Нийслэлийн Онцгой комиссын V хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний нөхцөл байдлын танилцуулга мэдээллийг өгөв.
Танилцуулгад, Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 4007, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссаныг дурджээ.
Өнөөдрийн байдлаар ХУД-ийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна. Мөн БГД-ийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна.. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ.