Мансуурах, согтуурах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааг холбогдох байгууллагуудын төлөөллүүд хэлэлцэж байна. Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл:
-Эрүүл мэндийн байгууллага, СЭМҮТ-өөр дамжуулж согтуурах, мансуурах донтой иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус үйлчилгээг сайн дурын үндсэн дээр хийдэг. Харин албадлагын шинжтэй эмчилгээг Хууль зүй, дотоод яамны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх албадан эмчлэх төвд хийдэг. Албадан эмчилгээний төвд шүүхийн шийдвэр гарч, албадан эмчилгээ хийлгэ гэсний дараа шүүхийн шийдвэр биелүүлэх гэж хийдэг.
Согтуурах, мансуурах донтой хүнийг нийгэмшүүлэх асуудал, сайн дурын болон албадан эмчилгээнээс гараад очих газар байхгүй байна гэж олон жил ярилаа. Тиймээс сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй бий болгох шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга. Ийм төв байгуулаад, санхүүжилт тэндээс гарна гэх ямар ч зохицуулалт байгхгүй. Тэгэхээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд нөхөн сэргээх төвийг байгуулах боломж байна уу, байвал байгуулмаар байна. Олон улсын сайн туршлагаас харахад энэ ажлыг илүү олон нийтэд түшиглэж хийдэг. Аль нэгэн төрийн байгууллага дэргэдээ авах биш. Гэвч манай улсад хүний нөөц дутагдалтай байна. Тиймээс хүний нөөцөө яаралтай бэлдэх хэрэгтэй байгаа.
Мөн тодорхой төсөв хөрөнгө гаргаад дүүргүүдийн эмнэлэг, төвүүдэд түшиглэж төвөө байгуулах шаардлага тулгарч байна. Цаашлаад хууль тогтоомжид энэ төрлийн зохицуулалт оруулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!