Цаасан дээрх цалингийн өсөлт амьжиргааг улам дордуулах нь!

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 44 секунд

Долоо хоногийн дараа цалин нэмэгдэнэ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж 792 мянган төгрөг болж байгаа юм. Мэдээж гар дээр авч буй хэдэн төгрөг илүү болбол гэртээ мах, гурилаа ч ахиу авна гэж бодоход хэнд ч сайхан мэдээ. Тэгвэл цалингийн доод хэмжээ одоо 792 мянган төгрөг, цаашилбал нэг сая төгрөгт хүрвэл дундаж цалин өснө. Ингээд бодож үзвэл Монголд ноорхой гэр, хоосон хөргөгчтэй айл өдрийн од шиг таарах биз. Эсрэгээрээ цаасан дээрх цалингийн өсөлт амьжиргааг улам дордуулах нь. Тэд амьдралаас тасарч бид улам уруудсаар...

Зөвхөн цалингийн доод хэмжээг авч үзвэл 1995 оноос жил бүр нэмэгдүүлж ирсэн. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан бол үүнээс хойш жил бүр тогтмол өссөнөөр найман удаа нэмж 5.6 дахин өссөнөөр одоо 660 мянган төгрөг болсон. Дахин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байна.

Одоо авч буй 660 мянган төгрөгөөс 89100 төгрөгийн НДШ төлдөг байсан иргэн 792 мянган төгрөгөөс 106320 төгрөгийн НДШ төлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа юм.

Цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар гэрлийн хурдаар үнэ өсдөг бичигдээгүй хуультай улсад амьдарч байгаагийн хувьд цалингийн доод хэмжээ нэмэгдлээ гээд баярлах зүйл биш. Үнэ л өснө. Магадгүй өнөөдөр арайхийн нэг талх авдаг айл байхад худалч хүнд таллаж авахаас өөр аргаүй л болно. ҮСХ-ны тодорхойлсноор амьжиргааны түвшинээс доогуур орлоготой ядуурлын шугамд амьдарч буй 914 мянган хүнд үнийн өсөлт буюу инфляцын дарамт хүндхэн цохилт болно. Нөгөөтээгүүр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 мянган төгрөгийн цалин авч байгаа 90 мянган хүний цалин нэрлэсэн дүнгээр 790 мянган төгрөг болж нэмэгдсэн ч үүнийг дагаад төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөн дүн өснө. Дээр нь үнийн өсөлтийг тооцвол бодит байдал дээр гар дээрх цалин өсөхгүй.

Бас бор зүрхээрээ чимээгүй хөдөлмөрлөж яваа татвар төлж буй 1.1 сая хүнд ч дарамт болно. Цалингийн доод хэмжээ нь 792 мянган төгрөгөөр нэмэгдэхгүй, төрийн албан хаагчдад л хамааралтай атал цалингийн доод хэмжээгэээр тооцох торгууль нь өснө. Зэрэгцээд аж ахуйн нэгжүүдийн зардал өсөхийн хэрээр цомхотгол явах, ажилгүйдэл өсөх зэрэг бодит эрсдэл нүүрлэж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийн хэрээр аж ахуйн нэгжүүдийн зардал өсдөг тул ажлын байраа цомхотгох, тэр дундаа бага ур чадвартай ажилчид ажилгүй болох эрсдэл нүүрлэнэ гэсэн үг. Учир нь хөдөлмөрийн хөлс нь зах зээл дээр тогтоож буй үнэ. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тухайн үнийн шал болж байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин буурч болохгүй. Хэрэв цалингийн доод хэмжээ зах зээл дээр байгаа тэнцвэрийн буюу дундаж цалингаас өндөр тогтож байгаа үед эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар NRCC буюу Үндэсний судалгаа зөвлөгөөний төв дараах тайлбарыг өгч байлаа.

ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖЛЫН БАЙРНЫ ЦОМХОТГОЛ НЭМЭГДЭХ, БАГА УР ЧАДВАРТАЙ АЖИЛЧИД АЖЛЫН БАЙРАА АЛДАХ, БАГА ЦАЛИНТАЙ ИРГЭД АЖИЛГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ БОЛНО

NRCC төвийн Гүйцэтгэх захирал эдийн засагч Б.Алтанцэцэг:Хөдөлмөрийн хөлсний доод түвшинг нэмэгдүүлж байгааг Засгийн газраас "Хөдөлмөрийг хамгаалж байна", "Хэт бага хөлсөөр хүмүүс ажиллах нөхцөлийг нь хааж өгч байна" гэж цалин нэмэгдэх хөшүүрэг болж байна гэж үздэг. Хөдөлмөрөө нийлүүлж буй хүмүүсийн хувьд энэ нь таатай мэдээ гэж харж болно. Цалин өсөхөөр илүү хөдөлмөрөө нийлүүлэх ажиллах сонирхол өдөөгдөж болно. Нөгөөталд, үйлдвэрлэгчдийн хувьд зардал өснө гэсэн үг. Өндөр үнээр хүчин зүйл худалдан авна гэдэг утгаараа хөдөлмөрийн эрэлтэд сөргөөр нөлөөлнө. Ерөнхийдөө, цалингийн доод түвшин өндөр тогтвол зах зээл дээр хөдөлмөрийн илүүдэл нэмэгдэх нөлөө авчирдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл дээр ажил олоход хүндрэлтэй ажилгүй хүний тоо нэмэгдэнэ. Уг нь цалинг нэмэгдүүлж байгаа гэж тайлбарлаж байгаа шүү дээ.

Мэдээж хөдөлмөрийн зах зээлийг өндөр ур чадвартай, бага ур чадвартай, аль эсвэл нэг их ур чадвар шаардахгүй ажил зэрэг ялгаатай хөдөлмөр бүрдүүлж байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод түвшин нэмэгдэхээр бага боловсролтой, ур чадвар багатай ажилчдад сөрөг нөлөө үзүүлэх талтай байдаг. Яагаад гэвэл, дээр дурдсанчлан ажил олгогчдын хувьд илүү өндөр үнээр бүтээгдэхүүн худалдан авах буюу цалингийн зардал өсөж байна шүү дээ. Тиймээс ажлын байраа цомхотгох, бага ур чадвартай хүмүүс ажилгүй болох магадлал нэмэгдэнэ.

Тухайлбал, харуул хамгаалалт аль эсвэл цэвэрлэгээ үйлчилгээний ажлын байр байтал хэтэрхий өндөр зардалтай, сард олгох цалингийн зардал өсвөл ажил олгогчид өөр технологийн дэвшил ашиглаж орлуулах арга зам хайна. Ажлын байрны цомхотгол нэмэгдэхээр ажилд орох боломж хаагдана, ажилгүй хүмүүс нэмэгдэнэ. Тэгэхээр бага цалингаар ямартай ч ажил хийж байсан хүмүүсийн боломж нь эсрэгээрээ ажил олдохгүй, ажилгүй болох эрсдэлтэй.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол амьжиргааг тэтгэх, ядуурлыг бууруулах гэдэг бодлоготой уялдаатай гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Эсрэгээрээ бага орлоготой, бага цалингаар ажилладаг хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх магадлал нь их байдаг. Харин угаасаа өндөр цалинтай хүмүүст ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэв.

Угтаа бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Шадар сайд С.Амарсайхан үгүйсгэж "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зүгээр шийдчих асуудал биш. Энэ бол амьдралын нөхцөл байдалтай уялдуулан судалгаа, тооцоотой шийдэх зүйл" гэж байв. Харин Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цалингийн нэмэгдэл, инфляцын өсөлт зэргээр холбон тайлбарлаж худалч хүнд зөрсөөр байгаад энэ шийдвэрийг гаргасан. Хэдий салбарын сайд хэлсэн үгэндээ хүрэхийн тулд магадгүй энэ шийдвэрийг гаргасан байж болох ч аль нэг сайд дураараа "сэтгэл хөөрлөөрөө", "хэн нэгэнд таалагдахын тулд" гаргадаг шийдвэр биш. Эдийн засагч Р.Даваадоржийн хэлсэнчлэн Монгол Улсын эдийн засагт хямрал болоогүй нөхцөлд заавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлагагүй байв. Гэтэл 2023 онд 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн бол 2024 онд 660 мянган төгрөг, 2025 онд 792 мянган төгрөг болгож шинэчлэн тогтоож байна. Угтаа бол 2023 оноос хойш нүүрс, зэсийн үнийг дагаж орлого өссөн, эдийн засагт ногоон гэрэл ассан билээ. Энэ талаар эдийн засагч Р.Даваадорж ярихдаа "Монгол Улсын эдийн засагт хямрал бий болоогүй энэ нөхцөл байдалд яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байна вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Монгол Улсын эдийн засгийг тэтгэгч хоёр үндсэн уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Нүүрс, зэс хоёр 2024 онд хамгийн боломжийн үнэтэй байлаа. Экспорт ч хангалттай түвшинд байсан. Юу гэх гээд байна гэхээр эдийн засаг савлаагүй, инфляц хэвийн түвшинд байхад яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргав гэдэг нь тун сонирхолтой байгаа юм" гэсэн билээ.

“Асуулт асууж, мэтгэлцэхээр “АН-ын сайд нар руу дайрлаа“ гэж байна. Эд нар чинь АН-ын сайд биш Монгол Улсын сайд нар
“Асуулт асууж, мэтгэлцэхээр “АН-ын сайд нар руу дайрлаа“ гэж байна. Эд нар чинь АН-ын сайд биш Монгол Улсын сайд нар
 
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!