ХӨНДӨХ СЭДЭВ: Эцэг эхдээ “мартагдсан“ хүүхдүүд анхаарал, хайр халамжийг “ДЭЛГЭЦ“-ээс хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 33 секунд

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчийн хаалганы цаана дугаарласан хүмүүс ээлжээ хүлээнэ. Зарим нь байсхийгээд шагайна. Энд нойргүйдсэн, стресттсэн янз бүрийн шалтгаанаар наян настай буурлаас эхийнхээ өврөөс ч салаагүй бяцхан үрс урт дараалалд сууна.

Гуравхан настай болов уу гэмээр шар үстэй сөөсгөр хүү коридорт алхаж байгааг харсан 50, 60 орчим насны гурван эмэгтэй “Хүүхэд байж юундаа стрестдэг байна аа” гэж гайхах, мэдэмхийрэх зэрэгцэв. Тэдэнтэй адил бидний ихэнх нь хүүхэд стресстдэггүй гэж боддог ч энэ нь маш том эндүүрэл. Бас “Хүүхэд байж юу ойлгох юм” гэх хандлагаар дутуу үнэлэх нь бий. Үнэндээ хүүхэд ч бас стрестэж бухимддаг, бүхний маш сайн ойлгодог ч томчуудаас ялгаатай нь илэрхийлэх чадвар нь сул болохыг СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клинкийн эрхлэгч Л.Цэрэндолгор хэлж байлаа. Түүний хэлснээр хүүхдүүд харилцан ярилцах хэрэгцээ, ганцаардал, бухимдлаа дэлгэцээр орлуулах болжээ.

ЗАВГҮЙ ХЭМНЭЛД ГЭЭГДСЭН ХҮҮХДҮҮДЭД ДЭЛГЭЦ ААВ ЭЭЖИЙГ НЬ ОРЛОЖ БАЙНА

Саяхан БНСУ-ын Хуримын виз нэвтрүүлгээр утасны дэлгэцэнд донтсон хүү нь түргэн ууртай, хараал хэлдэг, заримдаа ээждээ гар хүрч байгаа тухай гарав. Аав ээж нь аргаа баржээ. Нэвтрүүлгийн гол дүрийн хүү шиг утасны дэлгэцийн асуудал айл бүрт худалч хүнд толгойн өвчин болсон. Зарим хүүхэд яг л ийм байгааг ч үгүйсгэхгүй. Тэгвэл яагаад хүүхэд утасны дэлгэцэнд донтож, ийм ууртай болов? гэх асуулт урган гарч буй. Хүүхдээ уйлахаас нь, хамт тоглохоос "ядарсан" эцэг эхчүүд "май энэ утас ав" гэх нь нийтлэг. Хүүхэд нь утсаар тоглоод чимээгүй сууж байвал тайван санагдах. Дараа нь хүүхдээ утасны хамааралтай болгосныг нь гайхах, зэмлэхийг хослуулна. Харин хүүхэд стресс бухимдал, ганцаардлыг дэлгэцээр орлуулж, дутаж буй харилцааныхаа хэрэгцээг цахимаар орлуулах болсон нь сүүлийн үед түгээмэл анзаарагдах болсныг СЭМҮТ-ийнхэн онцолж байлаа. Тус төвд хандаж буй эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй аргаа барсан хойно оо л зөвлөгөө авахаар ирдэг байна. Хүүхэд нь түргэн ууртай, сэтгэл хөдлөлөө уйлах, юм шидэх, уцаарлах зэрэг түрэмгий байдлаар илэрхийлж, эцэг эх нь хэрхэн яаж харилцахаа мэдэхгүй цөхрөнгөө барсан нь нийтлэг. Харин эмч нарын асуумжаар бухын хүзүүнээс ч хатуу болсон хүүхдийнх нь цаад шалтгаан эцэг эх нь өөрсдөө байдаг аж.

Учир нь, "манай хүүхэд болохгүй байна" гэж хандсан аав ээжүүд өөрсдөө хүүхэдтэйгээ харилцдаггүй, хүүхдийнхээ чөлөөт цагт анхаардаггүй, ихэнхдээ өөрт нь садаа болохгүй гэж утас дэлгэцээ хүүхдэдээ өгөөд орхидог асуудал гардаг байна. Ялангуяа гэртээ ганцаараа байдаг хүүхдүүдийн хувьд энэ байдал нь илүү түгээмэл буюу ганцаардал, бусадтай харилцах хэрэгцээгээ дэлгэцээр орлууулах болж.

Угтаа бол аав ээж асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ нийгмийн харилцааг хангаж өгөх ёстой ч энэ үүргээ "мартжээ". Өөрөөр хэлбэл, завгүй амьдралын хэмнэл дунд аав ээждээ "мартагдсан" хүүхдүүд хайр, анхаарал халамж амьд харилцааг дэлгэцээр орлуулах болсон нь магадгүй бид хамгийн үнэт зүйлээ өөрсдөө ч анзааралгүй "гээсэн" байж мэднэ. Хэрэв дэлгэц хэтэрхий их ширтэж байвал, донтолтын эмгэг үүсгэдэг байна. Ялангуяа, цэцэрлэгийн болон сургуулийн насны бага ангийн хүүхдүүд стресс бухимдлаа дэлгэцийн хэрэглээгээр гаргаж, сэтгэл хөдлөлөө түрэмгий аргаар илэрхийлдэг болох, илүү их ганцаардах зожиг байдал илрэх нь нийтлэг болжээ. Хүүхдүүдийн хувьд ихэнх нь гэр бүлээсээ хамгийн их стресс авдаг байна.

ХҮҮХЭД ТОМЧУУДААС ИЛҮҮ ИХ СТРЕСТДЭГ УЧРААС ОРОНДОО ШЭЭХ, ХУМСАА МЭРЭХ, ХУРУУГАА ХӨХӨХ, ҮСЭЭ ЗУЛГААХ ЗЭРЭГ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клинкийн эрхлэгч Л.Цэрэндолгор: Хүүхдийг стрестдэггүй, юм ойлгож мэддэггүй гэсэн нийтлэг хандлага байдаг. Гэтэл хүүхэд маш мэдрэгээр бүх юмыг хүлээж авдаг, маш мэдрэгээр насныхаа түвшинд бүх зүйлийг ойлгож байдаг. Хүүхэд ойлгохгүй байна гэж байхгүй. Оюун ухааны чадвар нь хөгжиж л байгаа бол бүгдийг ойлгоно. Харин ойлгосон зүйлээ илэрхийлэх чадвар нь л насанд хүрсэн хүмүүсийг бодвол туршлагын хувьд бага. Үүгээрээ л ялгаатай.

Хүүхдийн хувьд томчуудаас илүү их стресст өртдөг ч гадагшлуулж чаддаггүй учраас илүү их стрессийн шалтгаант эмгэгүүд тусах эрсдэлтэй. Тийм болохоор хүүхдийг илүү их анхаарах ёстой. Магадгүй орондоо шээх эмгэг үүсэж болно. Эсвэл хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, үсээ зулгаах гэх мэт хүүхдэд стресс нь ямарваа нэгэн шинж тэмдгээр илэрнэ.

Яагаад гэвэл, дээр хэлсэнчлэн хүүхэд яаж илэрхийлэхээ мэдэхгүй учраас хуримтлагдсан стресс нь үйлдэл, хөдөлгөөнөөр илэрдгээрээ онцлог байдаг. Харин өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэл гутрал, сэтгэл түгшил, сандрах эмгэг нойрны өөрчлөлт дээр нь бусад төрлийн донтолтын асуудлууд хавсарсан байдлаар илүү их тохиолдож байгаа. Мөн сүүлийн үед хүүхдүүд стресс бухимдал, нийгмийн харилцаагаа дэлгэц, цахимын хэрэглээгээр хангах гэж оролдож буй асуудал гарах болсон нь цаашилбал өөр донтолтыг бий болгож байгаа юм. Тэгвэл бага насны хүүхдэд ийм асуудал үүсдэг бол үүнтэй холбоотой энэ нь удаан үргэлжилсээр байвал эмгэгүүд бий болдог. Стресстэй холбоотой ямар эмгэг үүсэж болох вэ гэхээр анхаарал дутмагшил хэт хөдөлгөөн стресстэй холбоотой үүсэж болдог.

ХҮҮХДЭД УЙДАХ БОЛОМЖ ОЛГО

СЭМҮТ-д стрессийн шалтгаантай эмгэгээс гадна хичээл номоос болж стресстэж ядаргаанд орсон хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх нь цөөнгүй гэнэ. Нийтлэг биш ч тухайн хүүхдийн нөөц бололцоог нь харахаас илүүтэй маш олон зүйлд идэвхтэйгээр дайчилснаас ийм асуудал үүсдэг байна. Үүний цаад шалтгаан нь эцэг эхчүүд өөрсдийн хүсэл мөрөөдлийг хүүхдээрээ дамжуулан биелүүлэх хүсэлтэй холбогддог байна.

"Би багадаа" гэх бодлоос л зарим нь хүүхдийнхээ саналыг ч асуулгүй олон сургалт дамжаанд хамруулдаг. Гэтэл хүүхэд нь зөвхөн гэртээ л унтах гэж ирдэг асуудал гардаг байна. Нэг үгээр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдийнхээ EQ-ээс илүү IQ-д анхаарах нь нийтлэг бололтой.

Энэ талаар Л.Цэрэндолгор эмч хэлэхдээ "Хүүхэд сурч боловсрохоос гадна бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох. Үүнээсээ харилцааны ур чадвартай болж байдаг. Сүүлийн үед яриад буй eqiu буюу сэтгэл хөдлөл, ур чадвараа танихын тулд бусадтай харилцаж сурна. Гэтэл харилцах боломжийг нь олгохгүй хэт академик түвшний сургалтад хүүхдийг хамруулах нь балансыг алдагдуулдаг. Хүүхдийн биеийн хөдөлгөөний ачаалал оюуны ачаалал нь зэрэгцэж байвал баланс алдагдахгүйгээр стресстэхгүй байх боломжтой. Нэг үгээр хэлбэл, оюуны ачаалал авсны хэрээр биеийн ачаалал буюу дасгал хөдөлгөөн, урлаг соёлын арга хэмжээ зэргээр гадагшлуулж байж стресст өртөхгүй. Дээр нь хүүхэд өөрөө чөлөөтэй уйдах боломжийг олгох ёстой.

Хүүхэд уйдах үедээ шинийг санаачилж, сэтгэн бодож байдаг. Гэтэл утас дэлгэцээс нь холдуулах гэж байна гээд хүүхдэд ямар ч уйдах зав олголгүй бүх юмаар шахуу орхидог. Эсвэл зарим эцэг эх хүүхдийг өөрөөр нь байлгах ёстой гээд юунд ч хамруулахгүй хэт задгай орхидог.

Тиймээс туйлширч болохгүй, тэнцвэртэй харилцаж хүүхэдтэйгээ ярилцаж сонирхож байгааг нь дэмжээд хэрэгжүүлэх нь илүү тохиромжтой" гэв.

ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ ХҮҮ НЬ ШИЙР АЛАГ

Монголчууд хэзээнээс л "эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг", "алим модноосоо хол унадаггүй", "цусанд нь бий" зэргээр хүнийг тодорхойлж ярьсаар ирсэн нь оргүй ч үгүй биш. Өөрөөр хэлбэл, та ямар байна хүүхэд тань тан шиг л хүмүүжилтэй, зан авиртай байх нь тодорхой. Гэтэл "Би ийм зан авиртай байгаагүй, хэнийгээ дуурайгаад ийм болдог байна аа" гэж ярих эцэг эхчүүдтэй таарч л байлаа. Бидний эргэнд тойронд ч ийм яриа өрнөж л байдаг. Харин эцэг эхчүүд "сахилгагүй" хүүхдэдээ буруугаа тохохоос илүү өөрсдөө зөв үлгэрлэх нь чухал болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Жишээ нь, 22:00 цагаас хойш хүүхдээ унт гэж загнаж, аашлахын оронд өөрсдөө хамт гэрлээ унтраагаад орондоо ордог байх, утас ухлаа гэж зэмлэх биш хамт утас хэрэглэхгүй, харилцан ярьдаг байх зэргээс л эцэг эхийн зөв үлгэрлэлээс хүүхдийн зөв хүмүүжил эхэлдэг байна.

Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд гаднаас бурууг хайхаас илүү амьдралын хэв маягтаа анхаарах нь чухал болжээ. Хэрэв өдөр тутамдаа зөв үлгэрлэж дадвал хүүхэд ч бас даган дуурайж амьдралын зөв хэв маягийг хэвшил болгодог байх нь. Тэгэхээр хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ гэж толгойгоо гашилгахын оронд өөрсдөө үлгэрлэх нь чухал. Л.Цэрэндолгор эмчийн хэлснээр

СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникт стрессийн шалтгаант эмгэгээс гадна бүхий л шалтгаантай сэтгэцийн эмгэгийг хэвтүүлэн эмчлэх шаардлага үүссэн бол 18 хүртэлх насны хүүхдэд тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Хүүхдийг хэвтэн эмчлүүлэхэд тухайн оношоос хамаарч 14-20 хоног хүртэл харилцан адилгүй байдаг байна. Харин эмнэлгээс гарсан хойно тоохгүй орхиш биш анхаарч хянах, гэрийн нөхцөл эм уух шаардлагатай бол заавал сар бүр тогтмол үзүүлэх шаардлагатай аж. Хэрэв стрессийн шалтгаантай эмгэгийн асуудлаар хүүхэд хандаж байгаа бол заавал сар бүр сэтгэцийн эмчид үзүүлэх, дээр нь сэтгэлзүйчийн зөвлөгөө, засалд хамрагдах нь өөрөө стрессийн шалтгаант сэтгэцийн асуудалд маш том дэмжлэг болдог байна. Хэрэв хүүхдийн стрессийн шалтгаан гэр бүл нь бол өөрсдөө харилцааны хэв маягаа анхаарах шаардлагатай. Хүүхэдтэйгээ харилцдаг арга зүйгээ өөрчлөх шаардлагатай болохыг зөвлөж байлаа.

Ч.Лодойсамбуу: Ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулна
Ч.Лодойсамбуу: Ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулна
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!