Олон нийтийн дунд төдийгүй улс төрийн хүрээнд "хэрүүлийн алим" дэгдээсээр ирсэн сэдвийн дээгүүрт ТӨК-иуд болон тэнд өрнөж буй "хулгай"-н асуудал бичигддэг. Зарим нөхцөлд хөшигний цаадах улс төрөөр ТӨК-ийн аль нэг даргын суудалд "виз" даруулдаг асуудал ч бий. Мэдээж ашигтай ажиллаж төрд нэмэр болж буй ТӨК-иуд бий. Гэхдээ түүнээс давсан зарлагатай, өр төлбөр нь дийлдэхээ больсон нь ч бий. Тэгвэл бид энэ удаа төрийн өмчит ААН-үүдийн нөхцөл байдал болоод ирэх онд ЗГ энэ чиглэлд ямар бодлого барих гэж байгаа талаар хүргэж байна.
-91 ТӨРИЙН ӨМЧИТ ААН БҮРТГЭЛТЭЙ БАЙНА-
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны статистик мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсад 12 салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт 91 ТӨААН бүртгэлтэй байна. Үүнд “Эрдэнэс Монгол Нэгдэл” буюу одоогийн “Чингис Хаан баялгийн сан нэгдэл”-ийн дор үйл ажиллагаа эрхэлж буй 25 охин компани ч багтаж буй.
Эдгээр ААН-үүдийг санхүүгийн ангиллаар нь авч үзвэл:
- Ашгийн /Зах зээлд бараа, үйлчилгээ борлуулах/- 39
- Ашгийн бус /Нийтийн хэрэгцээ болон бодлогын үйлчилгээ/ - 46
- Санхүүгийн /Банк, даатгал, санхүүгийн үйлчилгээ/ - 6 ТӨААН байна
-НИЙТ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ 4.5 ХУВЬ НЬ ТӨРИЙН ӨМЧИТ ААН-ҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА-
Дээрх 91 төрийн өмчит ААН-д 60,723 хүн ажиллаж байна. Ингэхдээ эдгээр ТӨААН-ийн нийт хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 67 хувьтай тэнцэж буй юм. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт ажиллах хүчний 4.5 хувь буюу 60.7 мянга нь төрийн өмчит ААН-үүдэд ажиллаж байна.

Харин дээрх графикт тус 60 мянган ажилчдын ажиллаж буй төрийн өмчит ААН-үүдийн санхүүгийн хэлбэрийг харууллаа.
-ТӨК-ИУДЫН ЗАРЛАГА 7 ЖИЛИЙН ХУГАЦААНД 73 ХУВИАР ӨСЖЭЭ-
Төрийн өмчит ААН-үүдийн төсвийн асуудал хамгийн хурцаар хөндөгддөг. Учир нь тус ТӨК-иудын санхүүгийн ил тод байдал дутмаг буюу санхүүгийн тайланг УИХ-д танилцуулахгүй явж ирсэн. Тэгвэл 2019 онд 7.5 их наяд байсан ТӨК-иудын зарлага 2025 онд 22.5 их наяд болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагатай зэрэгцэн өсөж ирсэн ТӨК-иудын зарлага 7 жилийн хугацаанд 73.6 хувиар өсжээ.
Тэгвэл зарлагыг жил бүрээр авч үзвэл:

-60 ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨТЭЙ ТӨРИЙН ӨМЧИТ ААН-ҮҮД 24.5 ИХ НАЯДЫН ӨР ТӨЛБӨРТЭЙ-
Үргэлжлүүлэн төрийн өмчит ААН-үүдийн хөрөнгө болон эдийн засгийн зарим үзүүлэлтийг харъя.
2025 оны нэгтгэсэн дүнгээс харахад, бүртгэлтэй 91 төрийн өмчит ААН-ийн нийт хөрөнгө 60 их наядаар үнэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний хөрөнгө төрийн өмчит дээр байна гэсэн үг юм.
Харин санхүүгийн голлох үзүүлэлтийг илтгэх өр төлбөрийн асуудал нэлээдгүй анхаарал татахаар байна. Тодруулбал, 91 төрийн өмчит ААН нийт дүнгээр 24.5 их наядын өр төлбөртэй байгаа нь ДНБ-ий 27 хувьтай тэнцэж буй үзүүлэлт юм.
-2025 ОНД ТӨААН-үүд ӨМНӨХ ОНООС 10 ХУВИАР БУУРСАН БУЮУ 5.5 ИХ НАЯДЫН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ-
Тэгвэл эдгээр ТӨААН-үүд хэр ашигтай ажиллав нөгөө талдаа улсын төсөвт хэр хэмжээний татварын орлого төвлөрүүлэв гэдгийг хараад үзье.
Улсын төсөвт 2025 онд ТӨААН-үүд 5.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн нь өмнөх оноос 10 хувиар буурсан үзүүлэлт аж. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2024 онд 2.3 их наядыг төвлөрүүлж байсан бол 2025 онд 1.6 их наядыг төсөвт төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оноосоо 31 хувиар бага ААНОАТ-ын орлого төвлөрүүлсэн гэсэн үг юм. Түүнчлэн 2024 онд 2.2 их наядын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төвлөрүүлж байсан ч 2025 онд 2 их наяд буюу 9 хувиар буурсан үзүүлэлтээр орлого төвлөрүүлжээ. Мөн ТӨААН-үүд 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оноос 69 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
-ТӨРИЙН ӨМЧИТ 17 ААН-ИЙН 9 НЬ ДУНДААС ДЭЭГҮҮР, 1 ААН НЬ САНХҮҮГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ҮНЭЛЭГДЖЭЭ-
Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд SOE-HCT загварын хүрээнд 2025 онд эрчим хүч, уул уурхай, тээвэр, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 17 ТӨААН-ийн санхүүгийн эрсдэлийг үнэлсэн үнэлгээг байршуулжээ. Ингэхдээ
- Эрчим хүчний - 3
- Уул уурхай олборлолтын - 6
- Тээвэр, агуулах - 3
- Барилгын - 2
- Боловсруулах чиглэлийн - 3 ААН-ийг оролцуулсан байна.
Үнэлгээний үр дүнд 1 ТӨААН эрсдэлгүй, 2 ТӨААН бага эрсдэлтэй, 4 ТӨААН дунд эрсдэлтэй, 9 ТӨААН дундаас дээгүүр эрсдэлтэй, 1 ТӨААН өндөр эрсдэлтэй ангилалд багтаж үнэлгээнд хамрагдсан ТӨААН-үүдийн 60 орчим хувь нь дундаас дээгүүр болон өндөр эрсдэлтэй түвшинд байна гэж үнэлэгджээ. Эдгээрийн дэлгэрэнгүйгээр харвал:
|
ТӨААН хуулийн этгээд |
Өөрчлөлт |
|
Эрдэнэс Тавантолгой |
Тогтвортой |
|
Таван толгой түлш |
Тогтвортой |
|
Монголын төмөр зам |
Муудсан |
|
Газрын тос боловсруулах үйлдвэр |
Муудсан |
|
Эрдэнэт үйлдвэр |
Сайжирсан |
|
МИАТ |
Муудсан |
|
Улаанбаатар төмөр зам |
Тогтвортой |
|
Төрийн орон сууцны корпорац |
Сайжирсан |
|
IV цахилгаан станц |
Муудсан |
|
Эрдэнэт критикал минералс |
Муудсан |
|
Багануур |
Тогтвортой |
|
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ |
Тогтвортой |
|
Диспетчерийн үндэсний төв |
Тогтвортой |
|
Шивээ Овоо |
Тогтвортой |
|
Дарханы төмөрлөгийн үйлдвэр |
- |
|
Эрдэнэс Оюу толгой |
- |
|
Гашуун Сухайт автозам |
- |
-Б.ЭНХБАЯР: ЗГ 3 САРЫН ДОТОР ТӨК-ИУДЫН ҮНЭТЭЙ ОФФИСЫН "ТАНСАГЛАЛ"-ААС 13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭЭД БАЙНА-

Тэгвэл Засгийн газар асуудал дагуулж буй төрийн өмчит компаниудаа цэгцлэх чиглэлд одоогийн түвшинд болоод цаашид хэрхэн ажиллах вэ гэдэг асуулт урган гарна. Харин энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлэхдээ "Төрийн өмчит компанийн засаглалын ил тод байдлын тухай хууль долоодугаар сарын 2-нд батлагдсан. Хууль батлагдсанаас хойш ЗГ 14 компанийг татан буулгаад байна. Ингэснээр 67.3 тэрбум төгрөгийг хэмнээд байна.
Төрийн өмчит компаниудаас гадна 66 улсын үйлдвэрийн газар байсныг 30 хувь цомхтгох шийдвэр гараад байна. ЗГ долоодугаар сард ТӨК-иудыг шинээр оффис худалдан авах, түрээслэх асуудлыг зогсоох шийдвэр гаргасан. Улмаар төрийн ордон тойрсон өндөр шилэн барилгуудад өндөр түрээстэй байгаа ТӨК-иудын түрээсийн гэрээг цуцалж, 6 тэрбум төгрөг хэмнээд байна. Өөрөөр хэлбэл, гурван сарын дотор ТӨК-иудын "тансаглал"-аас 13 тэрбум төгрөг хэмнээд байна" гэх мэдээллийг өгсөн.
-ЗГ: ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ТӨК-ИУДАД ХАМААРАХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

Тэгвэл цаашид хэрхэх вэ. Ямар бодлого барих вэ
ЗГ ТӨААН-үүдийн засаглал, үр ашиг, санхүүгийн сахилга батыг сайжруулах чиглэлд 2026-2028 онд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа 2027 оны төсвийн төсөлд дурджээ. Үүнд:
Нэгдүгээрт, стратегийн болон нийтийн үйлчилгээний чиг үүргийг төрд хадгалах боловч арилжааны үйл ажиллагааг ил тод, өрсөлдөөнт зарчмаар явуулж, боломжтой ТӨААН-ийн хувьцааг хөрөнгийн биржээр үе шаттай олон нийтэд санал болгоно.
Хоёрдугаарт, төр зайлшгүй эрхлэх шаардлагагүй, хувийн хэвшил өрсөлдөөнтэйгөөр гүйцэтгэх боломжтой үйл ажиллагааг үе шаттайгаар хувьчлахын зэрэгцээ чиг үүрэг давхардсан, үр ашиггүй хуулийн этгээдийг нэгтгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах замаар төрийн өмчийн бүтцийг оновчтой болгоно
Гуравдугаарт, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяанд үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтын санг төрийн 100 хувийн эзэмшлийн компани хэлбэрээр шинээр байгуулах ба уг хөрөнгийн багцыг төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгээр бүрдүүлнэ. Ингэснээр ТӨААН-үүдийн хувьцааг дангаар нь хувьчлах бус, төрийн эзэмшлийн хувьцааны 20 хүртэл хувийг нэгтгэн санд төвлөрүүлэх аж.
Дөрөвдүгээрт, төрийн өмчийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт, үндсэн үйл ажиллагааны бус зардлыг хязгаарлах зорилгоор татварын хөнгөлөлтийг төрийн өмчит хуулийн этгээдэд хамаарахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр үндсэн үйл ажиллагаатай холбоогүй, үр ашиг багатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын хэмжээг бууруулж төрийн өмчит компанийн санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлж, улмаар төсөвт төвлөрүүлэх татварын орлого болон ногдол ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!