Нийслэлийн Онцгой комиссын V хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм
Мөн өнөөдрийн хурлаар нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг шуурхай зохион байгуулж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо.
Энэ үеэр НОК-ийн дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах чиг үүрэг бүхий НОК-ийн шуурхай штаб байгуулж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах
- Үерийн ус буудаг жалга сайр, гол горхины урсац хаасан, голдирол өөрчилж барилга барьсан зөрчлийг яаралтай арилгуулах
- Сэлбэ, Дунд голын лаг хагшаас цэвэрлэж, усны урсцыг сайжруулах
- Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүн шилжүүлэх зэрэг үүрэг өгсөн юм.