
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргах шийдвэр гаргасан байна.
Ерөнхий сайд Н.Учралын мэдээлснээр, ингэснээр 108-324 орон тоог оновчилж, цалин болон бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Энэ нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийгдэж байна.
Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн өмчийн компани болон төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах, мөн заримыг нь татан буулгах жагсаалтыг баталжээ.
Нэгтгэх болон татан буулгах арга хэмжээнд нийт 25 төрийн өмчит үйлдвэрийн газар хамрагдах бөгөөд эдгээр байгууллага 2025 оны байдлаар нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажилласан байна. Урьдчилсан тооцооллоор удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэж, бүтэц, орон тоог оновчлох юм.

Мөн байр ашиглалт, тээврийн үйлчилгээ, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи зэрэг чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах зорилт тавьжээ. 2025 оны тайлангаар төрийн өмчит 65 үйлдвэрийн газар нийт 7,030 ажилтантай үйл ажиллагаа явуулсан байна.
Үүнээс 26 байгууллага үйл ажиллагааны орлогоороо зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 байгууллага улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авчээ. Цаашид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгосноор үр ашгийг нэмэгдүүлж, төсвийн ачааллыг үе шаттай бууруулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!