Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт шалгаж эхэлсэн байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Тэрбээр шүүх хуралд орохын өмнө "Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгнө. Намайг дөрвөн зүйл ангиар яллахаар прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад олон эргэлзээтэй асуудлууд үлдсэн. Төрийн нууц мэдээллийг хадгалсан гэж намайг буруутгаж байгаа. Гэхдээ би энэ хэрэгт яагаад холбогдчихоод байгаагаа ч ойлгохгүй байна. Төрийн нууц мэдээллийг хадгалсан хүн байгаа юм бол задруулсан хүн байх ёстой. Тэгвэл задруулсан гэмт хэрэгтэн нь хэн юм бэ. Хэн гэдэг хүн надад төрийн яг ямар нууцыг өгсөн юм. Би нэг сайдын нэр сонссон.
Тэр хүн нь хэн юм. Гэхдээ ямар ч тийм баримт илрээгүй байхад яагаад намайг холбоод байгааг гайхаж байна. Миний машин, гэр, ажлаас олдсон бол би хадгалсан гэж хэлэхсэн. Энэ мэтээр мэдэхийг хүссэн олон асуудлууд байна" гэв.
Түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.