Мөнгөний нийлүүлэлт арванхоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөг болж өмнөх оноос 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь 15.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөг буюу 28.8 хувь, төгрөгийн харилцах хадгаламж 1.8 их наяд төгрөг буюу 19.7 хувиар өссөн тус тус нөлөөснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Үүнээс харвал, иргэд мөнгөө үрэхээс илүүтэй хадгалах, ямар нэгэн бизнес, үл хөдлөх хөрөнгө оруулалт хийхээс харзнаас байгаа нь хадгаламжийн өсөлт илтгэнэ.
Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх хэрээр эдийн засагт эерэг болон сөрөг талууд илэрдэг. Сөрөг гэвэл инфляци өсөх явдал юм. Инфляци өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 9 хувьд хүрч, сүүлийн 6 сар дараалан чангарч байгаа нь Төв банкны зорилтоос даваад байна. 2024 оны Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг 6+-2 нэгж хувийн хооронд байх зорилт дэвшүүлж, үйл ажиллагаагаа чиглүүлэхээр тусгасан юм. Нөгөөталд, мөнгөний нийлүүлэлт өсөх нь, бодлогын хүү буурах улмаар арилжааны банкуудын зээлийн хүү буурах, ажилгүйдэл буурах, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг эерэг нөлөө бий. Хэдий Үндэсний статистикийн хорооны арванхоёрдугаар сарын эцсийн тайланд мөнгөний нийлүүлэлт өссөн болохыг дурдсан ч Монголбанк мөнгөний нийлүүлэлт саарч байгааг мөн тайландаа тусгасан байна.
Тодруулбал, 2024 оны эхнээс эрчимжиж зургаадугаар сард мөнгөний нийлүүлэлт 31.9 хувьд хүрч байсан ч өсөлт нь саарч аравдугаар сард 25.1 хувьд хүрсэн. Ийнхүү мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буурахад төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотойгоор гадаад цэвэр активын өсөлт саарсан нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!