УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг эцсийн хувилбарт бэлтгэсэн дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Хувьцааны ногдол ашиг олгох нь зүйтэй ч Монгол Улсын иргэн бүрийн эзэмшлийн хувьцааг урт хугацаандаа үр өгөөжтэй байлгах тохиолдолд өр төлбөрөө нэн тэргүүнд барагдуулж, бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай байлгах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал" гэх байр суурийг илэрхийллээ.
Түүнчлэн, хэлэлцэж буй энэхүү төслөөр хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэр гарахгүй, гол зохицуулалт нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг энгийн хувьцааг 1.5 сая иргэнд 1072 ширхэг энгийн хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байгааг Б.Баттөмөр гишүүн тайлбарлав.