МЕТРО ХОТ: Менингококк, Улаанбурханаас сэргийлэхийн тулд АМНЫ ХААЛТ ЗҮҮ, золгохдоо хүүхэд бүү ҮНС

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 14 секунд

Цагаан сар болоход ердөө тавхан өдөр үлджээ. Ядаж байтал гуравдугаар сард менингококкт халдварын оргил үе тул золгохдоо 0-14 насны хүүхдийг үнсэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан. Учир нь менингококкт халдварын үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байдаг бөгөөд нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч нар байдаг. Өөрөөр хэлбэл, менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар гэсэн үг.

Менингококкт халдвар авч, эмчлүүлж байсан гурван настай хүү нэгдүгээр сарын 31-нд нас барсан тохиолдлыг бид мартаж болохгүй.

Тиймдээ ч золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлахыг зөвлөж буй.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын утаа, түгжрэлээс залхсан иргэд Зүүн өмнөд Азийн орнууд руу дайжих болсон. Ялангуяа 2022 оноос Эрээн Жининь, Хөх хот, Вьетнам, Тайландыг зорих иргэдийн жим өдийг хүртэл үргэлжилсээр. Тэгвэл өнөөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагдаад байна.

Уг батлагдсан дөрөв дэх тохиолдол нь хоёрдугаар сарын 8-ны өдөр шөнийн 01.00 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос бүртгэгдэж буй улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол юм. Уг өвчин нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг, вакцин хийлгээгүй өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй гэнэ.

Улаанбурхан өвчний гурван тохиолдлын хоёр нь хүүхэд

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр:

-Эхний тохиолдол хоёрдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д хандаж, лабораторийн шинжилгээгээр хоёрдугаар сарын 18-нд батлагдсан. Гадаад улсаас буюу Вьетнам улсад аялж ирсэн өгүүлэмжтэй, 38 настай хүн байсан. Хоёр дахь тохиолдол нь таван настай хүүхэд бөгөөд мөн Вьетнам улсад зорчсон өгүүлэмжтэй. Өвчний шинж тэмдэг хоёрдугаар сарын 16-наас илэрч, хоёрдугаар сарын 20-нд эмнэлэгт хандаж, хэвтэж байна. Хүүхдийн хувьд хоёрдугаар сарын 18-ны өдрийн аяллаар хотод ирсэн бөгөөд онгоцонд 230 хүнтэй хамт ирсэн. Мөн гурав дахь тохиолдол нь 11 настай эмэгтэй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан. Энэ тохиолдлын хувьд Малайз, Тайланд, Вьетнам улсаар аялсан өгүүлэмжтэй, хоёрдугаар сарын 8-нд Монголд ирсэн байна. ХӨСҮТ-д хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэв.

Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандахыг анхааруулж байна.

Халдвартай хүн хажуугаар зөрөхөд л Улаанбурханы халдвар авах магадлалтай

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл "Монголчуудын их аялдаг Вьетнам улсад улаанбурхан өвчний дэгдэлт гарч байна. Улаанбурхан өвчин дархлаагүй хүнийг түүгээд л түймэр шиг явдаг өвчин. Халдвартай хүн хажуугаар зөрөхөд л халдвар авах магадлалтай. Тун удахгүй цагаан сар болох гэж байхад хүүхдүүд өвдөөд байгаа нь анхаарах ёстой асуудал. Улаанбурхан өвчин хаалга тогшиж байгаа энэ үед:

  • А аминдэмээр баялаг сүү, бяслаг, элэг, өндөг, лууван, манжин, улаан лооль, ногоон улаан чинжүү, брокклиг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх,
  • Амны хаалт зүүх,
  • Өвчлөл гарсан газар, орноор аль болох зорчихгүй байх,
  • Халдварын голомтод хавьтал болсон тохиолдолд халуурах, хоолой өвдөх, нүд нуухтах, улайх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д яаралтай хандах,
  • 9 сар, 2 настай хүүхдэдээ товлолын дагуу УГУ вакцин хийлгэх хэрэгтэй" гэжээ.

​​​​​​​Тиймээс сургууль, цэцэрлэг өөрөө халдварын голомт болсон энэ үед хүүхдүүдээ хамгаалах ганц арга нь амны хаалт болоод байна. Энэ нь зөвхөн та өөрийн болон бусдыг хүндлэхээс гадна эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарын үүрэг.

Өнөөдөр амны хаалт зүүх энгийн үйлдлээс л агаар дуслын замаар дамжих ханиад томуу, менингококкт зэрэг өч төчнөөн өвчнөөс хамгаална гэдгийг сануулъя.

“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
 
“Цахим мөрийтэй тоглоомыг монголд хаахгүй бол байгаа доллараа мөрийтэй тоглоомчдын төлбөрт алдана“
“Цахим мөрийтэй тоглоомыг монголд хаахгүй бол байгаа доллараа мөрийтэй тоглоомчдын төлбөрт алдана“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!