ХӨНДӨХ СЭДЭВ: Сэтгэлзүйн эрүүл мэндээ алдвал биеийн эрүүл мэнд алдагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 43 секунд

Сэтгэл бол эрхтэн. Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч гэлээ бидний бусад эрхтнүүдийн л адил гэмтдэг, өвддөг, үрэвсдэг. Бид аль нэг эрхтэнээ өвдөхөд мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлдэг мөртлөө сэтгэл гэдэг эрхтэнээ харин тоолгүй орхичихдог. Үнэндээ монголчуудын дунд сэтгэлзүйн эрүүл мэндийн тухай ойлголт сул гэдгийг мэргэжлийн сэтгэлзүйчид хөнддөг. Монголчууд сэтгэлзүйн эмчилгээ, үйлчилгээ авах нь дутмаг байдгийн шалтгаан ч үүнтэй холбоотой аж. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн тухайн хүний хэн байх вэ гэдгийг тодорхойлж байдаг хүний хамгийн чухал эрхтэн юм. Зүрх чинь таныг амьд явуулж байгаа бол сэтгэл чинь таныг хүн байлгадаг аж. Өвдсөн эрхтэнээ эмчлэхгүй бол үхэлд хүрдэгтэй адил, өвчилсөн сэтгэлээ эмчлэхгүй бол ялгаагүй үхлээр төгсдөг байна.

10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийдэг

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэгэнд амиа хорлолт багтдаг. “Монгол Улсын Эрүүл мэндийн үзүүлэлт- 2021”-ээс үзвэл жилд дунджаар 500 орчим хүн амиа хорлодог гэжээ. Үүнээс ч сэрдхийлгэм мэдээ бол Монгол Улсын 13-17 насны хүүхдүүдийн 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн гэх ДЭМБ-ийн санхүүжилтээр ЕБС-иудын дунд хийсэн судалгааны дүн юм. Энэ нь 4 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох оролдлого хийсэн гэсэн тооцоолол юм.

Тэгвэл насанд хүрсэн иргэдийн хувьд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв/СЭМҮТ/-өөс хийсэн судалгаагаар нийт хүн амын 55 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй, 39.6 хувь нь сэтгэл гутралтай гэсэн дүгнэлт гарчээ. Нийт монголчуудын талаас их хувь нь сэтгэлзүйн ямар нэг эмгэгтэй байна гэдэг бол анхаарах сэдэв яалт ч үгүй мөн. Сэтгэлзүйн эмгэгээс үүдсэн амиа хорлолын дийлэнх нь эрчүүд байдаг гэх судалгаа ч байна. Амиа хорлосон нэг хүний ард түүний гэр бүл ойр дотны 6-10 хүн сэтгэлийн гэмтэл авдаг аж.

Тэгвэл энэ бүхний гол шалтгаан нь бид өөрийнхөө болоод хүүхдийнхээ сэтгэлзүйн эрүүл мэндийг хайхардаггүй, өвдчихөөд байхад нь эмчлүүлдэггүйтэй шууд холбоотой аж. Харамсалтай нь үнэндээ сэтгэлзүйд нь эмгэг үүссэнийг өөрөө ч мэдэхгүй байх тохиолдол элбэг.

Өндөр хөгжилтэй орнуудад хүүхэд төрөнгүүт нэг хуульч, нэг сэтгэлзүйчтэй болдог

Сэтгэл гутрал, сэтгэлзүйн эмгэг бол дэлхийн улс орон бүрт асуудал дагуулж, анхаарлын төвд орсон асуудал. Улс орнууд үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/-ийхээ 3-4 хувийг “Сэтгэл зүйн эрүүл мэнд”-ийг дэмжихэд зарцуулдаг. (ДЭМБ., 2020) Ковид-19 цар тахал гарснаас хойш улс орнуудын “Сэтгэл зүйн эрүүл мэнд”-ийн хэрэгцээ шаардлага 93%-иар өссөн байна.

АНУ, Швед зэрэг зарим өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхэд эхээс төрөнгүүт нэг хуульч, нэг сэтгэлзүйчтэй болдог аж. Харин манай улсын хувьд 50 буюу түүнээс дээш албан хаагчтай байгууллага сэтгэлзүйчтэй байхыг шаарддаг боловч начир дээрээ хэрэгждэггүй. Ерөнхий боловсролын сургуулиудын 20 ч хүрэхгүй хувь нь сэтгэлзүйчтэй байгаа нь сэтгэлзүйн эрүүл мэндийг манай улсын боловсролын систем хүртэл орхигдуулсны баталгаа гэж болох юм.

Сэтгэлзүйн эрүүл мэндэд чиглэсэн улс орны бодлого дутмаг, нийт ард түмний дунд энэ талаарх ойлголт сул байгаа ийм цаг үед та өөрөө л өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарал тавьж, өөрийгөө хайрлахгүй хэрэгтэй юм.

Сэтгэлзүйн эмгэгтэй болсон эсэхээ хэрхэн мэдэж болох вэ?

Тэгвэл сэтгэлзүйн ямар нэг эмгэг, сэтгэл гутралтай байгаа эсэхээ мэдэж болох мэргэжлийн сэтгэлзүйчдийн зөвлөсөн дараах шинж тэмдгүүдийг хүргэж байна.

1. Итгэл найдвараа алдсан мэт мэдрэмж.

2. Өдөр тутам хийж буй зүйлсээсээ залхах.

3. Хоолны дуршил эсвэл жингийн өөрчлөлт.

4. Нойр солигдох.

5. Уур уцаар ба зөрүүд байдал.

6. Тамирдах.

7. Өөрийгөө жигших.

8. Тогтворгүй зан суртахуун.

9. Анхаарал хандуулах чадвар муу байх.

10. Шалтгаангүй загатнах, өвдөх.

Сэтгэлзүйн эмчилгээ, зөвлөгөөг хаанаас авах боломжтой вэ?

  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)
  • Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд Жишээлбэл, "Сэтгэцийн эрүүл мэндээ хамтдаа" ТББ
  • Хувийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүд
  • Эдгээр байгууллагуудаас үнэ төлбөргүй болон төлбөртэй сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой. Мөн 1800-2000 дугаарт холбогдож 24 цагийн турш сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой байдаг аж.

АБГББХ: Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлахыг дэмжлээ
АБГББХ: Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлахыг дэмжлээ
 
Эмэгтэй баг Филиппинд 15:19 харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ
Эмэгтэй баг Филиппинд 15:19 харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!