УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Төрийн хөрөнгө, баялгийг удирдаж, менежмент хийх ёстой байгууллага хэр үрэлгэн бэ гэдгийг ганцхан жишээгээр харуулъя. Чононд хонь хадгалуулна гэдэг шиг л….
“Эрдэнэс Монгол” ХХК буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болж нэрээ сольсон ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас хийсэн тайланд анхаарал татахуйц хэд хэдэн асуудлыг дурджээ.
Менежмент хийх зөвхөн энэ компанийн л удирдлагын зардал 49 тэрбум 364 сая төгрөг. Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд удирдлагын зардалд 2024 онд 400 тэрбум 749 сая, 2025 онд 451 тэрбум 34 сая төгрөг зарцуулсан бол 2026 онд 531 тэрбум 512 саяыг төсөвлөсөн. Одоо бараг үрээд дуусаа биз.
Зөвхөн “Эрдэнэс Монгол” ХХК менежмент хийдэг нэрийн дор дангаараа 2025 онд 86 тэрбум 650 сая төгрөгийн зардалтай ажилласнаас ерөнхий удирдлагын зардал нь 49 тэрбум 364 сая байгаа нь анхаарал татаж байна.
Өөрөөр хэлбэл нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна. Намаасаа томилогдож очиж байгаа Захирлуудын тансаглалд зарцуулагдаж байна.
Уг нь “Эрдэнэс Монгол”-ын үндсэн зорилго нь төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг нэгдсэн менежментээр хангаж, үр ашигтай ажиллуулах. ЗГХЭГ-ын дарга нарын удирдлаганд харьяалагдаж ирсэн.
Гэтэл 2025 оныг хүртэл харьяа 39 компаниас зөвхөн долоон компанитай менежментийн гэрээ байгуулсан байна. Гэсэн хэдий ч зөвхөн гурван компаниас менежментийн төлбөрт 55 тэрбум 835 сая төгрөг авсан байна. Өөрөөр хэлбэл, ашигтай ажиллаж буй цөөн компанитай менежментийн гэрээ байгуулж, төлбөр авч байгаа атлаа алдагдалтай, ашиггүй ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг сайжруулах, үр ашигтай ажиллуулах чиглэлд менежментийн гэрээ байгуулан ажиллаагүй байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!