НИТХ-ын ээлжит сонгууль ирэх сарын 11-нд болно. Улс төрийн намуудын бэсрэг өрсөлдөөн эхэлж, хэн нь илүү том авлигачин бэ гэдгээ "тодруулахаар" зөрчилдөөд эхэллээ. Гэхдээ энэ зөрчил МАН болон АН-ын хооронд түлхүү өрнөж байна.
Улс төрийн ерөнхий дүр зургийг харахад АН, МАН, ХҮН намууд засагт хамтарчихсан учраас орон нутгийн сонгуулийн улс төрд томчууд нь гар бие оролцохгүй. Өөрөөр хэлбэл, хотод өрнөх гол улс төрийг нийслэлийн намын хорооны дарга нар манлайллаараа аваад гарна гэсэн үг. Энэ ч агуулгаараа өнгөрсөн амралтын өдрөөс эхлээд Ардын намын нийслэлийг ахалж буй Х.Нямбаатар болон нийслэлийн Ардчилсан нам дээр хүчийг аваад буй УИХ-ын гишүүн Х.Баттулга нар хоорондоо толхилцоод эхэллээ. Бүр сүүлдээ Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь Тамгын газрыг нь ахалж байсан З.Энхболд шөнө дөлөөр Х.Нямбаатарын тавиулсан бродюрыг эвдчихээд, зургийг нь дараад зугтсан гэх айхтар гэмт үйлдлийн талаар Хотын дарга мэдээлэв.
З.Энхболдоос өмнө бродюр солих ажил нь шүүмжлэлд өртөхөд Хотын дарга Х.Нямбаатар бас л "Женко" гэх Х.Баттулгын тал руу асуудлыг чиглүүлж, ажлыг нь харлууллаа гэж мэдэгдээд байсан юм. Тэр ч бүү хэл өдөр бүр Х.Баттулгын 17 чингэлэг спиртээс эхлэлтэй авлига хулгайн асуудлуудыг олон нийтийн өмнө гаргаж тавина гэж айлгах, зарлах хоёрын дундуурх мэдэгдлийг хийсэн.
Тэгвэл Х.Нямбаатар Хотын дарга яагаад асуудлыг Х.Баттулга гишүүн рүү чиглүүлж буй цаад шалтгаан бол өнөөдрийн бидний хамгийн гол анхаарах ёстой улс төрийн ньюнс юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн өмнө Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ бүтэн кампанит ажил өрнүүлж Ц.Элбэгдоржийн эсрэг тэмцсэн. Зоригийн хэрэг, Эрдэнэтийн асуудал, П.Цагаан руу илгээсэн 13 сая ам.долларын чат гээд өргөн фронтоор дайрч байж сонгуульд орсон. Эцсийн дүнд нь иргэд улс төрийн намуудын гол өрсөлдөөн, бодлогын мэтгэлцээнд биш системийн хамгийн том авлигачаар тодорсон Ц.Элбэгдоржийг үзэн ядсаар байгаад санал өгөх байр руу орцгоосон.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнийг Х.Нямбаатараар, Ц.Элбэгдоржийг Х.Баттулгаар сольж найруулсан улс төрийн драмын онц сонирхолтой экшн хэсгүүдийг үзэхээр болж байх шиг байна. Ингэх хэд хэдэн шалтаг МАН-д бий.
НЭГ, Х.Нямбаатарын баг тойргууддаа ялагдвал Л.Оюун-Эрдэнэ энэ хоёрын улс төр товчхондоо жолоодлогогүй болно. Гэхдээ АН-ын нэр дэвшүүлэлтийг харахад тийм зүйл болохгүй шинжтэй.
ХОЁР, МоАХ-ын дэмжлэгтэй нийслэлийн намаа авсан гэдгээ ил тод зарладаг Т.Батцогтыг улс төрийн хүрээнд Х.Баттулгын тал гэдгийг бүгд мэднэ. Саяын нэр дэвшүүлэлт дээр ч гэсэн Х.Баттулгын эргэн тойрныхон 45 нэр дэвшигчийн бараг талыг нь бүрдүүлж буйг би ч харсан. Та ч харсан. Тиймээс цөм болсон Х.Баттулга ба түүний нөхдийг "бай" болгох нь Х.Нямбаатар тэргүүтэй Ардын намд ашигтай.
ГУРАВ, Олон нийт угаасаа тэмцэл, зөрчилд дуртай. Ялангуяа У.Хүрэлсүхээс хойш юу ярьж байгаад нь биш. Яаж ярьж байгаад нь анхаардаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс Х.Баттулгыг яг шоронд хийж, шонд өлгөхийн өмнөх анги дээр орон нутгийн сонгууль дуусаж, сүүлийн анги нь бүхэлдээ устгагдана. Хэн ч санахгүй, хэн ч нэхэхгүй. Өмнө нь ч ийм байсан. Одоо ч энэ үргэлжилнэ. Ингээд бүтэн сар тавилттай жүжиг үзэж хий дэмий хөөсөрсөн сонгогчдод өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатарт МАН засаглахдаа юу хийсэн талаар бодох эрүүл ухаан бараг үлдэхгүй. "Ногоон автобус", Нүүрсний хулгай тэргүүтэй ямар хэмжээний авлига биднийг хөмөрсөн бэ. Газрын наймаа, авлига хороолол, үеэр усны асуудал, автозамын түгжрэл, хүнд суртал гээд туулж яваа бүх зовлонгоо бүгдийг нь Х.Баттулгыг үзэн ядалтаар сольж орхино. Яг л сая болсон УИХ-ын сонгууль шиг.
ДӨРӨВ, Товчхондоо улс төрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар бүрэлдэх нь тодорхой байсан. Бүр тодруулбал, ҮХНӨ парламентын босго давах тэр цаг үед л хамтарсан Засгийн газрын ерөнхий тов саарал ордонд онолын хувьд биежсэн. Үүнийг баталгаажуулж 2023 оны намар УИХ-д суудалтай намын дарга нар "Дэгийн хуулийн ажлын хэсэг" гэх нэрийдлээр хамтарсан Засгийн газрын анхны "хээрийн сургуулилалтыг" Германд хийсэн. Тиймээс нэгэнт улс төрийн үйл явц, социологийн судалгаа энэ чиглэл рүү явсан тул Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намын одоогийн удирдлагуудтай шууд тулаанд орохоос зайлсхийж, карьер нь дууссан Ц.Элбэгдоржийг сонгосон юм. Ц.Элбэгдоржийг харлуулбал ардчилал, Ардчилсан нам бүхэлдээ муухай харагдсан. Энэ төлөвлөгөө ч биелэлээ олж нийгмийн сэтгэл зүйг өөрсдийн зүг рүү эргүүлсэн.
Тэгвэл удаад Ардын намынхан орон нутгийн сонгуулиар нийслэлд ялахын тулд муу талын баатарын дүрээ Х.Баттулгаар сольж байна. Х.Баттулга муухай харагдвал АН-ын НИТХ-ын нэр дэвшигчид, Ардчилсан бүхэлдээ муухай харагдана. Үнэхээр л энэ хүнд төмөр зам, нүүрс, спирт, өмч хувьчлал гээд авлига, албан тушаалын хэргүүд байсан юм бол өнөөдрийг хүртэл Ардын намын шударга ёсны тэмцэл хаагуур нь зөрчихсөн юм бол. Х.Нямбаатар аль хоёр жилийн өмнө л Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Х.Баттулгаас 80 их наядыг нэхэмжлээд сууж байсан. Өнөөдрийг хүртэл 80 их наяд байтугай 80 төгрөг ч гаргуулж аваагүй. Гурван жилийн өмнө л Х.Баттулга ордны зүүн жигүүрт шүүгчдийг дуудаад ял захиаллаа гэж мэдэгдсэн. Бас л юу ч шийдэгдээгүй, юуг нь ч илрүүлээгүй. Өнөөх Х.Баттулга нь шалгагдах нь байтугай бүрэн эрх, халдашгүй байдал өвөртлөөд саарал ордонд орж ирээд МАН-тай мөр зэрэгцэж суугаад гурван сарыг барлаа. Дэвшихэд нь ч, орж ирэхэд нь ч Х.Нямбаатар нарын Ардын намынхан "А байтугай Б" ч гэж дуугараагүй.
Дахиад хэлье. Ц.Элбэгдорж УИХ-ын сонгуульд Ардын намд хэрэг болсон бол орон нутгийн сонгуульд Х.Баттулгын "хонины ээлж" таарлаа.
Үзэгч бэлэн, тайз бэлэн. Сонгууль хүртэл үзэх ч юм алга...
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!