“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Засгийн газраас “Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт үүрэг болголоо.

Төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд нийт 18 арга хэмжээ тусгасан бөгөөд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрх болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Одоогоор хөнгөлөлттэй эм хэрэглэж буй 873 мянган иргэний 584 мянга буюу 67 орчим хувь нь артерийн даралт, цус бүлэгнэлтийн эсрэг болон чихрийн шижингийн эм хэрэглэж байна. Эмчилгээг тогтмол үргэлжлүүлэх боломжгүйгээс өвчин хүндрэх нь иргэдийн эрүүл мэндээс гадна эрүүл мэндийн салбарын зардалд нөлөөлж байгааг онцоллоо. Иймд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, эмийн зардлын дарамтыг бууруулахад анхаарч, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үр дүнг нэмэгдүүлж, илэрсэн эрсдэл, өвчлөлийг эмчилгээ болон эмчийн хяналттай холбох тогтолцоог бэхжүүлэх юм.

Үүнээс гадна тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийг дэмжихээр төлөвлөгөөнд тусгасан байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийг нэг жилийн кампанит ажил бус, иргэдийн эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын нөөцийг үр ашигтай ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх жил болгон хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.

Унгар улсад болох жүдо бөхийн “Их дуулга“ тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцоно
Унгар улсад болох жүдо бөхийн “Их дуулга“ тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцоно
 
Зөвхөн “Чингис хаан“ ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусанд суудал захиална
Зөвхөн “Чингис хаан“ ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусанд суудал захиална
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!