
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцжээ.
Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн зэрэг чиглэлүүдээр тус бүрчлэн төлөвлөгөө гаргаж, судалгаа хийж хамтран ажиллахаар тохиролцлоо.
ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
CNPC-ийн зүгээс Монгол Улсад 9 дүгээр сард 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцов.
Үүнээс гадна дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан 9 дүгээр сард нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20,000–30,000 тонн дизель түлш, 10 дугаар сард 10,000 тонн АИ-92 автобензин, 30,000–40,000 тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-ийн талд хүргүүллээ. Тэдний зүгээс шуурхай судалж нааштай хариу өгөх талаар ажиллахаа илэрхийлэв.
Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаар бус урт хугацаанд тогтвортой хангах гэрээ, баталгаат хэмжээ, ил тод шударга, ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын логистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр CNPC болон “PetroChina International”-тай хамтран ажиллаж ойрын үед бодит гэрээ хэлцэлд хүрэхээр тохиролцов.
ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар олборлолтыг нэмэгдүүлэхээр болов.
Мөн жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэлх боломжит дээд түвшинд хүргэх техникийн болон эдийн засгийн үнэлгээг хамтран хийж, тодорхой замын зураглал боловсруулах юм.
Үүний зэрэгцээ CNPC-ийг Монгол Улсын шинэ хайгуулын талбайд хөрөнгө оруулалт хийхийг урьж, 1–2 шинэ талбайд хамтарсан урьдчилсан геологи-эдийн засгийн үнэлгээ эхлүүлэхээр тохиров.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАТАЛГААТАЙ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР 2 ТАЛ АЖИЛЛАНА

2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулах механизмыг бүрдүүлнэ.
Энэ хүрээнд АҮЭБЯ, CNPC, “Daqing Oilfield” болон Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулж, түүхий тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ, чанар, логистикийн асуудлыг нарийвчлан боловсруулна.
Мөн нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх зэрэг нүүрс-химийн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Нүүрсийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх боломжийг судална.
Уулзалтын мөрөөр АҮЭБЯ болон CNPC хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нарийвчилсан замын зураглалыг эцэслэн батлахаар тогтлоо.
Ингэснээр Монгол Улс, CNPC-ийн хамтын ажиллагааг зөвхөн шатахууны нийлүүлэлтээр хязгаарлахгүйгээр олборлолт–хайгуул–боловсруулалт–шатахууны нийлүүлэлт–нүүрс-хими гэсэн цогц хэлбэрээр урт хугацаанд өргөжүүлэх зорилт тавьж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!