Эрчим хүчний салбарын шинэчлэл, өвлийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ЗГ-т чиглэл өгөх УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. Манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1936 МВт-д хүрчээ. Эх үүсвэрийг төрлөөр авч үзвэл 1566 МВт буюу 82 хувийг нүүрсээр буюу дулааны цахилгаан станцууд, 8,2 хувийг салхин цахилгаан станц, 8,1 хувийг нарны цахилгаан станц, 26 МВт-ийг усан цахилгаан станц, үлдсэн 7 МВт-ийг дизель станцууд тус бүр бүрдүүлж байгаа аж.

Улсын хэмжээнд 2025 онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12,6 тэрбум кВт.ц болсон нь өмнөх оноос 8,6 хувиар, өвлийн улирлын оргил ачаалал 1803.2 МВт-д хүрч өмнөх оноос 8.9 хувиар тус тус өссөн бөгөөд нийт хэрэглээний 78.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 21.4 хувийг импортоор авчээ. Өнгөрсөн өвлийн их ачааллыг давахын тулд системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашигласан бөгөөд нөөц тоноглолгүй, аваарын горимд ажилласан нь эрчим хүчний хангамжийн найдвартай байдал өндөр эрсдэлд байгааг харуулж байна.

Ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангахаар салбарын 27 төрийн өмчит үйлдвэр, компаниуд үндсэн болон туслах тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник, зохион байгуулалтын арга хэмжээнд нийт 575,1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн боловч санхүү, хөрөнгө мөнгөний дутагдал, үнэ тарифын алдагдлаас шалтгаалж 60 хувиар бага буюу 231,5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан гэдгийг салбарын сайд хэллээ. Байнгын хорооны гишүүд эрчим хүчний салбарт эрсдэл гарсан үед даван туулах төлөвлөгөө гаргах, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчилж ажиллах, салбарт шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай зэрэг саналуудыг хэлж байв.

УИХ-ын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарын шинэчлэл, өвлийн бэлтгэл ажилд онцгой анхаарч Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэн Эдийн засгийн байнгын хороонд тогтоолын төсөл бэлтгэх үүрэг өгсөн юм.

АРА комплекст болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад 3200 иргэнийг хамруулжээ
АРА комплекст болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад 3200 иргэнийг хамруулжээ
 
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!