Шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж чадахгүй 72 цаг боллоо. Гүйцэтгэх засгийн тэргүүний хэлснээр уг нь өнөөдөр бид төсөв, тодотгол ярих байв. Гэвч 110 гишүүний санал авч томилогдсон Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж чадахгүй явна. Гол асуудал нь засагт урьж оруулах намуудын болзлыг дийлэхээ байв. Хуучин сайд нь олноороо үлдэхээр зүтгэж асуудал тарив. Нэмээд “1А”-гийнхан Үндсэн хууль хүртэл зөрчиж үзүүлэв. Ингээд Г.Занданшатар нам дотроо ч, намаасаа гадуур ч ойлголцол явуулахад хүндрэл үүслээ. Өнөөдөртөө багтааж бүтцээ УИХ-аар батлуулж, бүрэлдэхүүнээ өөрөө батламжлахгүй бол сайдад зүтгэсэн нөхдүүд уур амьсгалыг улам л хүйтрүүлэх араандаа хийлээ. “Засгаа байгуулна” гээд байхад нь чуулганы хуралдааныг АН-ын Б.Пүрэвдоржоор хаалгаж байгаа нь ч цаанаа улс төрийн агуулгатай нүүдэл.
Тэгвэл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал юунаас болов. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хаана ямар уулзалтууд болсон талаар товч дүгнэе.
НЭГ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “80”-аад оныхон У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй “70”-аад оны нэгдэлд “цохилт” өгч байна
Улс төрд үе гэдэг нэн чухал. Товчхондоо, нэг баг болж намын болон төрийн эрх мэдэлд засаглахын тулд явахын нэр юм. Өнөөдрийн Монголын улс төрд өрнөж байгаа гол зүйл бол 1970-аад оны Ардын намынхан алдаад байсан засаглалаа эргүүлж авах уу. 1980-аад оны залуучууд эрх мэдлээ буцааж алдах уу гэдэг тэмцэл юм. Сая Г.Занданшатарыг Бага хуралд өрсөлдөхөд хүртэл энэ зүйл цухалзсан. Г.Тэмүүлэн зүгээр нэг заалнаас босоод нэр дэвшчихсэн гэж бодож байна уу. Үгүй. Түүнийг гэнэт босоод дэвшсэн болохоор Бага хурлын гишүүдийн 100 гаруй хүний сэтгэл хөдлөөд дэмжсэн гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Г.Тэмүүлэнг хөшигний ард сойж, дэмжсэн хэсэг бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар ба Үндэсний эвслийн тэргүүн Л.Номтойбаяр нар юм.
Тэгвэл яг энэ үйл явцын залгаа улс төр өнгөрсөн баасан гарагт саарал ордонд өрнөлөө. 70-аад оныхон Засгийн эрхээ авч тултал явах гэтэл үүнд нь дэгээ тавьж Э.Болормаа гишүүний албан бланк дээр 80-аад оны голдуу гучин гишүүний гарын үсэгтэй шаардлага ирэв. Ерөнхий сайдыг томилогдох өдөр энэ бичгээ өөрт нь өгнө гэж байсан ч албан бланкынхаа толгойд УЗ гэж бичээд Г.Занданшатарын өрөөг эргүүлдэв.
За, энэ бүгд бол Г.Занданшатарт анхнаасаа л үзүүлж буй улс төрийн шахалт. Өөрсдийн орон зайгаа мэдрүүлэх гэсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй бусад хүмүүсийн ашиг сонирхол юм. Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь гишүүний албан бланк, гарын үсгээр халдаж яваа гучин гишүүнийг харахад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын л парламентад оруулж ирсэн хүмүүс л тэмээнээс том тэмдэгтэй тэргүүн эгнээнд нь явж байна лаа. Тиймээс баасан гарагийн үйл явцын цаад эздийг тааж ядаад байх зүйлгүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй нөгөө тал нь асуудлыг хэрхэн дүгнэж суугаа нь сонирхолтой.
ХОЁР, Г.Занданшатар өнөөдөртөө багтаж ЗГ-аа байгуулж чадахгүй бол анхнаасаа ЛЕГИТИМ шинжээ алдлаа
Г.Занданшатарын танхимыг эхнээс нь ингэж ацан шалаанд оруулах нь хэд хэдэн зорилготой. Мэдээж нэн түрүүнд “Бид ийм хүчтэй шүү” гэдгээ нотлон үзүүлж буй явдал. Хоёрдугаарт, сайдуудын томилгоонд энэ гучин гишүүн багадаа гурван хүнээ шингээх гэсэн давхар зорилго тээж яваа. Гурав дахь нь хамгийн хортой. Учир нь анхнаасаа танхимаа байгуулж чадахгүй ингэж алцганасан Ерөнхий сайдын хүлээн зөвшөөрөгдөх байдал шалаар нэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мориндоо мордохоос нь эхлээд л Г.Занданшатарын легитим шинжийг унагаж буй хэрэг. Энэ бол цаашдын улс төр буюу төсвийн дараанаас эхлүүлэх огцруулах хөдөлгөөний эхлэл байх нигууртай.
ГУРАВ, Бага хурлаараа АН-ыг ЗГ-аасаа хөөсний горыг өнөөдөр Г.Занданшатар амсаж ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН-ыг царайчилж сууна
Хэрэг явдлын анхны цэг рүү эргээд очвол Л.Оюун-Эрдэнийг огцор биш, орлогоо нотол л гэдэг давлагаанаас бүх зүйл эхэлсэн. Яваандаа улс төр нэмэгдэж огцрох хөдөлгөөн болоод байдал хяналтаас гарсан түүхтэй. Тэгвэл өнөөдрийн Г.Занданшатарын ЗГ-ын танхимаа өнгөрсөн өдрүүдэд бүрдүүлж чадаагүй үндсэн шалтгаан нь Ерөнхий сайдынхаа орлогыг нотлуулах биш зүв, зүгээр хэвтэж байсан АН-ыг Засгаас хөөж гаргасан МАН-ын Бага хурлаас л болж байгаа юм.
42 кноптой АН-ынхан нохой шиг хөөгдөж гарсандаа шаралхаад засагт оруулах урилгыг нь хүлээж авахгүй талдаа байгаа. Мэдээж хаа газар шуналын дэвтэй нөхдүүд байдаг хойно хэсэг гишүүд нь хамтарчих санаатай чимээ чагнаж, сэм гүйж яваа сураг байсан. Гэвч Г.Занданшатарын байгуулах эхний танхимд АН яагаад ч орохгүй.
Яг эндээс үүдэж найман гишүүнтэй ХҮН нам, тус бүр 4 гишүүнтэй Үндэсний эвсэл, ИЗНН нар хаданд гарчихсан түүхтэй. Ялангуяа ХҮН нам, Үндэсний эвсэл хоёр бол аль хэдийнээ бяраа мэдэрч, дүрээ олсон. Н.Номтойбаяр, Т.Доржханд хоёр гэдийж, голж шилээд Г.Занданшатар бөхийж ая тал засахаас өөр гарцгүй. Угаасаа Ардын намынхан анхнаасаа л энэ олсоо өөрсдөө толгойдоо угласан улс. Хэрвээ ХҮН нам, Үндэсний эвсэлтэй ойлголцож чадахгүй л бол 42+8+4+4+30 гээд 86 гишүүн Г.Занданшатарын эсрэг гарчихаж буй юм. Ийм нөхцөлд бурхан байсан ч хуулиа батлуулж, төсвөө явуулж чадахгүй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч мянган сэлэм зэрэг эргүүлээд ч амжилт олохгүй.
Ардын намынхан Бага хурал дээрээ зуурсан бантандаа өөрсдөө л хордож байгаа нь энэ.
ДӨРӨВ, МАН дангаараа Засгийн газраа байгуулах хамгийн муу хувилбар руу Г.Занданшатар шахагдах уу
Өчигдөр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай Ерөнхий сайд Г.Занданшатар Их тэнгэрт уулзсан гэх мэдээлэл байна. Хэрвээ өнөөдөр ойлголцсон гэдгээ зарлаж, талуудтай тохиролцохгүй бол МАН дангаараа Засгийн газраа байгуулахаас өөр гарц үлдсэнгүй. Сандал ширээтэй зууралдаж, эсвэл хуваах гэж байх хооронд чинь үнэхээр улс орон дампуурлаа. Төрийн албныхан чинь цагаа бүртгүүлэхээс өөр юу ч хийхгүй байна. Сангийн яам чинь цалингаас өөр зардал гаргахгүй байна. Нийслэлийнхэн чинь бүхэлдээ шүлсээрээ тоглож байна.
Ийм дээрээ тулж заваарч байгаа юм бол Ерөнхий сайд Г.Занданшатар нь Ерөнхийлөгчтэй нийлж хавсайдаж байгаад хуулийн хугацаагаа дуусгаад парламентаа тараагаад нэг мөр ээлжит бус сонгууль руугаа орсон нь дээр биз.
Г.Лхагвадорж