PISA 2025: Сургуульдаа аюулгүй, тайван орчинд суралцдаг хүүхдүүдийн амьдралын сэтгэл ханамж харьцангуй өндөр байх хандлагатай байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 33 секунд

Хүүхэд сургуульд хэдэн жил суралцсан нь бус, сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэр ашиглаж чаддаг нь боловсролын чанарыг илүү тодорхой харуулна. Уншсан зүйлээ ойлгож байна уу, тооцоолол хийж чадаж байна уу, байгалийн үзэгдлийг тайлбарлаж, өөрт тулгарсан асуудлыг шийдэх арга олж чадаж байна уу гэдэг асуулт эндээс гарч ирнэ.

Эдгээр чадварыг улс орнуудын хэмжээнд харьцуулан үнэлдэг олон улсын нэг том судалгаа бол PISA. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу OECD-оос 1997 оноос хойш гурван жил тутам зохион байгуулж буй энэ үнэлгээнд 15 настай суралцагчдыг хамруулдаг. Гэхдээ PISA нь хүүхэд хичээлээ хэр их цээжилснийг шалгадаг энгийн шалгалт биш. Харин сургуульд олж авсан мэдлэгээ шинэ нөхцөлд ашиглаж, мэдээллийг ойлгож, дүгнэж, асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хэрэглэж байгааг нь үнэлдгээрээ онцлогтой.

2025 оны PISA-д дэлхийн 91 улс, эдийн засгийн бүсийн 760 мянга гаруй суралцагч оролцжээ. Монгол Улс энэ үнэлгээнд хоёр дахь удаагаа хамрагдаж, 191 сургуулийн 7,146 суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлүүлсэн байна.

Энэ удаагийн судалгааны үндсэн чиглэл нь байгалийн ухаан байсан бол математик, уншиж ойлгох чадварыг мөн хамруулжээ. Үүнээс гадна технологи ашиглан асуудал шийдвэрлэх болон цахим орчинд суралцах чадварыг судалсан байна.

Монголын хувьд хамгийн түрүүнд анхаарал татах зүйл нь байгалийн ухааны үзүүлэлтийн ахиц. 2022 онд 412 оноо авч байсан бол энэ удаа 424 оноо авч, 12 оноогоор нэмэгджээ. PISA-ийн хоёрдугаар түвшнийг суурь түвшин гэж үздэг бөгөөд Монголын суралцагчдын 56.9 хувь нь энэ түвшинд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, таван хүүхэд тутмын гурав орчим нь байгалийн ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшсэн гэсэн үг.

Энэ үзүүлэлт өмнөх үнэлгээтэй харьцуулахад бас нэг өөрчлөлт гарсныг харуулж байна. Суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь 2022 онтой харьцуулахад 10 нэгжээр буурчээ.

Гэхдээ байгалийн ухааны энэ ахицыг бусад үзүүлэлтээс нь салгаж харах боломжгүй. Монголын суралцагчид математикаар 419 оноо авч 91 орноос 49 дүгээрт, байгалийн ухаанаар 424 оноотой 56 дугаарт, уншиж ойлгох чадвараар 374 оноотой 69 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадварын нэмэлт үнэлгээгээр 51 дүгээр байрт оржээ.

-Монгол Улс зарим үзүүлэлтээр олон улсын хэмжээнд харьцангуй өндөр түвшинд хүрсэн-

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын хэлж буйгаар, Монгол Улс зарим үзүүлэлтээр олон улсын хэмжээнд харьцангуй өндөр түвшинд хүрсэн байна. Тухайлбал, PISA-2025-ын зарим үзүүлэлт Хятад, Хонконг, Макао, Тайванийн түвшинтэй ойролцоо гарчээ. Гэхдээ энэ нь ахиц гаргах шаардлагагүй гэсэн үг биш. Математикийн хувьд 2022 оны түвшнээ хадгалсан бол уншиж ойлгох чадварт илүү анхаарах хэрэгтэйг тэр онцолж байна.

Унших чадварын тухайд Монголын үзүүлэлт өмнөх түвшнээ хадгалсан. PISA-д оролцсон 71 улсын бараг дөрөвний гуравт нь энэ үзүүлэлт буурсан байна. Монголын хувьд буураагүй нь эерэг үзүүлэлт боловч уншиж ойлгох чадвар 69 дүгээр байрт байгаа нь цаашид ахиулах шаардлагатайг харуулна.

Учир нь хүүхэд мэдээллийг уншаад ойлгохгүй бол зөвхөн монгол хэлний хичээл дээр асуудал үүсэхгүй. Математикийн бодлогын өгүүлбэрийг ойлгох, байгалийн ухааны мэдээллийг тайлбарлах, цахим орчноос авсан мэдээллээ ялгаж салгах зэрэг олон чадвар үүнтэй холбоотой. Тиймээс унших чадварыг сайжруулах асуудал нэг хичээлээр хязгаарлагдахгүй.

Харин PISA-ийн дүнгээс харахад, хүүхдийн сурлагын амжилтыг зөвхөн хичээлээр тайлбарлах боломжгүй байна. Сургуульдаа өөрийгөө хэр аюулгүй мэдэрдэг, багштайгаа хэр ойлголцдог, гэр бүлийнхэн нь хэр дэмждэг зэрэг өдөр тутмын орчин нь суралцах байдалтай нь холбоотой байжээ.

Суралцагчдын сургуулийн сэтгэл ханамжийн үзүүлэлт 2022 онд 7.2 байсан бол 2025 онд 7.8 болж өссөн байна. Сургуульдаа аюулгүй, тайван орчинд суралцдаг хүүхдүүдийн амьдралын сэтгэл ханамж харьцангуй өндөр байх хандлага ч ажиглагджээ.

Энэ талаар 118 дугаар сургуулийн 11А ангийн сурагч О.Анударь өөрийн сургуулийн орчноос ярьсан юм. Түүний хэлснээр сургууль нь сурагчдын аюулгүй байдал, хамгаалалд анхаарч ажилладаг бөгөөд багш нарын заах арга барил, сурагчдын хамтын ажиллагаа, сургуулийн орчинд ч анхаардаг байна. Сурагчид хоорондоо чөлөөтэй харилцаж, хамтран ажиллах боломжтой, багш нар нь сурагчдаа ойлгож, дэмждэг гэж тэр ярьж байлаа.

Сургуулийн орчинтой холбоотой энэ үнэлгээ сонирхолтой өөр нэг үр дүнтэй холбогдоно. Суралцагчийн сониуч зан нэг нэгжээр нэмэгдэхэд байгалийн ухааны гүйцэтгэл дунджаар 11 оноогоор өсөх хамаарал ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд асууж, мэдэхийг хүсэж, өөрөө хариулт хайдаг байх нь сурлагын амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

Багшийн хандлага ч мөн адил. Нийгэм, эдийн засгийн нөхцөлийг тооцоогүй үед багшийн шинжлэх ухаанд хандах эерэг хандлага, сонирхлын үзүүлэлт нэг нэгжээр нэмэгдэхэд сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 18.4 оноогоор нэмэгдэх хамаарал гарчээ.

Үүн дээр гэр бүлийн дэмжлэг нэмэгдэнэ. Хүүхдээ бие даан суралцахад нь дэмждэг, хичээл болон сайн сайхан байдалд нь анхаардаг, хүүхэдтэйгээ ярилцдаг эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдүүдийн гүйцэтгэл харьцангуй өндөр байна.

Гэхдээ бүх хүүхэд ижил нөхцөлд суралцдаггүй. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр дээд 25 хувьд багтах суралцагчдын гүйцэтгэл доод 25 хувийн суралцагчдынхаас өндөр байна. Энэ ялгаа нь хүүхдийн сурах боломжид гэр бүлийн орчин, амьдралын нөхцөл тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг харуулж байна.

Нөгөө талд 2022 онтой харьцуулахад нийслэл болон аймгийн суралцагчдын гүйцэтгэлийн зөрүү багасжээ. Ялангуяа байгалийн ухааны үзүүлэлтээр хот, орон нутгийн ялгаа бараг арилсан байна. Гэхдээ сум, аймгийн төв, нийслэлийн хүүхдүүдийн сурах орчин, боломжийг цаашид тус тусад нь харж, хэрэгцээнд нь нийцсэн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг судалгааны дүн давхар сануулж байна.

Т.Ням-Очирын хэлснээр PISA 2025-ын үр дүнд үндэслэн 2026-2028 онд хэрэгжүүлэх ажлуудаа илүү тодорхой төлөвлөх шаардлагатай. Ингэхдээ зөвхөн улсын хэмжээнд нэг бодлого хэрэгжүүлэх бус, сургууль, суралцагч бүрийн түвшинд анхаарч, сургалтын чанар, багшийн чадавх, санхүүжилт, эцэг эхийн оролцоог зэрэг авч үзэх хэрэгтэй гэж байна. Ялангуяа орон нутаг, малчин өрхийн хүүхдүүдэд хүрэх дэмжлэгийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг тэр онцоллоо.

Энэ удаагийн PISA хүүхдийн сурах орчныг зөвхөн анги танхимаар хязгаарласангүй. Цахим орчинд суралцах, технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг мөн үнэлсэн. Монгол Улс технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвараар 91 орноос 51 дүгээрт эрэмбэлэгджээ.

Гэхдээ технологи ашиглах чадвар нэмэгдэж байгаа ч сургуулийн цахим сургалтын бэлэн байдал OECD-ийн дунджаас доогуур байна. Интернэт сүлжээ, программ хангамж, техникийн хүндрэл, цахим хэрэгслийг сургалтад ашиглахтай холбоотой зохицуулалт зэрэг нь анхаарах асуудал хэвээр байгаа аж. Харин цахим орчинд бие даан суралцах чадварын талаарх дэлгэрэнгүй тайлан 2027 онд OECD-оос гарахаар байна.

Ингээд харахад PISA 2025 Монголын боловсролын салбарт гарсан ахиц болон цаашид анхаарах асуудлыг зэрэг харуулжээ. Байгалийн ухааны гүйцэтгэл өсөж, суурь түвшинд хүрсэн хүүхдийн хувь нэмэгдсэн. Хот, орон нутгийн зарим ялгаа багассан. Математик өмнөх түвшнээ хадгалсан бол унших чадварын хувьд ахиц гаргах шаардлага хэвээр байна. Үүний зэрэгцээ хүүхдийн гэр бүлийн орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл, багшийн хандлага, сургуулийн орчин хүртэл сурлагын амжилттай холбоотой байгааг судалгааны дүн харууллаа.

Т.Ням-Очирын хэлсэнчлэн цаашдын зорилго нь энэ үр дүнг зүгээр нэг тайлагнаад өнгөрөх биш, дараагийн хэдэн жилд юуг өөрчлөхөө тодорхой болгох явдал. PISA-ийн оноо бол эцсийн дүгнэлт биш, хаана байгаагаа харуулсан нэг хэмжүүр.

Харин тэр хэмжүүрийн цаана 7,146 хүүхдийн бодит суралцах амьдрал бий. Тэдний зарим нь хичээлээ ойлгох гэж дахин дахин оролдож байгаа бол зарим нь багшаасаа асууж, найзтайгаа ярилцаж, цахим орчноос мэдээлэл хайж байна. Тэдний сурч байгаа сургууль, гэр бүлийн дэмжлэг, багшийн хандлага, өдөр бүрийн орчин өөрчлөгдөж чадвал дараагийн PISA-ийн тоо ч өөрчлөгдөнө. Эцсийн дүндээ энэ судалгааны хамгийн чухал үр дүн нь хэддүгээр байрт орсон тухай биш, хүүхэд бүрийг хэрхэн илүү сайн суралцах боломжтой болгох вэ гэдэг асуулт юм.

Э.Ариунтөгс

Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
 
Реппер Mrs.M-ийн к-поп айдол Хюнинг Кай-ыг бэлгийн чиг хандлагаар доромжилсон асуудал сөхөгдөж, “Super Concert: Special” тоглолтод оролцохгүй боллоо
Реппер Mrs.M-ийн к-поп айдол Хюнинг Кай-ыг бэлгийн чиг хандлагаар доромжилсон асуудал сөхөгдөж, “Super Concert: Special” тоглолтод оролцохгүй боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!