Фэйсбүүк цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Ш гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлэн шалгаж байна.
Шалгалтаар иргэдийн фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч, тэдний ойр дотно хүмүүст нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ, тэр кодыг явуулаач” гэх мэтээр хувийн мэдээллийг нь авч, иргэдийн цахим хаягт хууль бусаар халдсан, мөн бусдаас “мөнгө зээлэх үү” гэх зэргээр чат бичиж, “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайтуудын данс руу гэмт хэргийн замаар олсон мөнгөө шилжүүлэн, буцааж өөрийн дансанд шилжүүлж авсан нь тогтоогдсон байна.
Мөн Иргэдэд 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Сэжигтний гар утсанд иргэдийн фэйсбүүкийг хууль бусаар авахдаа ашигладаг 100 орчим Gmail хаяг болон иргэдээс хууль бусаар авсан 306 тооны фэйсбүүкийн аккуантын зургийг хадгалсан байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авч, хохирогч нарыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.