
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдэн орсноос хойш 30 жилийн дараа COP17 хурлыг эх орондоо зохион байгуулсан билээ. 12 өдрийн турш зохион байгуулагдсан эл хурлыг зохион байгуулах эрхийг Монгол Улсад 2022 онд өгсөн байдаг ба түүнээс хойш нийтдээ гурван Засгийн газар, дөрвөн сайдын гар дамжин энэхүү ажил ийнхүү ажил хэрэг болсон юм. Тэгвэл COP17 хурлын үр дүн болоод түүний эргэн тойронд болж өрнөсөн анхаарал татсан үйл явдлуудыг VISUAL TOIM буландаа онцолж байна
-ӨНДӨР ТҮВШНИЙ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ОРОЛЦОО ХЭР БАЙВ-

12 өдөр чуулсан энэхүү хуралд 196 улсын 110,000 гаруй зочин, төлөөлөгч зочилсон юм. Дээрх төлөөлөгчдөөс гадна ЗГ хоорондын байгууллагын 374, SPI зөвлөлийн гишүүн 21, хүндэт оролцогч 22, ажиглагч орон 2, иргэний нийгмийн байгууллагуудаас 3901 хүн оролцохоор бүртгүүлж, виз авчээ. Манай улс энэ удаа зохион байгуулагчаар оролцсоны хувьд хамгийн өндөр буюу 4613 хүн бүртгүүлжээ.
-32 ААН 12 ӨДӨРТ 132 МЯНГА ГАРУЙ ТООЦООНЫ ХУУДАС ХЭВЛЭВ-

Хэрэв та COP17-ын талбайд зочилсон бол цэнхэр болон ногоон бүсийн үйл ажиллагаатай танилцсан бизээ. Олон нийтэд нээлттэй бүс болох ногоон бүсэд дотоодын ААН, байгууллагууд оролцож, иргэдэд үйлчилгээгээ хүргэсэн. Тэгвэл СОР17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 32 аж ахуй нэгжийн 700 гаруй хүн ажилласан бөгөөд өдөрт 12 мянга гаруй тооцооны хуудас хэвлэсэн байна. Энэ нь ойролцоогоор 12 хоногт 132 мянга гаруй тооцооны хуудас хэвлэсэн гэсэн үг юм. Энэ хэрээр орж ирсэн орлого дотоодод үлдсэн гэсэн үг юм.
-ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ НОГООН БҮСИЙГ БАЙГУУЛСАН ХОЁР ДАХЬ УЛС-

СОР-ын түүхэнд тухайн улсын ард иргэдийн чөлөөтэй үзэж, сонирхох боломжийг хангах зорилгоор "Ногоон бүс"-ийг нэг удаа зохион байгуулсан удаатай. Харин Монгол Улс эх орондоо COP17 хурлыг олон нийтэд нээлттэй хуваалцаж, үзэж, сонирхох бүхий л боломжоор хангахыг хүссэн тул "Ногоон бүс" байгуулах санал, хүсэлтээ Конвенцын талд уламжилсан юм. Энэ дагуу Монгол Улс нь Конвенцын түүхэнд хоёр дахь удаагаа "Ногоон бүс" байгуулсан улс болсон юм. Тэгвэл тус ногоон болон цэнхэр бүсэд нийт 756 арга хэмжээ зохион байгуулагджээ.
-250 ТЭРБУМААР БОССОН COP17 МОНГОЛД-

Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай ч өнөөгийн санхүүжилт 77 тэрбум ам.долларын түвшинд байна. Энэ удаагийн хурлын үеэр дэлхийн хэмжээнд газрын доройтлыг тэглэх, цөлжилттэй тэмцэх чиглэлээр 16 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт, санаачилга яригдсан ба Монгол Улсын хувьд ногоон төсөл, хөтөлбөрүүдэд чиглэсэн гэрээ, хэлэлцээр, санамж бичиг болон санхүүжилтийн амлалтын нийт дүн 1.48 тэрбум гаруй ам.долларт хүрсэн юм.
-ОЛНЫ ХАЙРЫГ ТАТСАН ХОЁР-

Хурлын хоёр дахь өдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийсэн юм. Нээлтийн үеэр Хөвсгөлийн их тайгын байгаль хамгаалагч, Монгол Улсын байгаль орчны Гавьяат ажилтан Ж.Төмөрсүх илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлийнхээ үеэр "Би нэг дуран, нэг морь, нэг тэмдэглэлийн дэвтэртэйгээ 39 жил байгаль хамгаалах ажлыг хийж болоод байна. Энд ирсэн хүн бүр 10 секунд төрсөн нутгаа бод. 10 секундэд бүх амьдралын зурвас орж ирнэ" гэж хэлээд үргэлжлүүлэн байгаль эх дэлхийдээ зориулан бичсэн шүлгээ уншсан нь олны сэтгэлд хүрсэн ба тухайн илтгэлийг гадаад хэлнээ орчуулж байсан орчуулагч бүсгүйн сэтгэл хөдөлж, нулимс унагасан юм. Энэ үйл явц олны хайр хүндэтгэлийг татахын сацуу олон улсын арга хэмжээ гэдэг утгаараа шүүмжлэл дагуулах өнцөг ч байв.
-"НАНЧИЛДААНТАЙ" COP17-

Нанчилдаангүй найр байдаггүй гэдэг шиг тус хурлын үеэр жагсаал, цуглаанаас гадна дотоодын тэмцэгч иргэдтэй холбоотой асуудлууд ч үүссэн. Тухайлбал, COP17-г бэлгэдлийн хурал бус, цөлжилт, газрын доройтлыг бууруулах үр дүнтэй хэлэлцээр болоосой хэмээн Африкийн уугуул иргэд тайван жагсаал хийсэн юм. Мөн Оюутолгойн ногдол ашгаа авах, байгаль орчны сөрөг нөлөөллөө бууруулахыг шаардсан, "Рио Тинто"-г эсэргүүцсэн жагсаал ч болоод амжсан юм.
-ТАТАХ ХҮЧ "ТАТАГДАВ"-

Олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүртсэн үйл явдал дээрх хөшөөтэй холбоотой болж өрнөсөн. Тодруулбал, СОР17 чуулганы цэнхэр бүсэд байрлуулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын "Татах хүч" нэртэй бүтээл олны анхаарлыг эхний өдрөөсөө л татсан. Уг бүтээлийн утга санааг СОР17 хурлын соёл, урлагийн арга хэмжээ хариуцсан төслийн ерөнхий куратор Х.Дамдинсүрэн "Татах хүч" баримал нь Монголын урчуудын эвлэлийн 2008 оны шилдэг бүтээлээр шалгарсан. Хурмаст тэнгэр моринд дурлаж, морь тэнгэр өөд татагдаж буй орон зайг уран бүтээлч динамик хөдөлгөөнтэйгөөр дүрсэлсэн" гэсэн юм.
-7 ЖИЛИЙН ДАРАА ИРЭХДЭЭ COP17-Д УРИГДАВ-

COP17-д сонирхолтой, анхаарал татсан олон зочин байв. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэрбээр COP17 болохын өмнөхөн эх орондоо ирээд байсан бөгөөд урилгаар оролцсон аж.
-"МОНГОЛЫН СЭВЭЛЗҮҮР САЛХИНД ЭНХ ТАЙВАН ҮҮРД ОРШИХ БОЛТУГАЙ"-

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин хүрэлцэн ирж оролцсон ба эх орон руугаа буцахдаа "НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтэд оролцон, Энх тайвны ой санаачилга(PFI)-ын үндсэн илтгэлд хамтын уялдаа холбоо болон хариуцлагын талаар дурдаж байсан минь санагдаж байна. Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт очсон нь ч мөн адил сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Ойн түймэрт өртөж үрэгдсэн энэ газарт мөнх ногоон нарсан ойг нөхөн сэргээсэн нь Юүхан Кимберли компани болон Энх тайвны ой сан ТББ-ын хамт олны 23 жилийн турш урсгасан хөлс хөдөлмөрийн үр дүн юм. Дахин сэргэсэн амьд ойн салхины чимээ сэтгэл зүрхэнд минь урт удаан хадгалагдах болно.
Айлчлалын төгсгөлд хэсэг зочилсон Горхи-Тэрэлж Байгалийн цогцолборт газрын эх байгалийн сайхан болон шөнийн тэнгэрт гэрэлтэх оддыг сэтгэлдээ тээн энэ удаагийн айлчиллаа дуусгаж байна. Монгол орны найрсаг зочломтгой байдал, ой хөвчнөөс олж мэдэрсэн итгэл найдварыг сэтгэл зүрхнийхээ гүнд тээж явах болно. Монгол-Солонгосын нөхөрлөл улам гүнзгийрч, Монголын сэвэлзүүр салхинд энх тайван үүрд орших болтугай" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
-ЗОЧИД БУУДЛУУДААР ДАМЖИЖ 5.4 ТЭРБУМЫН "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ОРЖ ИРЭВ-

-COP17-ЫН ГОЛ ТҮШИГ-

COP17-ын зохион байгуулалтад чухал рольтой ажилласан хэсэг бол сайн дурынхан. Эл хуралдд 3 мянга гаруй хүн ажилласны 600 нь сайн дурынхан юм. Тэд Цэнхэр, Ногоон бүс, 40 орчим зочид буудал болон нисэх буудалд ажиллаж, төлөөлөгчид, зочдод мэдээлэл, бүртгэл, протокол, чиглүүлэг болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн билээ.
-ТОП ШҮҮМЖЛЭЛ-

-141 МЯНГАН ЖУУЛЧИНГ ТАТСАН COP17-

-COP18-

12 өдрийн турш дэлхий Монголд чуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг бодит шийдэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн шинэ боломжуудыг урагшлуулсан гэж үзэж байгаа ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэлсэн талаар ЗГ-аас мэдээлсэн байдаг. Тэгвэл дараагийн COP18 2028 онд Египет Улсад зохион байгуулагдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!