу тал. 10-аас дээш жил малчнаар ажиллаж байгаа бол 1 хүүхдийг нь БСЗ-д зээлд хамруулахаар тусгасан нь ч бас давуу тал.
Зээлд хамрагдахад дэлхийн топ-20 сургуульд тэнцэх нь сул тал болно
Гэвч журмын энэ өөрчлөлт дэлхийн шилдэг 20 сургуульд тэнцсэн хүүхдүүдэд халгаатай аж. Өөрөөр хэлбэл, хамгийн шилдэг 20 сургуульд тэнцсэн бол энэ нь БЗС-гийн зээлийн шалгуурт бол сул тал болох юм байна.
Учир нь:
Шинэ журмын 3.10-т зээлд сонгон шалгаруулахдаа дараах 3 зүйлийг үндэслэнэ гэж тусгажээ.
- Дэлхийн шилдэг их сургуулийн (THE rank) эрэмбийн жагсаалтыг үндэслэн 25 хүртэл оноо;
- Сургалтын төлбөрийн нийт хэмжээнээс хамаарч 35 хүртэл оноо.
- Тэтгэлгийн хэмжээг үндэслэн 40 хүртэл оноогоор дүгнэж шалгаруулна
Эндээс 3 дахь заалт буюу “тэтгэлгийн хэмжээг үндэслэн 40 хүртэлх оноогоор дүгнэнэ” гэсэн нь дэлхийн топ 20 сургуульд тэнцсэн оюутнуудыг сургуульгүй үлдэхэд хүргэж байгааг эцэг эхчүүд шүүмжилж, Боловсролын сайдаас эхлээд холбогдох шат шатны байгууллагад амаар болон бичгээр гомдол гаргасан ч хэн нь ч хариу өгөөгүй хэмээн эцэг эхийн төлөөлөл мэдээлж байна.
Зээлд хамрагдахын тулд 100 хүртэлх оноогоор дүгнэгдэх ба энэ онооны хамгийн их нь буюу 40 оноо нь суралцагч тэнцсэн сургуулиасаа тэтгэлэг авсан байх үзүүлэлтэд хамаарч байгаа юм. Тодруулж хэлбэл, БЗС-гийн зээлд хамрагдах хамгийн том шалгуур үзүүлэлт нь тэнцсэн сургуулиасаа тодорхой хэмжээний тэтгэлэг авсан байх. Гэтэл дэлхийд эхний 20-д багтдаг топ сургуулиудаас тэтгэлэг авна гэдэг бараг боломжгүй зүйл аж. Эдгээр сургуулиудад тэнцэх гэдэг л өөрөө дэлхийд ховорт тооцогдох тохиолдол атал нэмээд бүр тэтгэлэг ав гэсэн шаардлагыг тавьж байгаа нь хамгийн шилдэг 20 сургуульд тэнцсэн бол БЗС-д хамрагдах боломжийг хааж байгаа хэрэг хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа аж.
“Шилдэг сургуулиудын сонгон шалгаруулалт дууссаны дараа журмаа өөрчилсөн нь хамгийн их хохирол дагуулсан”
Энэ заалтаар зээлд хамрагдах боломжгүй болсон хүүхдүүдийн хамгийн их ундууцаж байгаа асуудал нь БЗС-гийн журмыг шинэчлэхдээ дэлхийн ихэнх топ сургуулиуд сонгон шалгаруулалтаа хийж дууссаны дараа зээлийн журмаа өөрчилсөн явдал гэнэ. Тодруулбал, топ-20 сургуулиудын ихэнх нь 5-р сарын 1 гэхэд суралцагчдаа сонгон шалгаруулж дуусаад, хүүхдүүд аль сургуульд орох нь тодорхой болчихсон байдаг үе аж.
Гэтэл зээлийн журмыг 4-р сарын 30-ны өдөр шинэчилж, 5-р сарын 23-ны өдөр шинэ журмаар зээлийн хүсэлт хүлээж авах шугамыг нээсэн аж. Харамсалтай нь аль хэдийн топ-20-д тэнцчихсэн баяр хөөр болж байсан хүүхдүүд, шинэ журамд тааруулж сургуулиа өөрчлөхөөс нэгэнт хожимдсон байсан аж. БЗС-гийн журмын шинэчлэлээс үүдэн зээлд хамрагдах боломжоо алдсан 12 хүүхэд байгаа юм байна.
О.Сийлэгмаа: 10 хүүхдийг дэлхийн топ-20 сургуульд сургах уу, эсвэл шилдэг 100 сургуульд мянган хүүхэд сургах уу гэдэг л сонголт
БЗС 32 жилийн хугацаанд нийт 14 мянган хүнд энэ зээлийг олгосноос 1200 нь гадаадад, 12.800 нь дотоодод сурсан байна. Эдгээр 14 мянган иргэнд нийт 300 орчим тэрбум төгрөгийн зээл олгосны 204 тэрбумыг нь гадаадад сурсан 1200 хүнд олгосон бол, 96 тэрбумыг нь дотоодод сурсан 12.800 суралцагчдад олгожээ. Өөрөөр хэлбэл нийт зээлийн 91.4 хувийг нь гадаадад сурсан цөөнхөд олгосон бол, 9 хүрэхгүй хувийг нь дотоодод сурсан 12800 хүнд хувааж олгосон гэсэн үг.
Эндээс хамгийн их анхаарал татаж байгаа нь 32 жилийн хугацаанд олгосон 300 орчим тэрбум төгрөгийн 94 хувийг нь сүүлийн 13 жилд олгосон аж.
Энэ нь сүүлийн жилүүдэд зээлд хамрагдаж буй хүүхдүүд хэт өндөр төлбөр бүхий сургуулиудад суралцаж байгаатай холбоотой гэдгийг БЗС-гийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа тайлбарлав.
Тэрбээр “Дэлхийн топ-20 багтах сургуулиудад сурч байгаа нэг хүүхдэд дунджаар дунджаар 1.2 тэрбум төгрөгийн зээл олгодог. Нэг хүүхдэд л ийм хэмжээний зээл олгох эдийн засгийн чадамж манайд хэр билээ гэдгийг бодох хэрэгтэй. Гэтэл энэ сургуулиудад дээд тал нь 10 хүүхэд л суралцаж байгаа шүү дээ. Тэгэхэд хүүхэд бүрд тэрбум төгрөг зарцуулж 10 хүүхдийг дэлхийн топ-20 сургуульд сургах уу эсвэл шилдэг 100 сургуульд хэдэн мянган хүүхэд сургах уу гэдэг л сонголт байгаа юм. Тиймээс хэт өндөр өртөг бүхий сургуульд сурч буй цөөн хүүхдэд зээлийг олгох биш дундаж төлбөртэй сургуульд аль болох олон хүүхдийг хамруулж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь энэ журмын шинэчлэлийн гол агуулга юм” хэмээв.
"Тэтгэлэг аваагүй гэдэг нь зээлд огт хамрагдах боломжгүй гэсэн үг биш" гэв
Тэгвэл дэлхийн шилдэг 20 сургуульд тэнцсэн амжилтыг сул тал болгон хувиргаж буй шинэ журмын “Тэтгэлгийн хэмжээг үндэслэн 40 хүртэл оноогоор дүгнэнэ” гэсэн шалгуур үзүүлэлтийг О.Сийлэгмаа дарга тайлбарлахдаа “Сонгон шалгаруулахдаа харгалзах үзүүлэлт болон зээл олгох шалгуур 2 өөр асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Сургуулиасаа тэтгэлэг авсан байх тухай үзүүлэлт бол зээлийн материалыг сонгон шалгаруулахдаа харгалзах үзүүлэлт. Харин зээл олгох үндсэн шалгуурт ийм заалт байхгүй. Мэдээж тэтгэлэг авсан байх үзүүлэлт шалгуурт нөлөөлөх ч гэлээ огт зээлд хамрагдах боломжгүй гэсэн үг бол биш. Хөнгөлөлттэй зээл олгох үндсэн шалгуур нь топ-100 сургуулийн үндсэн ангид тэргүүлэх мэргэжлээр суралцах гэсэн шалгуур бий. Зээл хүсэгч шалгаруулалтын 100 хүртэлх онооноос хэдийг авах вэ гэдгээс шалтгаалж зээлд хамрагдах эсэх нь шийдэгдэнэ” хэмээн тайлбарлаж байна.
Гэхдээ 100 хүртэлх онооных нь 40 хувь нь сургуулиасаа тэтгэлэг авсан байх шаардлагыг тавьж байгаа учраас тэтгэлэг авч чадаагүй хүүхэд авах ёстой 100 онооныхоо 40-ийг нь автоматаар алдана гэсэн үг. Тиймээс БЗС-гийн зээлд хамрагдах боломж бараг л 0 хувьтай гэсэн үг аж.
Гэхдээ топ 20 сургуульд 10 хүүхдийг, тус бүр нь 1.2 тэрбум төгрөгөөр сургах уу эсвэл топ-100 сургуульд олон мянган монгол хүүхдийг сурах боломжийг нээх үү гэдэг сонголтоос мэдээж 2 дахь нь илүү нийтэд хүртээмжтэй сонголт гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу.