Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан, С.Баяр, Лу.Гантөмөр, С.Баярцогт, Т.Доржханд тэргүүтэй “томчууд“ 2024 оны сонгуулийн “тоглоомын дүрэм“-ээ ГЕРМАНД тохирох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 17 секунд
Гэрэл зургийг UBN.MN

Сонгууль нэгэнт хаяанд иржээ. Эхлэл болгож Ерөнхий сайд, МАН-ын дарга 21 аймгаар нэг сарын дотор тойрлоо. АН-ынхан бүсийн чуулгануудыг зохион байгууллаа. ХҮН намынхан сумдад анхаарал хандуулж баахан ажиллав. Одоо орон нутгийн шинжтэй улс төр дуусаж, ордны улс төр эхлэх цаг болжээ. Ирэх долоо хоногт намрын чуулган үүдээ нээнэ. Нүүрсний сонсголоос эхлээд сенсацууд хөврөхөөс гадна намрын чуулган том агуулгаараа 2024 оны сонгуулийн бүх бэлтгэлээ базааж дуусах учиртай.

Тэгвэл намрын чуулганаас урьтаж нэгэн сонирхолтой ажлын хэсэг ХБНГУ-ыг зорьсон талаар эх сурвалж мэдээллээ.

Одоохондоо уг ажлын хэсгийг сүрхий чимээгүй, нам гүм байлгахыг хүсч буй бололтой. Бүрэлдэхүүнийг сонсоход л ямар хэмжээний улс төр яригдаж, хэр том хэмжээтэй улс төрийн “ноорог зураг” гарах нь ойлгомжтой. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, ХҮН намын дарга Т.Доржханд, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй улстөрчид Германыг зорьжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн Англи руу ганцаараа түрүүлж хөдөлсөн бөгөөд бусад төлөөлөгчидтэйгөө Германд нэгдэх аж. Тэд 10 дугаар сарын 01-ний өдөр хавьцаа Монголдоо буцаж ирэхээр төлөвлөж, багагүй хугацааг Германд өнгөрүүлэх аж.

Тэд өнгөн талдаа “УИХ-ын дэгийн тухай хуулийг судлах ажлын хэсэг” хэмээх даруухан нэршилтэй. Мэдээж манайтай адил холимог системээр олон жил явчихсан, Засгийн газраа хамтарч байгуулаад сурчихсан Германаас дэгийн тухай хуулийн алдаа, оноог судлалгүй л яахав. Гэхдээ тэд ганцхан дэгийн хуулийн хойноос хөөцөлдөж, Герман руу яваагүй нь хэн ч харсан ойлгомжтой. Ажлын хэсгийн бүтцийг харахад л ирэх жилийн сонгуулийн талаар шийдвэр гаргах түвшний намууд, тэр дундаа дан удирдах түвшний томчууд бүгд явсан байгаа юм.

Тэгвэл Германд юу яригдах магадлалтай вэ. Мэдээж эхний ээлжид дэгийн хуультай холбоотой ганц нэг хурал, цуглаанд оролцох байх. Хамгийн гол яриа нь ирэх 2024 оны сонгуультай холбоотой улс төрийн яриа байх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн ерөнхий “найруулга” дээр УИХ-д суудалтай намуудын тохироо явах нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн тойргийн асуудлыг тохирох байх. УИХ-ын сонгуулийн тойргийг жижиг мажоритар байх уу, том мажоритар байх уу гэдэг дээр улс төрийн шийдэлд хүрч, УИХ-ын тогтоол дээр санал нэгдэнэ. МАН болон ХҮН намын хувьд том тойрогт өрсөлдөх нь илүү давуу талтай гэж үзэж буй. Мөн үүнээс гадна сонгууль явуулах цаг хугацаа дээр зөвшилцөлд хүрнэ гэдэг таамагтай байна.

Эдгээрээс гадна өөр нэг ярих учиртай том сэдэв бол нэр дэвшүүлэлт. Залуучуудын эзлэх хувь, хэн нь аль тойрогт хэнийг, ямар рейтингтэй хүнийг явуулах, эмэгтэйчүүдийг аль тойргууд руу илүү явуулах гээд тойрогт кандидат нэр дэвшүүлэх ерөнхий аргачлалаа бүдүүн тойм байдлаар ярилцах учиртай. Товчхондоо, ядаж л ерөнхий тойм байдлаар нэр дэвшилтийн “зургаа зурна” гэсэн үг.

Эдгээрээс гадна яригдаж магадгүй маш чухал өөр нэг сэдэв бол сонгуулийн дараа намууд хэрхэн хамтрах талаарх асуудал юм. ҮХНӨ-ийн хүрээнд сонгуульд аль ч нам олонх болохгүй байх магадлалтай холимог тогтолцоог бид сонгож хуульчилсан. Нөгөө талаас МАН-ын хувьд угсруулаад гурав дахь удаагаа Засгийн газар толгойлох сонирхол тун бага. Магадгүй ялалт байгуулсан ч АН, ХҮН намын аль нэгийг эсвэл хоёуланг нь засагтаа багтааж магадгүй ерөнхий дүр зураг ажиглагдаж байгаа. Тиймээс сонгуулийн дүнгээс хамаарсан болон хамаараагүй аль ч нөхцөлд засагт хэрхэн хамтрах вэ гэх асуудал бол зайлшгүй яригдах ёстой зүйлсийн нэг. Ялангуяа хамтарч стандарт болон стандарт бус Засгийн газар байгуулахдаа мэргэшсэн гэж гэж хэлж болох С.Баяр, С.Баярцогт нар уг бүрэлдэхүүнд байгаа нь ихээхэн сонирхол татаж байна. Тэд бол аль ч намтайгаа ойлголцож чаддаг гол “найруулагчид”. Тэд байгаа цагт “Хэрвээ хамтарвал яах вэ” гэдэг өнцгийг зүгээр орхино гэж бараг л үгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл АН, МАН хамтрах талаар саяхан орон нутгаар тойрч байхдаа Дарханд үг унагаад амжсан. Тэрбээр “Хоёр намын уул уурхайн эздийн хамтралыг л МАНАН гэж нэрлээд байгаа юм. Түүнээс биш хоёрыг намыг МАНАН гэдэггүй юм шүү. Хоёр нам хамтарч болно. Цаашдаа ч зөндөө ундаа хамтрах байх” гэх үгийг унагасан. Ерөнхий сайд ам халсандаа үг алдав уу, 2024 оны өмнөх ерөнхий мессежээ одооноос хэлээд явж байгаа юу гэдгийг мэдэхгүй. Ямартаа ч намуудыг ашиглах сонирхолтой бүлэглэл бус хоёр нам бодлогын түвшинд хамтарч ажиллахыг дэмжинэ гэдгээ зарлачихсан гэж ойлгогдохоор байгаа юм.

Тиймээс энэ өдрүүдэд Германд ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн ирэх сонгуулийн “хар зургаа” том, жижиг тойрогтой нь, нэр дэвшигчидтэй нь, бүр цаашлаад сонгуулийн дараа ямар нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллахаа хүртэл тооцож зурах бололтой. Ийм хэмжээний том улс төрийн баг зөвхөн дэгийн хуулийн төлөө Германыг зорьсон гэвэл үнэнд нэг их ойртохгүй л байна.

Г.Лхагвадорж

Ц.Уянга: Миний эсэргүүцэж орж ирсэн хоёр хүнийг гаргаж ирэх хөшүүрэг нь би болж байна. Дүр эсгэсэн өрсөлдөөнд дуустал нь явахыг хүссэнгүй
Ц.Уянга: Миний эсэргүүцэж орж ирсэн хоёр хүнийг гаргаж ирэх хөшүүрэг нь би болж байна. Дүр эсгэсэн өрсөлдөөнд дуустал нь явахыг хүссэнгүй
 
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
ШУУД: Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.