ХЗБХ: Хамтын бүтээл туурвисан зохиолчдын бүтээлийг ашиглах өв залгамжлалтай холбоотой заалтыг түдгэлзүүлэх ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 39 секунд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /20206.09.09/ хуралдаан 14 цаг 53 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нээж, дэгийн дагуу ирцийг танилцуулснаар хуралдав. Ирц 53.6 хувьтай буюу Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, О.Алтангэрэл, Ц.Сандаг-Очир, С.Одонтуяа, Э.Батшугар, С.Цэнгүүн, О.Номинчимэг, Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар, Дам.Цогтбаатар, У.Отгонбаяр, М.Нарантуяа-Нара, П.Ганзориг, Дав.Цогтбаатар нар хүрэлцэн ирж, оролцлоо.

Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. (Дүгнэлтийг эндээс)

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн гэв.

Тус хуралдаанаас Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь … өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч … мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “… хөрөнгө шударгаар олж авах, … өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …”, мөн зүйлийн 8 дахь заалтын “… үр шимийг нь хүртэх эрхтэй. …” гэсэнд нийцээгүй байх тул түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, 05 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Уг дүгнэлттэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84.2.2-т заасны дагуу санал хураалт явуулж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжих эсэхийг шийдвэрлэхэд гишүүдийн олонх дэмжив. Энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Түүнчлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслүүдийг нэг дэх хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Хууль зүйн байнгын хороонд хамаарах асуудал эрхэлдэг төрийн байгууллагуудын төсвийн асуудлыг нэг бүрчлэн хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, О.Алтангэрэл нар тодруулж, байр суурь илэрхийллээ. Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр холбогдох байгууллагуудын удирдлагууд өөрсдөө ирэхгүй, ажилтнаа явуулж буйг Дав.Цогтбаатар шүүмжилж, Байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, тэдгээр төлөөллийг байлцуулан хуралдуулах горимын санал гаргав. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй тул хуралдааныг үргэлжлүүллээ. Гишүүд төсвийн сахилга бат, хариуцлагын асуудлыг хөндөж байлаа. Шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх, зарим байгууллагын төсвийн гүйцэтгэлийн талаар асууж, үр дүнг онцолсон.

Ө.Шижир: “Эрдэнэс Монгол“-ын зардал МАН-аас томилогдон очиж буй захирлуудын тансаглалд зарцуулагдаж байна
Ө.Шижир: “Эрдэнэс Монгол“-ын зардал МАН-аас томилогдон очиж буй захирлуудын тансаглалд зарцуулагдаж байна
 
Нийслэл болон орон нутагт “Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ
Нийслэл болон орон нутагт “Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!